2025/02/03

ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ ЯДУУСЫН ХОРООЛОЛ-БРАЗИЛ

Газар нутаг нь хангалттай том, газрын баялгийн нөөцөөр дэлхийд тэргүүлэгчдийн нэг тэгсэн хэрнээ хүн амынх нь 1/4 нь ядууралд автсан, хөдөө орон нутаг нь эзэнгүйдээд хот руугаа нүүдэг ч ажлын байр олдохгүй том хотуудаа хүрээлээд шавар дагзнуудад амь хорогдоно. Авлигын төсөөллийн индексээр 30 гаруйхан оноо авч 180 орноос 100-с хойш жагсана. Монголтой минь маш олон үзүүлэлтээр дэндүү адилхан харагдах энэ оронд биднээс хэцүү  дүр зураг байдаг нь гэмт хэрэг гаралтын түвшин өндөр, тэр дундаа хар тамхитай холбоотой зэвсэгт этгээдүүдийн мөргөлдөөн. Энэ бол өнөөдрийн бидний ярианы сэдэв болох Бразилийн ядуусын хороолол.

Ядуусын хорооллыг Бразилд Фавела гэдэг. Дээр дээр нь давхарлан, завсар зайгүй чигжсэн байшин, бөгс эргэх зайгүй нарийн гудамж, энд тэнд хөл нүцгэн хөл бөмбөг тоглох халтайсан хүүхдүүд сэтгэлд чинь бууж байгаа байх. Тэгтэл энэ бүгдийн цаана амьдралын эрхээр хулгай, дээрэм хийж, хар тамхи зарж өл залгуулах гэсэн бодит төрх бий. Мөнгөгүй, боловсролгүй хүн өөр яах ч билээ. Энэ чөтгөрийн тойрог хүрд шиг эргэлдсээр л... 

Том хотуудын уул толгод зэрэг хамгийн харууц сайтай газар ихэвчлэн байршдаг нь сонирхолтой. Тэндээс хот үзэсгэлэнтэй харагддаг ч, хүний наад захын хэрэгцээг хангах хүмүүний соёл иргэншлийн хөгжил дэвшлийн үнэр жаахан ч атугай ханхлахгүй нь даанч харамсалтай. 

Ядуусын хороолол Бразилийн шүдний өвчин байхын зэрэгцээ жуулчдын нүдийг хужирлах үзвэр үйлчилгээ болдог. 

ФАВЕЛА ҮҮССЭН ҮНДСЭН ШАЛТГААН

Төсөөлүүлээд хэлвэл Зайсан толгой руу өгсүүлээд маш муу барилгын материал ашиглаад дээр дээр нь давхарлаад, эв хавгүй өрсөн шавар байшингууд. Байшингууд ч гэж дээ нүхэн оромжнууд. Тэнд бохирын систем гэж байхгүй, цахилгааны болон интернетийн хэрэглээгээ хулгайгаар хэрэглэнэ.

Фавела чухам яагаад давчуухан зай багатай, газар тариалан эрхэлж болохгүй газар байршдаг юм бол доо. Түүхийг сөхөн харвал, төр энэ зовлонгоо өөрсдөө бий болгосон байгаа юм. 

Португальчууд анх 1500- аад оноос африкаас боолууд авчирч, шинэ тив дэх эзэмшил газартаа өөрийн гэсэн шинэ колонийг байгуулсан юм. Тухайн үед Рио хот ширэнгэн ойгоор хүрээлүүлсэн намаг байлаа. Өнөөх авчирсан боолууд хотыг босгосон юм. 1888 оны 5-р сарын 13-ний өдөр онд Бразилийн гүнж Изабелла “Алтан Хууль”-нд гарын үсэг зурснаар боолчлолыг халж, боолууд эрх чөлөөгөө эдлэх болсон юм. Бразил Улс боолчлолыг албан ёсоор халсан дэлхийн хамгийн сүүлийн улс юм. Үүнээс нэг жилийн дараа 1889 оны 10-р сарын 15-ний өдөр Бразил хаант засаглалыг халж, Бүгд Найрамдах улс болсон юм. Бразил Улс боолчлолыг халсан нь ухамсарлаж ойлгон, хүний эрхийг дээдэлсэндээ биш харин эдийн засаг, улс төрийн дарамт шахалтын улмаас хийсэн гэж үздэг. Тодруулбал, 1809 онд боолчлолыг халаад байсан Британийн эзэнт гүрний өмнө, үнэгүй ажиллах хүчинтэй” Бразил эдийн засгийн өрсөлдөх чадвараараа шударга бус давуу талтай  байсан тул Британчууд шахалт үзүүлсэн нь тэр юм. 

