АНУ -д 10 гаруй төрлийн 422 нэгж ТХГН байдаг. Эдгээрээс 63 нь Үндэсний хүрээлэн буюу National park зэрэглэлээр нилээн өндөр хамгаалагдсан байдаг. Эдгээр бүх хүрээлэн өөрийн өвөрмөц онцлогтой боловч Йеллоустоун үндэсний хүрээлэн шиг алдартай нь үгүй. Энэ нь зөвхөн олонд танигдсан төдийхөн бус, хамгийн загвар болсон хамгаалалтын менежменттэй хүрээлэн гэж тооцогддог байх нь. Тийм ээ, өнөөдөр бид 1978 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн, АНУ-ын, бүр цаашлаад дэлхийн хамгийн анхны үндэсний хүрээлэн болох Йеллоустоун хэмээх Гайхамшгийн орны тухай ярилцана.
1800-аад онд байгаль хамгаалах тухай ойлголт барууныхны оюун санаанд байгаагүй тийм цаг үед тухайн үеийн зоригтой аялагчид, геологичид, судлаачид болон нэгэн гэрэл зурагчин, зураач хоёрын хүчин чармайлт байгаагүй бол өнөөдөр Йеллоустоуны үзэсгэлэнт уулс, ой мод нь хот суурин, аж ахуйн бүс болж, уул уурхайн хаягдлаар бохирдсон байх байсан бизээ.
Йеллоустоуны анхны судалгаа
Йеллоустоуны бүс нутагт хүн амьдарч байсан ул мөр нь 11,000 жилийн өмнөх хүрэл чулуун багаж, нум сумны зэвнээс харагддаг. Харин Йеллоустоуныг үндэсний хүрээлэн болгох түүх 1803 оноос эхэлнэ.
1803 онд АНУ-ын Засгийн газар Луизианагийн худалдааны гэрээ-гээр Францын эзэнт гүрнээс АНУ-ын баруун хэсгийн асар том газар нутгийг худалдан авчээ. Энэ гэрээ АНУ-ын газар нутгийг бараг хоёр дахин томруулсан боловч тус бүс нутгийг Европын аль ч үндэстэн судалж байгаагүй байж.
АНУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Томас Жефферсон энэ газрыг судлуулахын тулд шинжлэх ухааны экспедиц зохион байгуулах тушаал өгчээ. Ингэснээр судлаачид, анчид, геологичид баруун зүгт аялж, Йеллоустоуны ид шидийн мэт байгалийг нээн илрүүлсэн юм.
Гэсэн хэдий ч анхны аялагчдын буцаж ирээд өгүүлсэн түүхийг хүмүүс итгэхгүй, үлгэр мэтээр хүлээж авсан байна. Уураа савсуулан буцалж байгаа рашаан, тэнгэр өөд оргилох халуун ус, хачирхалтай өнгө бүхий хадан уулсын тухай сонссон хүмүүс энэ бүхнийг үлгэр гэж бодсон тул Йеллоустоуны гайхамшиг дараагийн 60 жилд нууцлагдсан хэвээр үлджээ.
1869-1871 оны анхны албан ёсны судалгаанууд
Йеллоустоуныг судалж, албан ёсны газрын зураг гаргасан анхны экспедицүүд нь 1869-1871 оны хооронд зохион байгуулагдсан.
- 1869 онд Cook-Folsom-Peterson экспедиц энэ бүс нутгийг анх удаа системтэйгээр судалж, гейзер, халуун рашаан, уул нуруу, гол мөрнүүдийн талаарх албан ёсны тэмдэглэл үлдээсэн.
- 1870 онд Henry D. Washburn, Nathaniel P. Langford нарын удирдсан баг өмнөх судлаачдын маршрутыг дагаж, Йеллоустоуны шинэ газрын зургийг нарийвчлан гаргажээ.
Энэ аяллын дараа Langford АНУ даяар аялж, лекц уншин Йеллоустоуны үзэсгэлэнт байгалийн талаар хүмүүст ярьжээ.
1871 он – Йеллоустоуныг үндэсний хүрээлэн болгох гол алхам
Langford-ийн лекцүүд Вашингтон хотод хүрч, Фердинанд Хэйден хэмээх геологич, армийн эмч эрийн анхаарлыг татжээ.
