2025/02/04

НҮГЛИЙН ХОТ-ЛАС ВЕГАС

 


Нүглийн хот - Лас Вегас


Жилд 40 сая гаруй хүн нэгэн хотыг зорьдог. Энэ хотод ирсэн хүмүүсийн ихэнх нь өөрийн өдөр тутмын амьдралын хайрцагнаас түр ч болтугай гарч, хүсэл мөрөөдлөө биелүүлэн, хязгааргүй чөлөөт байдлыг мэдрэхээр зорьдог. Зарим нь аз туршиж, мөрөөдлийн баялгийг эрэлхийлдэг бол, зарим нь зүгээр л оддын шоу, гайхалтай зугаа цэнгэлийг амталж, өөрийн гэсэн адал явдлыг бүтээдэг.

Энэ бүхнийг илүү сонирхолтой болгохын тулд дэлхийд танигдсан "Вегаст болсон зүйл Вегастаа л үлддэг" гэх алдарт уриа нь олон сая хүний төсөөллийг өдөөн дуудсаар байна. Хязгааргүй боломж, амьдралын адал явдал таныг тэнд хүлээж буйг сануулж, энэ хотыг хэзээ ч мартагдашгүй дурсамжийн голомт болгодог юм.

Бүхэл бүтэн 40 сая  хүн Вегасыг зорьдог нь зүгээр ч нэг тохиолдол биш. Хүмүүсийн энэ хот руу тэмүүлэх шалтгаан нь их энгийн мөртлөө гайхамшигтай. Вегас бол зөвхөн хөгжилдөх газар биш, харин амьдралын хэв маягаас түр хугацаанд "зугтаж", чөлөөт байдлыг мэдрэх орчин юм. Энд тэд мөрөөдөлдөө автаж, хэзээ ч хийж байгаагүй зүйлсээ хийж, хязгааргүй чөлөөтэй амьдардаг.


Тэгвэл тэд яг юу хийхээр ирдэг вэ гэж асуумаар санагдаж байгаа байна уу, тэгвэл хамгийн өвөрмөц, ховор туршлагуудаас гуравханыг нь онцолвол:



1. Хурдан, хөгжилтэй хурим 💍


"Дэлхийн хуримын нийслэл" гэгддэг энэ хотод жилд 70,000-100,000 хос хуримладаг.


  • Гэрлэх лицензийг хэдхэн минутын дотор гаргуулж, хамгийн богино хугацаанд гэр бүл болох боломжийг олгодог.
  • Элвис Пресли шиг хувцасласан гэрчлэгчтэй хурим хийх, эсвэл бүр өвөрмөц ёслолоор гэрлэх зэрэг сонголттой.
  • Эсрэгээрээ, хуримын дараах "түргэн салалт"-аараа ч мөн алдартай. Жилд дунджаар 13,000-15,000 салалт бүртгэгддэг бөгөөд энэ нь ч мөн Вегасын хуримын өвөрмөц соёлын нэг хэсэг.


Лас Вегаст болсон хамгийн алдартай хуримуудаас сонирхуулвал: 


  1. Элвис Пресли ба Присцилла Бюлюе (1967): Тэдний хурим Аладдин зочид буудалд болж, 1960-аад оны Лас Вегасын гялалзсан, романтик түүхийг бэлгэдсэн хамгийн дурсамжтай хуримд тооцогддог.
  2. Бритни Спирс ба Жейсон Александр (2004): Тэд Лас Вегасын "Little White Wedding Chapel"-д хормын шийдвэрээр хуримласан. Гэвч тэдний гэрлэлт 55 цагийн дараа цуцлагдаж, хамгийн богино хугацааны алдартай хуримуудын нэг болсон.
  3. Брюс Уиллис ба Деми Мур (1987): Тэд "Golden Nugget" зочид буудалд санамсаргүй хурим хийж, Вегасын хуримын гэнэтийн, өвөрмөц шинж чанарыг харуулсан.
  4. Жон Бон Жови ба Дороти Хурли (1989): Жон Бон Жови хайрт Доротеагаа "Graceland Wedding Chapel"-д нууцаар хуримлаж, алдартай хүмүүс ч энгийн, романтик хуримд дуртайг баталсан.
  5. Анжелина Жоли ба Билли Боб Торнтон (2000): Тэд "Little Church of the West"-д энгийн, нам жим хурим хийж, олны анхаарлыг татсан.


