Дэлхийн гадаргын 33 хувийг эзэлж, Умард болон өмнөд туйлыг холбон оршдог дэлхийн хамгийн том далай болох Номхон далай 30 гаруй мянган аралтай. Гэхдээ эдгээр арлуудын дунд хамгийн ер бусын, сонирхолтойд тооцогддог нэгэн арал бол бидний өнөөдрийн сэдэв.
Энэ бол Моай гэх аварга хүн чулуун хөшөөдтэй, ронго-ронго гэх нууцлаг бичиг үсэгтэй Пасхи өөрөөр Ийстер хэмээн нэрлэгддэг арал юм. Энэхүү оньсого шиг арал эртний соёл иргэшил, түүхийн элдэв нууц, угсаатан судлалын хорхойтнуудын сонирхлыг ихээр татсаар ирж.
Хаана байрладаг, талбайн хэмжээ?
Полинезын бүлэг арлын нэг болох энэ арлыг хуурай газраас хамгийн ихээр алслагдсан байдал нь мэдээж улам сонирхолтой болгодог. Хэр алслагдсан бэ гэж үү, Өмнөд Номхон далайн голд орших аралтай хамгийн ойрхон арал нь Питкэрн 2000 орчим км-н зайд байрладаг. энэ нь зүйрлэвэл МУ-н баруун, зүүн захыг холбосон зайтай ойролцоо гэсэн үг. Энэ арал Чили улсын гзар нутгийн бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд Чилийн эргээс 3700 км зайд байрладаг бөгөөд онгоцоор бүтэн 5 цаг нисч очихоор тийм хол.
Ийстэр арал 164 кв.км талбайтай маш жижиг арал. Харьцуулвал Чингэлтэй дүүргээс арай том, Сүхбаатар дүүргээс арай бага талбайтай гэж ойлгож болно.
Энэ жижиг талбайд үлэмж том хэмжээтэй 887 хүн дүрст чулуу байрладаг.
Энэ арал цор ганц Анга-Роа хот болон нисэх буудалтай. 8 мянгаас бага хүн амтай, тэдгээрээс 3500 нь уугуул рапануичууд эзэлдэг. Иргэдийн дийлэнх ирсэн жуулчдад үйлчлэх ажил эрхэлдэг. Пасхи буюу Ийстер гэх нэрийг европчууд өгсөн, тэд өөрсдийгөө Рапа-Нуи гэдэг. Рапануи нь дэлхийн хүйс гэсэн утгатай.
МОАЙ
Пасхи арал гэхээр л хүмүүсийн тархинд үлэмж том хөшөө МОАЙ санаанд ордог. Ямаршуу хөшөөний тухай яриад байгаа юм бол гэж гайхаж байгаа хүмүүст илүү ойлгомжтойгоор хэлвэл Музейд өнгөрүүлсэн шөнө кинон дээр гол дүрээс бохь нэхээд байдаг аварга том толгой бол өнөөдрийн ярианы сэдэв болсон Моай хүн чулуу юм.
Пасхи арал дээр 900 гаруй моай хөшөө бий. Их бие газар доор, толгой ил гарсан, урт чихний омогтой. Хамрын нүхийг загасны дэгээ хэлбэртэй дүрсэлдгээрээ онцлог. Хүн хөшөөнүүд далайн эргийн дагуу арлын гүн рүү харсан байдалтай байдаг. Гагцхүү долоон хүн хөшөө арлын эрэг дагуу бус дотор байрладаг. Магадгүй эрт цагийн уран барималч нар нүд үл цавчих хөшөөгөөр элдэв дайсан, муу бүхнээс хамгаалах гээд ингэж эрэг дагуу арлын гүн рүү харуулж тавьсан байх. Эдгээр 900 хүн чулуун дунд ганцхан онцгой чулуу байдаг нь арлын гүнд байрлах Тукутури нэртэй өвдөглөсөн байдалтай, өндөрлөг газар бүтээгдсэн энэ хөшөөг эрдэмтэд омгийн дуучин байсан болов уу гэж үздэг. Энэ хөшөө бусдаасаа өөр биеийн байрлалтайгаас гадна хүнтэй хамгийн төстэй төрхтэй. Бүр хамгийн хачирхалтай нь өөр төрлийн чулуугаар хийгдсэн бөгөөд бүр сахалтай байгаа нь ажиглагдахуйц байдаг.
Яаж бүтэв?