- Хэйден Йеллоустоуныг судлах шинэ экспедиц зохион байгуулж, АНУ-ын Конгресст хүрээлэнг хамгаалах санаачилга өргөн барихаар шийдэв.
- Тэрээр Конгресст ойрхон нөлөө бүхий улстөрчдийн тусламжтай 40,000 ам.долларын санхүүжилт босгож, 50 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны багийг удирдан Йеллоустоунд очжээ.
Түүний багт:
Ботаникчид, амьтан судлаачид, геологичид, зураглагчид, эмч нар, тогоочид болон хамгийн чухал нь зураач Томас Моран, гэрэл зурагчин Уильям Генри Жэксон нар багтсан байв.
🎨 Зураач Томас Моран энэ бүс нутагт 30 гаруй усан будгийн гайхалтай зургууд бүтээсэн бөгөөд түүний бүтээлүүд Конгрессын гишүүдийн анхаарлыг маш их татсан учраас энэхүү нутаг дэвсгэрийг хамгаалах хэрэгтэй гэсэн шийдвэрийг гаргажээ. Өөрөөр хэлбэл Урлагийн бүтээл Йеллоустоуныг үндэсний хүрээлэн болгожээ.
1872 он – Йеллоустоуныг үндэсний хүрээлэн болгон тунхаглав
1872 оны 3-р сарын 1-нд АНУ-ын 18 дахь ерөнхийлөгч Улисс С. Грант албан ёсоор хууль баталж, Йеллоустоуныг дэлхийн анхны үндэсний хүрээлэн болгожээ.
Хуулинд тусгагдсан гол заалтууд:✅ Йеллоустоуныг хөдөө аж ахуйн болон уул уурхайн зориулалтаар ашиглахыг хориглох✅ Газар нутгийг хувийн өмчид зарахгүй байх✅ Ан амьтныг агнахыг хориглох✅ Ашигт малтмал олборлолт хийхгүй байх
Энэ нь дэлхий дахинд анх удаа "үндэсний хүрээлэн" гэсэн ойлголтыг бий болгож, байгаль хамгаалалтын эхлэлийг тавьсан чухал үйл явдал болсон юм.
Йеллоустоуныг АНУ-ын арми хэрхэн хамгаалж байсан түүх 🏛🎖💂♂️
Хууль батлагдлаа гээд асуудал шийдэгдсэнгүй. Анхны хэмээгдэх үндэсний хүрээлэнгээ хамгаалах зохион байгуулалттай алба, төсөв хангалтгүй байжээ. 1882 онд АНУ-ын Конгресс хүрээлэнгийн санхүүжилтийг зогсоосноор анчид, ашиг хайгчид энэ газрыг сүйтгэж эхэлсэн байна.
Яг ийм эгзэгтэй мөчид Филип Шеридан (Philip Sheridan) нь АНУ-ын иргэний дайны үед нэрд гарсан генерал бөгөөд байгалийг хамгаалах тал дээр маш их анхаарал хандуулдаг байсан. Тэрээр Йеллоустоуны байгаль сүйдэх аюул нүүрлэснийг анзаарч, анчин, мод бэлтгэгч, хууль бус бизнес эрхлэгчдээс хамгаалахын тулд арми илгээх шийдвэр гаргажээ.
Арми нь "Spread Eaglemen" нэр бүхий нэг үүсгэсэн бөгөөд 1886 оноос Йеллоустоун руу илгээж хамгаалалтын үүргийг нь гүйцэтгэж эхэлсэн. Тэд 1918 он хүртэл буюу бүтэн (32 жил) тасралтгүй хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн. Тэдний үүрэг:🛡 Хууль бус анчдыг баривчлах🌲 Ойн мод бэлтгэлийг хязгаарлах🐻 Зэрлэг ан амьтдыг хамгаалах🏕 Жуулчдын аюулгүй байдлыг хангах
🔹 1918 онд АНУ – Засгийн газар нь Үндэсний хүрээлэнгийн алба "National Park Service" байгуулж армийн оронд хамгааллаа хариуцах болсон.