ЭРХ ЧӨЛӨӨТ БООЛУУД

Олон зуун жил үргэлжилсэн боолын хөдөлмөрийг үнэ төлбөргүй ашиглах  эдийн засгийн зарчим бүхэлдээ нурав. Эрх чөлөөтэй болсон боолууд бодит амьдралд дасан зохицох нийгмийн ямар === ч халамж, тусламж аваагүй. Эрх чөлөөтэй болсон боолууд эздийнхээ гэрээс гараад хаашаа явахаа, юу хийхээ мэдэхгүй байлаа. Бразилд Фавела үүсэх гол шалтгаан нь энэ байсан юм. Тухайн үед ажил, хорогдох байр хайж үй түмэн боол улс орноор хэрэн тэнүүчилж байлаа. Зарим нь хуучин эздээсээ бараг ашиггүй шахам нөхцөлөөр тогтмол ажил олж хийж байлаа. Үнэгүй байсан зүйл үнэ төлбөртэй болох сонин мэдрэмж байсан байх. Хармын сэтгэл давамгайлдаг байж таарна. Ажил олсон боолууд ойрын уул толгод дээр юухан хийхнээр хорогдох байр барьж эхэлсэн юм. Тухайн үед газар элбэг байсны дээр уул толгод төдийлөн үнэд хүрдэггүй байсан юм. 

Фавела өмнө “африкийн ядуусын дүүрэг” гэгддэг байлаа 

 

ЯАГААД ФАВЕЛА ГЭХ БОЛСОН ТУХАЙ

Учраа олохгүй боолууд олон байв. Боолууд, индианууд, үл бүтэх нөхдүүд Бразилийн зүүн хойно байрлах Байя мужийн Канудуст төвлөрөн бөөгнөх болов. 1890-ээд онд гэхэд 25 – 30 мянган хүн цуглаж, амьдралдаа гутарсан хүмүүсийн цухал дэвэрсээр, 1896 – 1897 онд Канудуст бослого гарав. Засгийн газраас байр, газар амлан 8 мянган хүнтэй цэргийг илгээхдээ, амьд мэнд эргэж ирэхгүй гэж тооцож байж. Үнэхээр ч цэргүүдийн дийлэнх амиа алдсан ч, бослогыг амжилттай дараад ирсэн цэргүүд хууртсанаа мэдсэн юм. Засгийн газар амласан байр, мөнгөн урамшуулал өгөхгүйг ойлгон, Рио дахь нэг уулан дээр гарч гар доорх материалаар байр сууц барин амьдрах болсон юм. Гагцхүү тэр уулаа босогчдын орогнож байсан уулын нэрээр Фавела гэж нэрлэсэн нь өнөөдөр Бразилд ядуусын хорооллын ерөнхий нэршил болж хувирсан юм. Фавел нь уул толгод дээр ургах дуртай бутлаг ургамлын бас нэр. 

ДАРАА, ДАРААГИЙН ДАВАЛГАА

Ийнхүү Фавелагийн үндсэн суугчид өмнө нь боол, цэрэг байсан иргэд байхын зэрэгцээ европоос цагаачилсэн хотын төвийн байр сууц дийлэхгүй хүмүүс бүрдүүлж байлаа. 

1920 он гэхэд, уул толгод дээрх урц, оромжноос бүрдсэн хорооллыг нилэнхүйд нь Фавела гэж нэрлэх болсон. 1940 оны үед аж үйлдвэржилтэд тэсэж чадаагүй хүмүүс, 1970 -аад оны хотжилт эрчимтэй явагдаж байх үед хотын архитектор Перейра Пассушийн хотын төвийн барилгуудыг нурааж шинэ барилга барих бодлогын хүрээнд байраа газарт оруулсан иргэд, 1970-аад оны цэргийн дэглэмийн үед, эдийн засгийн их өсөлтийн үед хөдөөгөөс хотод шилжиж хөлөө олоогүй хүмүүс Фавелаг дүүргэсэн юм.  