Моайг галт уулын чулуулгаар хийсэн. Тус бүрийг нь нэг том чулуунаас сийлбэрлэн хийсэн. Өөрөөр хэлбэл, наасан, тогтоосон эд анги гэж байхгүй гэсэн үг. Хүн чулуунуудын нүдний ухархайг шүрээр дүүргэсэн байсан гэдгийг сүүлийн үед нотлоод байна. Өндөр нь ойролцоогоор 4 м, хамгийн өндөр нь 20 м, жин нь 74-230 тонн орчим. Энэ нь манай Жаррайсаг бурхан дүйхүйц гэсэн үг. Нийт хүн чулууны 230 нь суурьтай, заримд нь тусдаа улаан чулуугаар хийсэн цилиндрэн хэлбэртэй малгай угласан байдаг. 400 гаруй хөшөөг дуусгалгүй орхисон байдалтай байдаг.
Ямар зорилгоор бүтээв?
Рапануичууд юуг бэлгэдэж эдгээр хөшөө босгосон талаар эрдэмтэд олон таамаг дэвшүүлдэг. Эдгээр хөшөөг 1000 – 1500 онуудад барьсан, моайчууд овгийн ахлагч нараа тахин шүтдэг байсан бөгөөд тэнгэрт хальсан хойно хүн чулуугаар төлөөлүлэх болсон гэх нэг таамаг бий. Хөшөө бүр аль ахлагчийг төлөөлсөн байх. Бас нэг өөр хувилбар нь арлын энд тэнд байршуулж байсан нь газар дэлхийн үржил шимийг тэтгэх гэж найдаж байснаас үүдэлтэй гэж үздэг. Эхний таамгийг хамгийн үндэслэлтэй гэж үздэг.
Тэгвэл яагаад хөшөө үргэлжлүүлэн хийхээ больсон нь бас сонин. Галт уулын хоргон Рано-рараку талбай дээр хийж байгаад дуусгалгүй орхисон олон хүн чулуу байдаг. Ямар нэгэн зүйл тохиолдоод хамаг юмаа тэр чигт нь үлдээгээд явсан шинжтэй. Энэ талаар олон таамаг дэвшүүлдэг нь овог хоорондын дайн дэгдсэн байх боломжтой юм гэдэг. Мөн дээр нь арлын гүнээс хэрхэн арлын эрэг рүү ийм нүсэр, хүнд чулууг авчирч тавьсан нь бас л сонирхолтой.
ПАСХИ АРЛЫГ НЭЭСЭН НЬ
Амстердамаас Дэвисийн арлын эрэлт гарсан Голландын адмирал Якоб Роггевен Пасхи арлыг илрүүлсэн анхны цагаан арьстан байгаагүй байх. Гэхдээ тэрээр энэ арлын байршил болон дүрслэн тодорхойлсон анхны хүн. Роггевены гурван онгоц 1722 оны 4-р сарын 5-ний өдөр христийн шашны Ариун Пасхийн өдөр үл мэдэгдэх арал дээр хүрч очсон болохоор арлыг Пасхи гэж нэрлэхээр шийдсэн байдаг. Роггевены тэмдэглэснээр, далайчдын хамтаар эрэг дээр буухад, нутгийн уугуул иргэд “маш өндөр чулуун хөшөөний дэргэд гал түлээд байж байсан. Бат бөх олсгүй, модон бэхэлгээгүй тэд яаж ийм хөшөө босгосон нь бидний гайхшлыг төрүүлсэн. Тус газар 2-3 мянга орчим хүн байсан.
Арлын хэт алслагдсан байдал Европын орнуудын сонирхолыг төрүүлээгүй. Арлын талаар бараг л 50 гаруй жил мартаж явсаар 1770 онд испанчуудын мэдэлд шилжсэн байдаг.
1774 онд ахмад Жеймс Кук арал дээр бууж, Роггевенаас дутахааргүйгээр гайхсан бөгөөд энэ талаар тэмдэглэж үлдээсэн байдаг. Гайхалтай сүрлэг хөшөө, уугуул иргэдийн ядуу тарчиг амьдралын эсрэгцэл тэгж их цочирдуулж л дээ. “Нарийн багаж техникгүй энэ арлынхан яаж үлэмж хөшөө барьж, дээр нь толгойд нь ийм том цилиндр углаж чадсаныг төсөөлөхөд ч бэрх юм” гэж байжээ.
Кукийг очихоос 4 жилийн өмнө буюу 1770 онд Пасхи арлыг өөрийн эзэмшилдээ нэгтгэхийн тулд Испанийн Фелипе Гонсалес де Аэдогийн удирдлага дор хэдэн усан онгоц илгээдэг. Испани америк тив дэх өөрийн эзэмшил газруудаа аюулгүй болгох үүднээс ойр хавьд байсан арлуудыг эзэмших нь зүйтэй гэж үзэж л дээ. Гонсалес хэд хоног байх хугацаандаа арлыг газрын зурагт буулгасан.