📌Ийнхүү 32 жилийн турш Йеллоустоуныг АНУ-ын арми хамгаалж байсан нь хүрээлэнгийн хадгалагдаж үлдэх гол шалтгаануудын нэг юм.
Одоо тус үндэсний хүрээлэнгийн тухай хамгийн сонирхолтой баримтуудыг үзэгчидтэйгээ хуваалцъя:
Йеллоустоун бол асар том газар нутгийг хамардаг. Бараг 8,983 km2 газар нутгийг хамран, Вайоминг мужийн ихэнх хэсэг, мөн Монтана, Айдахо мужууд руу өргөждөг. Энэ Улаанбаатар хотын нийт талбай (4,704.4 км²) -гаас бараг 2 дахин том гэсэн үг.
Мөн энэхүү хүрээлэн нь унтаа галт уулын орой дээр байрладаг. Ганц АНУ-ын бус Хойд Америкийн хамгийн том супер галт уул юм. Сүүлийн дэлбэрэлт нь 640,000 жилийн өмнө болсон бөгөөд ойрын ирээдүйд дэлбэрэх шинж тэмдэг ажиглагдаагүй. Мэдээж галт уулын бүс учраас Йеллоустоунд жилд 1,000 - 3,000 газар хөдлөлт болдог. 2010 онд 48 цагийн дотор 250 газар хөдлөлт бүртгэгдсэн ч ихэнх нь жижиг тул хүмүүс мэдрэлгүй өнгөрсөн.
Тус хүрээлэн дэлхийн хамгийн олон гидротермаль үзэгдэлтэй газар .
Эхлээд "Гидротермаль үзэгдэл" гэж юу вэ? Гэдэг талаар маш товч тайлбарлавал, (Hydrothermal) гэдэг нь "hydro" (ус) + "thermal" (дулаан) гэсэн үгнээс гаралтай бөгөөд дэлхийн гадаргын доорх халуунтай холбоотой усны үзэгдлүүдийг хэлнэ. Үүнд халуун рашаан, халуун шавар гээд бидний сайн мэдэх байгалийн үзэгдлүүд ордог.
Гидротермалын нэг төрөл болох Гейзер буюу газрын гүнээс буцалсан халуун ус, уур хүчтэй оргилон гардаг байгалийн үзэгдэл юм. Тус хүрээлэнд дэлхийн нийт гейзерийн 62% буюу 10,000 гаруй халуун булаг, үүнээс 300 гаруй нь оргилох гейзер байдаг.
🌋 Йеллоустоуны хамгийн алдартай гейзер бол "Old Faithful".
📏 Онцлог нь:
- Өдөрт ойролцоогоор 17 удаа дэлбэрдэг бөгөөд 92 минутын зайтай усаа цацдаг.
- Сүүлийн арван жилд түүний дэлбэрэлтийн хоорондын зай уртасч байгаа тул ирээдүйд тогтвортой биш болж магадгүй.
Гэхдээ, энэ гейзер хамгийн том нь биш, Steamboat Geyser бол Йеллоустоуны хамгийн өндөр гейзер бөгөөд усыг 300 фут (91 метр) хүртэл шиддэг гээд бод доо.
Трумэн Эвертсийн амьд үлдэх тэмцэл
Трумэн Эвертс (Truman Everts) нь АНУ-ын газрын судалгааны багийн гишүүн байсан бөгөөд 1870 онд Йеллоустоуны бүс нутгийг судлах экспедицэд оролцжээ. Гэвч тэр төөрч, 37 хоногийн турш ганцаараа амьд үлдэхийн тулд тэмцсэн түүхтэй бөгөөд 1800-аад онд төөрнө гэдэг нь бараг үхэлтэй тэнцүү байлаа.
Яагаад төөрсөн бэ?
1870 онд Йеллоустоуны бүс нутгийг судлах Washburn-Langford-Doane экспедицийн багахан туршлагатайгийн хажуугаар судалгаандаа хэт анхаарснаас болж тэр замаа алджээ. Уг нь морьтой явж байсан ч, морь нь үргэж зугтсан тул хүнс, хэрэгсэлгүй ганцаараа үлдсэр тэрээр амьд үлдэхийн тулд маш бүхий л зүйлийг хийж:
✅ Шөнө бүр хөлдөх аюултай байсан ч халуун рашааны уураар биеэ дулаацуулж байв.✅ Ан хийх зэвсэггүй байсан тул зөвхөн байгалийн гаралтай навч, үндэс, хаг мөөг гэх зүйлсээр амь зогоож байв.✅ Гав ганцаараа байхдаа баавгайтай таарч, түүнийг үргээхийн тулд бүх хүчээ дайчилж.✅ Гэсэн ч сүүлчийн мөч хүртэл стэмцэж, амьд үлдэж чадсан.