Анжелина Жоли, Билли Боб Торнтон нар 2000 оны тавдугаар сард хуримлаж, гурван жил хамт байсан бөгөөд 2003 онд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан. Тэдний харилцаа олны анхаарлыг ихэд татаж байсан ба бие биедээ зориулсан хүзүүний зүүлтэнд цусны дээжээ хадгалж байсан зэрэг өвөрмөц үйлдлүүдээрээ алдартай байв. Гэр бүл салалтын гол шалтгаан нь ажлын хуваарь болон хувийн зөрчилдөөнийг дурдсан байдаг.


2. Атомын үүлний аялал ☢️


1950-1960-аад онд Лас Вегасын ойролцоох цөмийн туршилтын хүрээлэнгээс гарсан аварга том мөөг хэлбэрийн үүл нь тухайн үеийн хамгийн том "үзмэр" байв.

Вегасын жуулчид болон оршин суугчид томоохон атомын дэлбэрэлтүүдийг зочид буудал, казиноны дээвэр дээрээс үзэх боломжтой байв.

Хот цөмийн сэдэвт бүрэн автаж, баар, ресторанууд нь хүртэл “атомын коктейль” санал болгох, цөмийн туршилтын өглөөтэй давхцсан “үүрийн үдэшлэг” зохион байгуулах зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг байж. Невадагийн туршилтын талбай дээр 900 гаруй цөмийн туршилт явагдсаны дотор хамгийн алдартай нь 1957 онд болсон “Plumbbob ажиллагаа” байлаа. Энэхүү ажиллагаанд 24 удаагийн туршилт хийгдсэн бөгөөд нэг нь 12 килотонн хүчтэй дэлбэрэлт үүсгэж, олон үзэгчдийн анхаарлыг татаж байв.

Америкчууд юуг ч бизнес эсвэл энтертаймент болгож чаддагийг эндээс харж болж байна. 

Лас Вегасын казинод жилд 29 сая хүн тоглож, 2022 онд нийт $14.8 тэрбумын орлого бүрдүүлжээ.


  • Хотын 140 гаруй казино Bellagio, Caesars Palace, MGM Grand зэрэг дэлхийд алдартай газруудаар алдартай.
  • Нэг зочин дунджаар $500-$600 зарцуулдаг ч энд ирсэн хүн бүрт мөрийтэй тоглоом, шоу тоглолт, тансаг үйлчилгээ зэрэг олон боломж бий.


Лас Вегасын мөрийтэй тоглоомын хамгийн сонирхолтой түүхүүдийн нэг бол Грекийн цагаач Арчи Карасын тухай юм. 1992 онд Карас халаасандаа ердөө 50 доллартайгаар Лас Вегаст иржээ. Үүнээс хойш гурван жилийн хугацаанд тэрээр "The Run" гэж нэрлэгдэх түүхэн амжилтыг тогтоож, покер, блэкжэк, шоо тоглоом, биллиард зэрэгт амжилттай тоглож, 50 доллараа 40 сая болгон өсгөжээ. Гэвч аз нь эргэж, тэрээр бүх хөрөнгөө алдсан төдийгүй 2013 онд казино дээр луйвар хийсэн хэргээр Невадагийн бүх казиногоос хөөгдсөн байна​

"Вегаст болсон зүйл Вегастаа үлддэг" гэх алдарт үг бол Лас Вегасын амьдралын хэв маягийг илтгэх хамгийн төгс тодорхойлолт. Энэ хот бол хязгааргүй адал явдал, дурсамж, бас хүсэл мөрөөдлийн уулзвар юм.

 


Одоо Вегасын түүхэн хөгжлийн он дарааллаар нь ярья:



1829: Нэрийн эхлэл


Антонио Армиджо гэх мексик жуулчны баг энэ газар нутгийг "Лас Вегас" буюу "ногоон нуга" гэж нэрлэсэн. Уулын булгийн ус нь тухайн бүс нутгийг ногоон болгож, байгалийн үзэсгэлэн бүрдүүлж байв.