Энэ бүгд тойм зураг, учир нь Фавела одоо хэрнээ өссөөр, тэлсээр байгаа юм. 

ФАВЕЛАГИЙН СТАТИСТИК

2023 оны байдлаар, Бразили даяар нийт 11 гаруй мянган фавела байлаа. Эдгээр фавелд  16 сая хүн буюу хүн амын ойролцоогоор 8% амьдарч байна. 

Үзэсгэлэнт Рио хотын тухайд гэвэл өндөөдөр фавелд 1.5 сая оршин суугч буюу Рио хотын хүн амын 25% амьдарч байна. Белене хотын хүн амын 54% ядуусын хороололд амьдардагтай харьцуулахад, бас аятхайхан тоо байгаа юм. 

Гэхдээ фавелын хүн амын тоог яг таг гаргах чадалтай хүн байхгүй байх. Зарим нэг дүүргүүд гадны хүнийг оруулахгүй ч байх, нөгөө талаар тийш зүглэдэг тэнэг зоригтой аавын хүү бас байхгүй байх. 

ФАВЕЛА ДАХЬ АМЬДРАЛ

Фавелагийн дийлэнх цэвэр, бохир усны шугамд бүрэн холбогдоогүй, эрүүл мэндийн үйлчилгээг бүрэн авч чаддаггүй. Эрчим хүчийг хулгайгаар ихэвлэн холбуулдаг учир масслах, богино холболт үүсэх, гал гарах магадлал их ээ. 

Салшгүй Ариун Гурвал болох Үгээгүй ядуурал, бохир заваан орчин, сүрьеэ өвчин эндхийн үндсэн нэрийн хуудас. Энэ бүгдээс салж амьдралаа өөд нь татах боломж бараг байхгүй. Үйлчилгээний салбарт ажиллаж шударга хөдөлмөр эрхэлдэг хүмүүс байдаг ч, гэмт хэргийн ертөнц руу хальтран орох нь дэндүү амархан. Жүжигчин, хөл бөмбөгч болж дээш цойлох боломж байхаас бусдаар боловсрол эзэмших амьдралын бололцоо, нийгмийн дэмжлэг бараг байхгүй ээ. 

MEGA-EVENT -үүдийн нөлөөлөл

Бразил, тэр дундаа Рио хот дэлхийн хэмжээний том урлаг соёлын эвентүүд зохион байгуулдгаараа алдартайг бид бүгд мэдэж байгаа. Рио-гийн карнавал шоу, Рио-гийн олимп бас хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн гээд л жагсаалт үргэлжилнэ. 

Гэтэл эдгээр том эвентүүдийн үеэр Бразилийн нүүр царайг муухай харагдуулахгүйн үүднээс маш олон хүнийг хүчээр, маш зэрлэг аргаар шууд л нүүхийг шаарддаг. Мэдээж орон гэрээсээ хөөгдөж байгаа хүмүүс тэмцэнэ, ингээд бөөн цус нулимс. 

Риод 2009 оноос хойш 2015 оны долдугаар сарын байдлаар л гэхэд нийт 22,059 гэр бүл буюу 77,206 хүн гэрээс нь албадан нүүлгэжээ.

2016 онд Олимпийн тоглолтын үеэр харуул хамгаалалтыг хүчитгэн, тусгай албаныхан гудамжны хэв журмыг сахиулахаар хүртэл татагдсан. Эвентийн үеэр жуулчдын аюулгүй байдлыг хангаж чадсан ч, энэ хэвээр үргэлжлүүлэх нь зардал өндөртэй байсан тул харуул хамгаалалт бууж, байдал эргээд хэвэндээ орсон юм.

АЮУЛТАЙ ФАВЕЛА

Фавелануудыг маш аюултай, арай бага аюултай гэж хуваадаг. Хотын хойд хэсэг гэмт бүлэглэлүүдийн бүрэн мэдэлд байдаг учир жуулчдад хориотой. Ийм хориотой бүсүүдээр явсан тэмдэглэлийг сонирхье.