Үүний дараа 1786 онд Жан Франсуа Лаперуз арал дээр бууж, арлыг газрын зурагт бүр дэлрэнгүй буулгаж, солбицлыг нэлээд нарийн зааж өгсөн. Үүнээс гадна Лаперус өнөө хэрнээ орчин цагийн судлаачдын маргадаг Пасхи арлын хувь заяаны асуудлыг хөндсөн байдаг. Далайчин тэмдэглэлдээ “эрт цагт өвөг дээдэс нь болчимгүй алхам хийж цавчиж унагасан модны тухай өгүүлсэн байдаг.
Юун болчимгүй алхам ярив гээд сонсогчид маань гайхаж байж магадгүй. Одоогийн Пасхи арал бол ерөнхийдөө нүцгэн гадаргуутай. Гэтэл европын адал явдал хайгчид энд буусан тэмдэглэлүүдэд маш их самрын тухай дурдаж цуглуулгандаа авсан байдаг.
Бүүр орчин цагийн эрдэмтэд эдгээр самрын насжилтыг бүр эртнийх буюу Рапануйчууд энэ арал дээр суурьшихаас өмнөх цагт хамааруулдаг.
Эрт цагт Рапануйчуудаас өмнө уг арал 60 сая дал модоор хучигдсан байж.
Аялагчдын тэмдэглэлд дурдагдаад байгаа самар бол дал модны самар юм.
Тэгээд яагаад өнөөдөр энэр арал дээр тийм их самрын нөөц харагдахгүй байгаа нь харамсалтай.
19-р зууны туршид Пасхи арал дээр Европчууд нэг бус удаа бууж байлаа. Зорилго нь янз бүр, тухайлбал, христийн шашинд оруулах, танин мэдэхүй, зүгээр тонон дээрэмдэхийн тулд арал дээр зочилдог байлаа.
1862 онд арал дээр Перугийн усан онгоцнууд ирэв. Тэр үед Перугийн эдийн засаг ид цэцэглэж байсан болохоор ажиллах хүчин их хэрэгтэй байсан юм. Асуудлыг хялбархан шийджээ. Пасхи арлын 2000 гаруй уугуул иргэдийг боол болгон зарсны дотор хаан, ханхүү хоёр багтаж байв. Боолын наймаачид тэднийг Өмнөд Америкийн гуано бордоо бэлтгэх компанийн эздэд зарсан. Энэ явдлыг Францын Засгийн газар, Таитийн амбан захирагч буруушаан оролцсон боловч, боол болсон рапануичуудаас хүнд нөхцөл, өвчин эмгэг, өлсгөлөнгөөс болж ердөө 15 хүн амьд үлдсэн байв. Нутагтаа эргэн ирсэн 15 хүн халдварт цэцэг өвчин тээж ирснээс арлын хүн ам 1877 он гэхэд 111 хүн болов.
1888 онд Номхон Далайн 2-р Дайнд ялалт байгуулсан Чили Улс Пасхи арлыг өөрийн эзэмшил нутаг гэж зарлав. 1898 онд Рапануичуудын сүүлийн хаан насан эцэслэсэн.
Ердөө 20-р зуунаас л арал дээр эрдэм шинжилгээний элдэв судалгаанууд хийгдэж эхэлсэн. Англи, Франц, Чили малтлаг хийж, хүн чулууг судлах болсон.
1914 онд Чилийн Засгийн газар арлын амбан захирагчаар цэргийн хүмүүс томилж, нутгийн иргэд арлыг орхиж явахыг хориглож байв. Гагцхүү 1956 оноос арлын иргэдийн амьдралын чанар дээшилж эхэлсэн. Уугуул иргэд эх газрын Чили явж сургуульд сурахыг зөвшөөрсөн. 1966 оноос сонгуульд саналаа өгөх, айл өрхүүдэд цахилгаан татаж, дэд бүтцээр хангаж, евкалиптын ой модыг ургуулж чадсан.

РАПАНУИЧУУД ГЭЖ ХЭН БЭ
1950-аад оны үед алдарт Норвегийн аялагч Тур Хейердал Пасхи арлыг дахин нээсэн юм. Тэрээр Пасхи арлын уугуул иргэд Эртний Перугаас нүүж ирсэн хүмүүс гэсэн таамаг дэвшүүлсэн. Инкүүд арал дээр ирж байсан гэж хэлж болохоор байдаг. Пасхи арал дээрх чулуун олдворууд Андын нуруун дахь олдворууд их төстэй. Перуд түгээмэл тарьдаг чихэр төмсийг арал дээр бас ургуулдаг. Гэсэн ч перу гаралтай болох нь онолын хувьд батлагддаггүй. Сүүлд явуулсан генетикийн судалгаа тэднийг Полинез гаралтай болохыг нотолсон. Рапануи хэл полинезийн хэлний бүлэгт багтаж, дээрх таамгийг няцаасан юм.