1855: Мормоничуудын суурьшил


Мормоничууд энэ нутагт ирж, Лас Вегасын анхны сууринг байгуулжээ. Гэвч тэдний оршин суух хугацаа удаан үргэлжлээгүй.


1864: Невада АНУ-д нэгдэх


Невада муж АНУ-ын бүрэлдэхүүнд багтсанаар Лас Вегас стратегийн чухал цэг болж, цэргийн бааз байгуулагдсан.


1905: Төмөр зам ба газар худалдаа


Лас Вегас Невадагийн төмөр замын сүлжээний нэг хэсэг болон хөгжсөн. Энэ онд тус бүсийн газар нутгийг албан ёсоор худалдаалж эхэлсэн нь хотын эдийн засаг, хүн амын өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэсэн.


1931: Мөрийтэй тоглоомыг хуульчлах


Невада муж мөрийтэй тоглоомыг хууль ёсны болгосон нь Лас Вегасын түүхэнд томоохон эргэлт болов. Үүний зэрэгцээ Гуверийн далан баригдаж, олон мянган ажилчид энэ бүсэд цуглан эдийн засгийн шинэ боломжийг бий болгожээ.


1940-өөд он: Мафийн нөлөө


Мафийн бүлэглэлүүд Лас Вегасын казиногийн салбарт нэвтэрч эхэлсэн. Бенжамин "Багси" Сигел "Flamingo" хэмээх тансаг зочид буудал-казиног нээж, Лас Вегасын тансаг зугаа цэнгэлийн эхлэлийг тавьжээ.


1950-аад он: Атомын эрин үе


Лас Вегас атомын туршилтын талбайн ойролцоо байрлаж байсан тул жуулчид атомын үүл ажиглах, шоу үзэхээр цуглардаг байв.


1960-аад он: Корпорацийн эрин үе


Корпорациуд казиногийн салбарт орж ирснээр Лас Вегас илүү мэргэжлийн үйлчилгээ, тансаг стандартаар хөгжиж эхэлсэн.


1989: Орчин үеийн Лас Вегасын эхлэл


Стив Винн "The Mirage" зочид буудлыг нээснээр Лас Вегас зугаа цэнгэлийн хотын хувьд шинэ шатанд гарч, дэлхий дахинд алдартай болжээ.


Өнөөдөр: Зугаа цэнгэлийн төв


Лас Вегас нь жил бүр 40 сая гаруй жуулчин хүлээн авч, тансаг зочид буудал, казино, шоу үзвэр, спортын арга хэмжээний төв болсон. Хот нь NFL-ийн Las Vegas Raiders болон NHL-ийн Golden Knights багуудын өлгий нутаг болжээ.

 Энэ хотын өөрчлөлт, хөгжил нь АНУ-ын эдийн засаг, соёлын түүхэнд тодорхой байр суурь эзэлдэг билээ.

Нүглийн хотын сонирхолтой баримтууд:


  • Лас Вегасын зурвас (The Strip): Лас Вегасын Стрип нь 6.8 км урт зам бөгөөд дэлхийн хамгийн том зочид буудлуудын ихэнх нь энд байрладаг.
  • Хүн ам: Хотод өдрийн цагт 2.5 сая хүн амьдардаг ч энэ тоо шөнийн цагаар 10 сая болтлоо нэмэгддэг.
  • Цахилгаан хэрэглээ: Лас Вегасын гэрлүүдийг асаахад жилд дунджаар 8 тэрбум кВт.ц цахилгаан зарцуулагддаг. Энэ Монгол Улсын нийт цахилгаан хэрэглээнээс 3 дахин их  гэсэн үг. (Монгол Улсын жилийн хэрэглээ ойролцоогоор 2.5 тэрбум кВт.ц).
  • Казино дахь цаг: Хотын казино дотор цаг байдаггүй нь хүмүүсийг тоглож, цаг хугацаагаа мартахад чиглэгдсэн стратеги юм.