🚁 Эцэст нь хэрхэн олдсон бэ?
Бүхэл бүтэн 37 хоногийн дараа анчдын баг түүнийг маш сул дорой, эцэж турсан байдалтай олжээ. Түүний жин ердөө (~40 кг) болсон байв. Аврагдсаны дараа удаан хугацаанд эрүүл мэндийн үйлчилгээ авч, тэнхэрч чадсан тэрээр энэ айхавтар туршлагаа "37 Days of Peril" (Аюул дунд өнгөрүүлсэн 37 хоног) нэртэй ном болгон бичсэн бөгөөд энэ нь түүний алдрыг мөнхөлсөн юм.
Хамгийн сонирхолтой нь Трумэн Эвертсийн энэ гайхалтай амьд үлдсэн түүх нь Йеллоустоуны байгаль хамгаалалтын ач холбогдлыг олон нийтэд ойлгуулахад тусалсан байдаг.
Зэрлэг амьтан ажиглахад хамгийн тохиромжтой газар
Йеллоустоун үндэсний хүрээлэн бол дэлхийн байгалийн хамгийн баялаг экосистемүүдийн нэгэнд тооцогддог:

🔹 67 ТӨРЛИЙН ХӨХТӨН АМЬТАНТАЙ 🐺🐻🦬 бөгөөд энэ нь АНУ-ын үндэсний хүрээлэн дотроос хамгийн олон төрөл зүйлтэй нь юм.
👉 Онцлох амьтад:
- Америк бизон 🦬 – Хамгийн том сүрэгтэй, 5,000 орчим бизон амьдардаг.
- Чоно 🐺 – 1995 онд сэргээн нутагшуулсан бөгөөд экосистемийн тэнцвэрийг хадгалахад чухал нөлөөтэй.
- Гриззли баавгай 🐻 – АНУ дахь хамгийн том махчин амьтан, Йеллоустоунд 700 орчим байдаг.
- Хар баавгай 🐻 – Гриззлигээс жижиг бөгөөд модонд авирах чадвартай.
- Сахалт янгир 🏔 – Хад чулуутай өндөрлөг газарт амьдардаг.
- Булган, үнэг, халиу 🦊 – Бага оврын махчин амьтад энд элбэг тохиолддог.
🔹 ШУВУУ АЖИГЛАГЧДЫН ДИВААЖИН 🦅🐦
Йеллоустоунд 300 гаруй төрлийн шувуу бүртгэгдсэн байдаг бөгөөд үүнд:
- Америкийн цагаан толгойт бүргэд 🦅 – АНУ-ын бэлгэ тэмдэг болсон хүчирхэг махчин шувуу.
- Их дуут шар шувуу 🦉 – Ойн бүсэд ихэвчлэн тааралдана.
- Тогоруу, галуу, хун 🦢 – Гол мөрөн, намаг бүсэд элбэг.
- Цагаан толгойт тас шувуу 🦅 – Үхсэн амьтнаар хооллодог экосистемийн цэвэрлэгч.
🔹 АНУ-ын баруун хэсэгт байсан бүх том ан амьтдыг хадгалж үлдсэн цорын ганц бүс юм.
✔ Хандгай (Moose) 🦌 – АНУ-ын хамгийн том тураг амьтан.✔ Америк буга (Elk) 🦌 – 10,000 орчим буга Йеллоустоуны өвлийн бэлчээрт сүрэглэдэг.✔ Бор гөрөөс (Mule Deer) 🦌 – Ой мод, хад чулуутай бүсүүдэд амьдардаг.