Хейрдалаас хойш олон эрдэмтэн таамаг дэвшүүлсэн. Үүний нэг бол 900 онд Полинезийн хэд хэдэн том усан онгоцнууд ирсэн. Эрэгтэй, эмэгтэй, хүүхдүүд, амьтан, ургамалаа бүгдийг нь хийж авсан “Ноагийн усан онгоц” арал дээр ирж, арал дээр амьдралыг тэтгэх ой мод, ус, үржил шимтэй хөрс бүгд байсан. Ингээд тэд өөрийн иргэншлийг байгуулж, эд мандан бадарсан үе нь 1000 – 1500 оны үед тохиосон. Тэд үржсээр 20 гаруй мянгад хүрсэн. Чухамдаа тэд галт уулын чулуулгыг зүсэж моайг хийсэн.
РАПАНУИЧУУДТАЙ ЮУ ТОХИОЛДСОН БЭ?
Юу гэдгийг нь мэдэхгүй ч арал дээр ямар нэг зүйл болсон байгаа юм. Моайг тахин шүтэж их хэмжээгээр хийж байсан хүмүүс гэнэт хийхээ болсон байгаа юм. Магадгүй иргэний дайн гарсан байж болзошгүй, эсвэл өвөг дээдсээ тахин шүтэх шүтлэг хүчээ алдаж оронд нь өөр нэг хүчийг шүтэх шүтлэг бий болсон байж магадгүй юм. Ямартаа ч 1722 онд европчуудыг ирэх үед арал дээр 2-3 мянган хүн байсан бөгөөд тэд туйлын ядуу байсан. Соёлт иргэншлийг ул мөр байхгүй байв.
Пасхи дээр чухам юу болсон юм бол? Арлыг үнэхээр ой мод бүхэлдээ хучиж байсан уу? Хэрвээ тийм бол ой мод хаашаа алга болов?
Арал дээр их хэмжээний самар олддог нь арал бүхэлдээ ой модоор хучигдаж байсныг гэрчилж байгаа юм. Тура Хейердалын экспедицийн үеэр модны самар олсон тухай, дараа нь арлын уугуул иргэн Эдмунд Эдвардс арлаас их хэмжээний модны самар олсон талаар, сүүлд 1980-аад онд францын судлаач Гро, Гутьер нар агуйгаас их хэмжээний самар олсон тухай тэмдэглэсэн байдаг. Энэ самар нь манай гаригийн хамгийн том Чилийн дал модных юм.
Энэ мэтчилэн 20-р зууны 90-ээд оны үе гэхэд самрын талаар их хэмжээний олдвор олдох болов. Радио нүүрстөрөгчийн шинжилгээгээр, самар нь 780—860 настай болох нь тогтоогдсон юм.
Ургамлын тоос хүртээж үржих үржлийг судалдаг судлаач нарын тусламжтай тус үрийн учрыг олсон. Ийм төрлийн үр нь галт уулын хорго дотор, тэр дундаа, нуур-намаг балчиг, нам дор газруудад түлхүү олддог. Пасхи арал шигүү ой модоор хучигдсан бөгөөд энэ байдал 30 мянган жил үргэжилсэн. Гэхдээ 1200 оноос эхлэн ой мод, бутны гарц эрс багасаж, ургамлын сангаас дал мод алга болж, ойролцоогоор 600 он гэхэд ой модоос юу ч үлдээгүй гэж дүгнэлтийг гаргажээ.
1000-аад оны үед юу болсон талаар янз бүрийн таамаг дэвшүүлдэг. Нэг нь хоорондын дайн дажин ийм байдалд хүргэсэн үү, эсвэл анх суурьшихаар ирсэн полинейзчуудын авчирсан мэрэгч хулгана ой модыг сүйрүүлэв үү. Аль эсвэл омгийн ахлагч нар хэн нь сүрлэг, том хүн чулуу босгох вэ гээд өөр хоорондоо өрсөлдснөөс болсон уу гэх зэргээр эрдэмтэд маргасаар байна. Энэ дундаас хамгийн үнэнд ойр байж болох хувилбарыг сүүлийнх гэж үздэг. Арлын гүнд бэлтгэсэн хүн чулууг далайн эрэг рүү аваачихын тулд модыг хөшөөн дор ивэн өнхрүүлдэг байжээ. Ивээсийн модыг бэлтгэхийн тулд их хэмжээний мод цавчснаас хөрсний доройтол болж, үр тариа ургахаа байж, эцэст нь хүн ам цөөрч, 1722 онд Якоб Роггевеныг ирэх үед арал дээр 3 мянга орчим хүн угтсан байх гэх гэж үздэг. Хөшөө барилгад ихээхэн ач холбогдол өгч, “экогеноцид”-ийн тод жишээ гэж эрдэмтэд үзэх нь бий.