Нэг маш эвгүй статистикийг хуваалцахад АНУ-д 37,000 хүний баривчилгаа тутам нэг хүний амийг эрсдүүлэх магадлалтай байдаг бол Бразилд 23 хүний баривчилгаа тутамд нэг амь эрсэддэг гээд бод доо.

Тийм учраас Фавелад амьдарч байгаа хүнд цагдаа нар нь гэмт бүлэглэлүүдээсээ илүү аюултай энэрэнгүй бус гэж ойлгогдоно.

Гадны хүнд хориотой Риогийн нэг фавелад ажиллаж, амьдардаг Энрике гээд багшийнд зочилсон нэгэн аялагчийн  тэмдэглэлээс хуваалцацгаая.  Түүнийг таньж мэдэхгүй хүн энд байхгүй тул Энрикетэй цуг яваа биднийг “буух эзэнтэй хүмүүс” гэж үзсэн. Энд ийм л дүрэмтэй.

Энрике далайн эргээр аялахдаа гар утсаа далдхан нууж, бидэнд ч утсаар ярихгүй байх, ил гаргаж ирэхгүй байх, бэлэн мөнгө ил гаргаж тоолохгүй байх, богц цүнхийг футболкон дотроо далд зүүх хэрэгтэй захиж байв. Харин дошон дээрээ ирж, фавелад хөл тавимагц гар утсаа гаргаж, түрийвчээ арын халаасандаа хийж, бэлэн мөнгө гарган кафед кофены тооцоо хийв. “Бүү ай. Энд чиний мөнгийг хэн ч авахгүй. Гагцхүү дальдчихгүй, хараа эгц, толгой дээш, харан яваарай” гэв. Бидний хажуугаар мопед унаж, гартаа автомат буу барьсан өсвөр насны хөвгүүд явж өнгөхдөө Энрикетэй мэндлэв. Фавелад өөрийн гэсэн дүрэм бий. Тухайлбал, мопед унаж байхдаа дуулга өмсөж болохгүй, гудмаар хэн явж байгаа нь тодорхой харагдаж байх ёстой. Эсвэл чиний царайг тогтоох шаардлагаас үүдэн ингэж дүрэмддэг. 

Чиний гар утас, мөнгө энд хэнд ч хэрэггүй. Учир нь энэ бол маш их мөнгө эргэлддэг хар зах. Гэмт бүлэглэлүүдийн хүсдэг ганц зүйл бол бизнес хийхэд нь зүгээр битгий садаа бол, тэгээд гүйцээ. Тиймээс энд гэрэл зураг, видео авч болохгүй. Нууцаар ч авч болохгүй. Учир нь энэ гудамж дүүрэн нүдтэй. Энрике намайг ажилладаг сургуульдаа урив. Сургуулийн цонхоор ч зураг авахгүй байхыг анхааруулав. Хэрэв чамайг зураг авч байхыг харчихвал, хэн нэгнийг цагдаад барьж өгөх гэж байна гэж л бодно. Тэр нөхцөлд эндээс амьд гарна гэж байхгүй, ор сураггүй алга болно шүү гэв.

Фавелаг гэмт бүлэглэлүүд хуваан хариуцдаг. Ийм хяналт тогтоосон газруудад харьцангуй эмх журамтай байдаг. Хотын төв эсвэл гэмт бүлэглэлийн хэний ч харьяанд байдаггүй газрууд фавелагаас илүү аюултай, гэмт хэрэгтнүүдийн дураар дургиж болох газар байдаг. Залуус, өсвөр насныхан жижиг сажиг мөнгө олохоор хэний харьяанд байдаггүй хотын төв, далайн эргийн газраар явж жуулчдыг шувталдаг. Авч болох бүгдийг авна даа. Тиймээс би түрүүн далайн эргээр явахдаа хамаг юмаа хямагдаад байсан юм. Харин энд гэртээ дошон дээрээ дураар дургиж болохгүй, энд дүрмээ сайтар сахих ёстой. 

“Хэрэв гэрэл зураг, видео авахгүй, хэрэв энд дошных нь нэгэнтэй ирсэн бол, хэрэв бизнест аюул учруулахгүй бол чамайг хэн ч оролдохгүй” гэж Энрике хэлэв. 