Энд маш олон хамгийн гэх тодотголтой барилга бүтээн байгуулалтууд бий, тэдгээрээс зөвхөн нэгийг нь л жишээ болгон танилцуулахад: 

Лас Вегасын бөмбөрцөг (Las Vegas Sphere)

ТанилцуулгаЛас Вегасын бөмбөрцөг 2023 онд нээгдсэнээс хойш анхны жилдээ 497.2 сая ам.долларын орлого олсон байна. Энэхүү орлогыг ихэвчлэн шоу, тоглолт, спортын арга хэмжээнээс, мөн гаднах LED дэлгэцийн зар сурталчилгаанаас бүрдүүлжээ. Тухайлбал, нэг улиралд 

Уг байгууламж дэлхийн хамгийн том бөмбөрцөг хэлбэртэй барилга болж дэлхийн рекордыг эвдсэн байгаа. Мэдээж энэ том хөрөнгө оруулалт бас амбицын эзэз Лас Вегасын алдарт "Стрип" гудамжинд байрладаг. 150 метрийн диаметртэй бөгөөд инженерчлэл, барилгын гайхамшгийг илтгэнэ.

Гол онцлог


  • Багтаамж: 18,000 хүн хүлээн авах хүчин чадалтай.
  • Гадна дэлгэц: Дэлхийн хамгийн том LED дэлгэцтэй бөгөөд 56,000 м² талбайг хамардаг.
  • Дотор дэлгэц: 15,000 м² хэмжээтэй, оролцогчдод бүрэн хүрээлэгдэх мэдрэмж төрүүлдэг.
  • Барилгын зардал: 2.3 тэрбум ам.доллар зарцуулсан, Лас Вегасын түүхэн дэх хамгийн үнэтэй байгууламж.


 

Лас Вегасын өдөр тутмын нислэгүүд

Энэ олон сая хүмүүс зорьж ирээд мөнгө төгрөгөө үрэх эвээ хялбархан олчидог энэ сонирхолтой хотод өдөрт хэдэн онгоц буудал буудаг бол гэж бас асуумаар байгаа байх. Харри Рейдийн олон улсын нисэх буудал (Las Vegas Harry Reid International Airport) өдөрт ойролцоогоор 1,500–1,700 нислэг хүлээн авдаг ба АНУ-ын хамгийн завгүй нисэх буудлуудын нэгт тооцогддог. Эдгээр нислэгт дотоодын болон олон улсын чиглэлийн ирэх, явах нислэгүүд багтдаг​.

Лас Вегас дахь нисдэг тэрэгний такси үйлчилгээ

Том оврын онгоцноос гадна нисдэг тэрэгний такси үйлчилгээ бас нилээн эрэлттэй байдаг. Ялангуяа Гранд Каньон руу явах, эсвэл Лас Вегасын Стрип дээгүүр нисэх зэрэг аяллын хэрэгцээнд өсөн нэмэгдэж байгаа эрэлттэй салбар юм. Энэхүү үйлчилгээ нь ихэвчлэн өндөр орлоготой, тансаг байдалд дуртай жуулчдад чиглэгддэг.


  • Үнэ: Лас Вегасын Стрип дээгүүр богино нислэг хийх нь нэг хүнд ойролцоогоор 150–200 ам.доллар байдаг. Харин Гранд Каньон гэх мэт холын зайд хувийн нислэг хийхэд нийт үнэ 2,500–5,000 ам.доллар хүртэл хэлбэлздэг (бүлгийн хэмжээнээс шалтгаалдаг).
  • Эрэлт: Ийм төрлийн нислэгийн эрэлт томоохон арга хэмжээ, баяр ёслол, олон улсын үзэсгэлэн, хурал зохион байгуулагддаг үеэр өсдөг. Мөн өвөрмөц, тансаг туршлага хайж буй жуулчид ихээр ашигладаг​



Лас Вегасын газарзүйн байрлалын онцлог, давуу тал ба аялал жуулчлалын үзмэрүүд


Газарзүйн байрлал:Лас Вегас хот нь АНУ-ын баруун өмнөд хэсэгт, Невада мужийн Мохаве цөлд байрладаг. 