Мод дуусаж моай хүн чулууны шүтлэгийн үе дууссаны дараагаас 16-р зуунаас цоо шинэ Маке-маке буюу хүн шувууг шүтэж эхэлсэн байдаг. Энэ хүн шувуу бүх хүн төрөлхтөнг бий болгосон гэх зэргээр. Ер нь баялаг төсөөлөн бодох сэтгэхүйтэй хүмүүс юм.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Монгол Улсын иргэд Чили Улс, тэр дундаа Пасхи арал руу визгүй зорчих боломжтой. Арал руу Чилийн Сантьяго хотоос эсвэл Перугийн (визгүй) Лима хотоос явах боломжтой. Стамбулаар дамжин нисэж болно. Сантьягогоос Пасхи хүртэл хувийн эйрлайнууд нисдэг бөгөөд нислэгийн хугацаа өмнө хэлсэнчлэн 5 цаг орчим. Хэрвээ Таити дээр амарч байгаад Пасхи орохыг хүсвэл, тэр хоёрын хооронд нислэг бий.
Хямд биш нутгийн соёлтой танилцах боломжтой өөр нэг арга бол Номхон далайн круизын аялал. Ер бусын аялалд дуртай туршлагатай аялагч нар 2 сарын өмнөөс хүсэлт гарган Чилийн цэргийн усан онгоцоор тийш хүргүүлэх боломжтой юм.
ХЭЗЭЭ ЯВАХ ВЭ?
Арал субтропикийн уур амьсгалтай, борооны улиралтай. Борооны улирал 4-7 сар хүртэл үргэлжилнэ. Хамгийн сэрүүн улирал 6, 7, 8 -р саруудад тохиодог. Сэрүүний улиралд 20 хэм дулаан гол төлөв байдаг.
Халууны үе 12-3 саруудад тохионо. Дунджаар 26 хэм дулаан байна. Далайн ус 25 хүрч бүлээцдэг. 1-р сарын сүүл -2-р сарын эхээр арал дээр “Тапати” гэх наадам таардаг учир энэ үеэр явбал хамгийн сонирхолтой.
ХЭДЭН ХОНОГООР ЯВАХ?
Пасхи арлаар аялах тур ихэвчлэн 4-10 хоногийн тур байдаг. Хувиараа очих болбол хэд л бол хэд хонож болно. Нэгэнт Пасхи орж, ертөнцийн мухарт очсоных Чили, Перу, Боливи, Аргентин, Эквадор, Таити үзээд ирж болох юм.
ҮНЭ, ХАНШ?
Сантьягогоос онгоцны тасалбар 300 000 песо буюу 300 орчим ам доллар. урьдчилан захиалбал арай хямд байна (2023 оны байдлаар). Чилээс 5 хоногийн аялал авбал зочид буудлын зэрэглэлээс хамааран $1000–2500 байна. Өмнөд Америкийн аль орны хамтаар аялах болбол $4000–$7000. Арал дээр саатах далайн круиз аялал $5000-оос эхэлнэ.
Чилийн мөнгө тэмдэг пэсо ч, доллараар үйлчилдэг. Аялагч нар бэлэн мөнгөтэй ирэх хэрэгтэй. Картаар бүх газар үйлчлээд байхгүй, АТМ-ээс мөнгийг хязгаартай олгодог тал бий.
Пасхи арал дээрх юмсын үнэ цэнэ (2023 оны 4-р сарын байдлаар):
- Хостел – 20 000 песо буюу $2,5 ( халуун ус байхгүй байх тал бий). Далай руу харсан зочид буудлын өрөө 120 000 – 160 000 песо буюу $150–200
- Моай хөшөөтэй Рапануи паркийн тасалбар – 54 000 песо буюу $70
- Эх газраас авчирдаг болохоор арал дээр хоол жаахан үнэтэй талдаа. Чилээс 2-3 дахин үнэтэй. Улаан махтай эсвэл загастай үндсэн хоол ресторанд 12 000 – 15 000 песо байна.