Энрике газарчилж явах замдаа нэг залуутай мэндлээд өнгөрөхдөө, “Миний найз байгаа юм. Өмнө гэмт хэрэгтэн байлаа, одоо гэр бүлтэй болоод болиод байгаа” гэв. Гэмт хэргийн талаарх ойлголт энд тэс өөр. Фавелад амьдарч байгаа иргэд нутгийн хууль, дүрмийг ягштал баримталдаг.  Хууль, дүрэм нь яахав гэмт бүлэглэлийнх юм.

ФАВЕЛА ДАХЬ ХАЛАМЖИЙН БОДЛОГО

Риод 1000 гаруй фавел бий. Ер нь нэг уул толгод бүр нэг фавела байдаг юм. Сонирхолтой, тэдгээрийн зааг хязгаар хаана эхэлж хаана дуусаж байгааг ойлгоход бэрх. Зарим зэргэлдээ фавеланууд эв найрамдалтай байдаг бол, зарим нь дайсагнасан шинжтэй байдаг. 

Хорин минут орчим зугаалсны дараа хоёр өөр фавелад тулж ирэв. Ялгаа бол үнэндээ харагдаагүй. Нөгөө л байшин, нөгөө л дэгдээхэй, бүжин зарсан худалдаачид, ямар нэг хууль бус зүйл зарсан хүмүүс зэрэг. Ялгараад байх юм ер харагдаагүй. Гэхдээ эдгээр дүүргүүдэд өөр өөр дүрэм үйлчилдэгээрээ ялгардаг бөгөөд энд оршин сууж буй иргэд бүрт үүнийг мэдэж байх нь аминд нь өлзийтэй юм. 

Риогийн фавеланууд Колумби, Боливи, Перугаас их хэмжээний хар тамхи хүлээн авч, жижиглэн савлан дэлхийн өнцөг булан руу илгээдэг. Гол дамжлагийн цэгүүдийн нэг байдаг. Энэ хууль бус үйл ажиллагаанд нь хуулийн хариуцлага хүлээхгүй нөхцөлийг ашиглан өсвөр насныхныг татан оролцуулах нь түгээмэл.  

Гэмт бүлэглэлүүдийн нутаг дэвсгэр дээрээ хэрэгжүүлж буй засаглал, чин үнэн хэлбэл, тийм ч муу биш шүү. Тухайлбал, энд сар бүр 250 реалийг нутгийнханд тогтмол төлбөл, кафе нээхэд ямар ч асуудалгүй. Чамаас нэг өдөр ирээд илүү төл гэж хэн ч шаардахгүй, төлж байгаа хэд чинь чиний аюулгүй байдлыг хангана. За нэг төрлийн татвар гээд ойлгочих. Нутгийнханд энэ байдал болоод байдаг юм. 

«Гэнэт хэрэв өндөр өртөгтэй хагалгаа хийлгэх болбол, эсвэл хүүхэддээ боловсрол эзэмшүүлэх хэрэгтэй болбол улс чамд мөнгө өгөхгүй, дошны ах нар бол гарцаагүй өгнө. Гагцхүү хариу барихыг шаардана. Хэн нэгэн тэдний бизнес, эсвэл тэдний талаар асуувал, чи юу ч хараагүй, юу ч мэдэхгүй, дуугай байна гэдэг чиний хариу төлөөс юм. Хүмүүст энэ дүрмийг ойлгодог. Хэрэв дуугай байж эм тариа, эсвэл хүүхдүүддээ сурах бичиг, боловсрол олж авч чадна гэдгээ мэддэг” гэж нэг танил маань ярив. Дээрэмчид, гэмт хэрэгтнүүдийг хаацайлж байгаа хэрэг биш шүү, зүгээр хүмүүст хэнээс тусламж авч байгаа нь ялгаагүй, гагцхүү амьд л үлдэх хэрэгтэй байгаа юм” гэв.

 

ХАМГИЙН АЛДАРТАЙ ФАВЕЛА

Ер нь Бразил фавела олонтой гэж дээр дурдсан. Гэхдээ тэр дундаа Сан Паулу нэгт, араас Рио ордог. 