🔹 ЛАМАР ХӨНДИЙ – "Америкийн Серенгети" гэж нэрлэгддэг.🌄
✅ Ламар хөндий (Lamar Valley) –✅ Чононы сүрэг, бизон, баавгай зэрэг том ан амьтад хамгийн их үзэгддэг газар✅ Шөнийн болон өглөөний цагаар амьтад хамгийн их идэвхтэй байдаг тул амьтан ажиглагчид энэ үед ихэвчлэн ирдэг.
🔹 1995 ОНЫ ЧОНОНЫ СЭРГЭЭН НУТАГШУУЛАЛТ 🐺
1995 онд Йеллоустоунд чоныг дахин нутагшуулсан нь байгалийн экосистемийг сэргээхэд маш том өөрчлөлт авчирсан.
✔ Чононууд олширсноор – Хандгайн тоо хязгаарлагдаж, ой мод, бут сөөг сэргэж эхэлсэн.✔ Үүний үр дүнд – Бусад жижиг амьтад, шувуудын төрөл зүйлийн тоо нэмэгдсэн.✔ Чононууд экосистемийн "түлхүүр зүйл" болохыг баталсан түүхэн туршилт болсон.
Аялал жуулчлал
1917 онд хүрээлэнгийн нийт жуулчдын тоо 34,500 байсан бол, өнөөдөр Йеллоустоун 4.8 сая жуулчинд хүлээж авсан мэдээтэй байна. 150 жилийн өмнө хэдхэн судлаачийн төсөөлж байсан зүйл өнөөдөр дэлхийн жуулчдын очих дуртай газруудын нэг болж чаджээ.
Мэдээж энэ хүрээлэн гайхамшигт байгалийн үзэсгэлэнт газрууд, зоон тэжээлтэн амьтад, усан хүрхрээ, нуур, гол мөрөн, мөн өөр өөрийн өвөрмөц сонирхолтой аяллын боломжуудыг санал болгодог.
Тасалбарын үнэ нь зочлох аргаас хамаарч өөр өөр байдаг. Жишээлбэл, 2020 оны байдлаар:
- Машинаар: $30
- Мотоцикль эсвэл цасан машинаар: $25
- Явганаар (16 ба түүнээс дээш насныханд): $15
15-аас доош насны хүүхдүүд үнэ төлбөргүй ордог.
Тасалбар нь 7 хоногийн хугацаанд хүчинтэй байдаг.
Йеллоустоун үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь хүүхдүүдийн танин мэдэхүйг хөгжүүлэх олон төрлийн хөтөлбөрүүдийг санал болгодог. Эдгээр хөтөлбөрүүд нь хүүхдүүдийг байгаль орчин, зэрлэг ан амьтан, геотермийн үзэгдлүүдийн талаар суралцахад нь тусалдаг. Тухайлбал, "Залуу Рейнджер" хөтөлбөр нь хүүхдүүдийг хүрээлэнгийн байгаль хамгаалагчдын ажилтай танилцуулж, тэдэнд зориулсан тусгай даалгавар, үйл ажиллагаагаар дамжуулан байгаль орчны талаар мэдлэг олгодог. Мөн хүрээлэнгийн зочдын төвүүдэд хүүхдүүдэд зориулсан боловсролын үзэсгэлэн, интерактив дэлгэцүүд байдаг.
Тайлбар: Богд хаан уул дэлхийн анхны дархан цаазат уул мөн үү?
1294 онд гаргасан Монгол Их Юань улсын хууль цаазын 398 дугаар бүлэгт “Богд хан уул, Отгонтэнгэр, Хан Хэнтий, Алтайн нүсэр даваа” зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг дархан цаазтай болгож байжээ. XII-XIII зууны үед Ван хан Тоорил дархлан тахиж Хан уул хэмээн нэрлэсэн домог байдаг. 1778 онд Монголын сэхээтнүүдийн нэг сайд Юндэндоржийн санаачилгаар Богд хан уулыг дархан цаазтай болгож 1957, 1974 онуудад дахин бататган дархалж, 1995 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор дахин баталгаажуулсан байна.
1809 оноос Богдхан уулын 28 амыг цагдаатай болгож, нутаг дэвсгэрт нь орох зөвшөөрлийг Богд хаан гардан олгодог журамтай байжээ. Богд хан уул нь зүүнээс баруун тийш чиглэсэн гол нуруу, түүний салбар уулсаас тогтоно.