  • Хүүхэд залуустаа зориулаад баруун АНУ-н баруун болон баруун өмнөд хэсгийг бага зэрэг тодруулаад яриад өгөхөд: Энд Америкийн хамгийн том эдийн засгийн төвүүд байрладаг. Баруун талын Калифорнид гэхэд Алдарт Силиконы хөндий байрлана, энд Гүүгл, Аппл, Фэйсбүүк зэрэг технологийн мангасуудын төрж бас өндийсөн нутаг. Холливүүд байна. Кино үйлдвэрлэл, урлаг, энтертаймент ертөнцийн том төв болох нь ойлгомжтой. Сан Педрогийн боомт нь АНУ-ын хамгийн том ачаа тээврийн боомтуудын нэг байх жишээтэй. Урд талын Аризонад гэхэд үл хөдлөх хөрөнгө, үйлдвэрлэл, эрчим хүчний салбарын төв.


Лас Вегасын байрлал нь дээр дурдсан олон хотуудтай ойрхон төдийгүй автомашинаар болон агаарын тээврээр хялбархан хүрэх боломжтой зайнд байрладаг нь бас Вегасын хөгжилд нөлөөлсөн гэж харж болохоор байна. 

Вегас хот нь цөл орчны хуурай уур амьсгалтай бөгөөд жилийн ихэнх хугацаанд дулаан, нарлаг байдгаас гадна ойр зуур үзэх харах АНУ-даа төдийгүй дэлхийд алдартай үзмэрүүд ихтэй. 

Ойролцоох томоохон аялал жуулчлалын үзмэрүүд:


  1. Гуверын далан (Hoover Dam):Лас Вегасаас 50 км-ийн зайд орших, АНУ-ын хамгийн том инженерийн байгууламжуудын нэг. Энэ нь Колорадо мөрөн дээр баригдсан бөгөөд жуулчид эндээс усан сан, байгалийн үзэмжийг үзэж, далангийн доторх бүтцийг судлах боломжтой.
  2. Гранд Каньон (Grand Canyon):Лас Вегасаас 4-5 цагийн зайд орших дэлхийн байгалийн гайхамшиг. Жуулчид Гранд Каньоны Өмнөд (South Rim) болон Баруун (West Rim) хэсэгт очиж, гайхалтай хадан цохионы үзэмжийг үзэх боломжтой.
  3. Үхлийн хөндий (Death Valley):АНУ-ын хамгийн халуун цэг бөгөөд Лас Вегасаас хоёр цагийн зайд байрлана. Энэхүү байгалийн цогцолборт газарт цөл хөндийн өвөрмөц тогтоц, өнгө алагласан элсэн манхан, давсан талбайнуудыг үзэх боломжтой.
  4. Ред Рок Каньон (Red Rock Canyon):Лас Вегасаас ердөө 25 минутын зайд орших, уулын тогтоц бүхий байгалийн цогцолбор. Энэ нь явган аялал, дугуй унах, хаданд авирахад тохиромжтой газар.
  5. Цэцэрлэгийн үндэсний цогцолборууд (Bryce Canyon болон Zion):Юта мужид байрлах эдгээр цогцолборууд Лас Вегасаас 2-4 цагийн зайд орших ба байгалийн өвөрмөц тогтоц, элсэн хадан хэлбэрүүдээрээ алдартай.


Лас Вегас бол зөвхөн гэрэлтэж гялалзсан казино, гайхалтай шоу, эсвэл хуримын хурдан ёслолоороо алдартай биш. Энэ хот бол мөрөөдөл биелэх боломжтойг харуулсан хот юм. Энд амжилт олох, уналтад орох, дахин эхлэх нь бүгд адил боломжтой байдаг газар.

Түүхийн хуудаснаа атомын үүл үзэх сониуч жуулчдаас эхлээд дэлхийн хамгийн шилдэг зугаа цэнгэлийн төвүүдийн нэг болох хүртлээ Вегас амжилтын, адал явдлын, бас сэргэлтэнд тэмүүлсэн түүхүүдээр дүүрэн.

Өнөөдрийн подкастаар бид “Лас Вегас буюу – мөрөөдөл хэзээ ч унтардаггүй газар"-ын тухай ярилцлаа.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0