Сан-Паулуд жуулчид төдийлөн очоод байдаггүй, фавел нь Рио шиг хүний нүд хужирлачихаар гоё байрлалтай биш. Риогийн фавелагаас өдрийн цагт хотыг алган дээрээ тавьсан мэт өндрөөс тольдон харж болдог бол, шөнийн цагт цонхны сүүмэлзэх гэрэл тэнгэрийн од мичид газарт буусан мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хамгийн гоё байршлаараа алдартай фавел бол Росинья юм. 

Энэ ядуу дүүргийг хар тамхины гэмт бүлэглэлүүд удирдахгүй байгаа гэдэг ч тэдний нөлөөнөөс хараахан бүрэн гарч чадаагүй. Тэнд Убер захиалбал, дотогш нэвтрэхгүй, дүүргийн үүдэнд ирэх байдалтай. Такситай очвол, дүүргийн үүднээс бууж, цааш 5 реал төлж мототаксигаар явна. Росинья айл өрхүүд одоо хэрнээ хаягжаагүй. Улс төрчид сонгуулийн өмнө нөхцөл байдлыг дээрдүүлэхээр элдэв амлалт өгдөг ч сонгуулийн дараа замхардаг. 

Фавелд шөнийн цагаар цахилгааны тоолуур суурилуулдаг ч, ном журмаар нь ашигладаг хүн цөөхөн. Нэг бол тоолуурыг тасдааж хаячихдаг, нэг бол гүйдэггүй болгодог. 

Цэвэр, бохир усны дэд бүтцийг үе үе хэдэн сараар үнэ төлбөргүй залгаж ажиллуулдаг ч, тун удалгүй мөн л бодийг нь хөтөлж учрыг нь олчихдог. 

ФАВЕЛАГААР АЯЛУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Росинья тийм их аюултай дүүрэг биш тул албан ёсоор аялаж зугаалахыг зөвшөөрдөг. Бүр бизнес болж хөгжиж байна. 

Группээр аялах бол ойролцоогоор 100 реал. Ганцаарчилсан тур авах бол 100 ам.доллар хүрнэ.  Фавелын үүдэнд хөтөч хүлээж аваад, мототаксинд суулган, мушгиран сүлжигдэх гудмаар дээш аваачна. Харин буух үедээ элдэв юм үзэн нүдээ хужирлан явган бууна. 

Росиньяг аюулгүй гэж итгүүлдэг ч, хөтөч маань камерыг хоёр ч удаа цааш хураахыг сануулсан. Энэ нь уулзвар дээр хэсэг залуус ууттай зүйлийг борлуулж байх үед тохиолдож байсан. 

Мөн энд үнэ төлбөргүй бага, дунд сургуулиуд байдаг бөгөөд аль болох хүүхдүүдийг гудамжаар хэсүүлэлгүй сургууль дээр завгүй байлгах гол зорилготой гэв. Росиньяд аялаж буй жуулчдын төлбөрийн тодорхой хэсэг эдгээр сургуульд хандивлагддаг нь үнэхээр сайхан санагдаж байв. 

Ямартаа ч Росиньяд бүхэлдээ биш юм аа гэхэд хүмүүс камераас айхгүй болж, камер гаргаж ирэхээс ч жуулчид айлгүй байна гэдэг бас гэж дэвшил юм. Нутгийн иргэд жуулчдаас мөнгө олж болно гэдгийг ойлгох болсон.

Бразилийн, тэр дундаа, Рио зах хязгаараар гэмт бүлэглэлүүд хүчтэй оршсоор байгаа ч зарим нэг дүүргүүдэд амьдрах орчныг сайжруулах, Риогийн харууц сайтай өндөрлөг газруудад баян хүмүүсийг суурьшуулан жентрификц хийхийг замаар гэмт хэргийн гаралтыг бууруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх соёлт нийгэм байгууллах  болно гэж засгаас үзэж байгаа бол далай тэнгис, хотыг дээрээс харах харууц бол бидэнд бий ганц сэтгэл тайтгаруулах зүйл, хэрэв засаг үүнийг биднээс авахыг оролдох юм бол бид тэмцэх болно гэж нөгөө талаас иргэд бас хэлж байна. 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0