Бөөгийн дуудлагад “Хуа довын эзэн Хуандайн хөвүүн Хуа солбин ноён тэнгэр” хэмээн гардаг. “Хан улсын бичиг” хэмээх Хятадын төрийн түүхийн сударт “Хуанди шаньюйн үед асар олон мод огтолж, худаг малтан хот барив” гэсэн агуулга бүхий мэдээ байдаг аж. Энэхүү Хуа довын эзэн, Хуанди шаньюй гэдэг нь Хүннүгийн нэгэн хааны нэр бөгөөд НТӨ I зууны эхний хагаст амьдарч байжээ. Түүний зуны зуслан байх магадлалтай эдүгээ Гуа дов хэмээх 180х200м дөрвөлжин хашаагаар хүрээлэгдсэн, 30х40м хэмжээ бүхий ордонтой, туслах барилгуудтай, вааран дээвэртэй, олон модон баганатай, саравчтай, хэрмэн хашаандаа 4 том асар хаалгатай ордын туурийг илрүүлээд байна. Ордны өмнө талд хиймэл цөөрөмтэй, хашааны гадна хэд хэдэн томоохон барилгатай байсныг тогтоосон. Гуа довын дурсгал нь Хэрлэн голын салаан дундах Цагаан арал хэмээх тогтмол сэвэлзүүр салхилдаг газарт байрладаг учраас улирлын чанартай зуны ордон гэж үзсэн.
Евроазийн нутагт Хүннү нарын үлдээсэн 20 гаруй хот суурины үлдэгдэл илэрч мэдэгдээд байгаагийн 16 нь Монголын нутагт байна. Сүүлийн үед Хэрлэн голын баруун эргийг даган хоорондоо 20-30 км зайтай байрлах Тэрэлжийн дөрвөлжин, Бүрхийн дөрвөлжин, Хүрээт дов, Өндөр дов, Гуа дов хэмээх 5 хотын үлдэгдэлд эрдэмтэд анхаарал хандуулжээ.
Тэрэлжийн дөрвөлжин нь уул руу шахсан битүү ам буюу нэлээд бөглүү газар байрлах тул “өвлийн орд” байх магадлалтай аж. 1970-аад оноос хойш Багануур орчимд орос цэргийн ангийн хээрийн сургуулилтын талбай байгуулж хаалттай бүс болгосон учраас эдгээр тууриудад дорвитой судалгаа хийгдэхгүй байсаар өдий хүрчээ. Тэнд олон тооны суваг шуудуу ухаж, зарим газарт шороо овоолж өндөрлөг байгуулсан учраас Бүрхийн дөрвөлжин, Өндөр довын дурсгал нь нэлээд эвдэрч гэмтсэн байна. Бүрхийн дөрвөлжин хотын гадуур хэрмийн тал нь голд урсаж сүйдсэн бол Өндөр довын дурсгалын тэг дундуур нь Багануурын нүүрсний уурхайн төмөр замыг тавьчихжээ.
ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаачид Солонгосын археологичидтой хамтран Багануур дүүргийн нутаг дэвсгэр дэх “Хүрээт дов” хэмээх хүннүгийн дурсгалд малтлага хийж 420х420м хэмжээтэй шороон хэрмээр хүрээлэгдсэн хотыг илрүүлээд байна. Дотроо ордон барилгатай, хэрмийн гадуур 3км хүртэлх талбайд олон тооны барилга байгууламж тархсан, харьцангуй том болох нь мэдэгджээ. Хүрээт дов нь бусад 4 дурсгалаас бараг хоёр дахин том хэмжээтэй, цуварсан 5 хот суурингийн голд нь байрлалтай, хэрмийн гадуур олон тооны барилга байгууламжтай зэрэг нь ордны туурь бус “хотын үлдэгдэл” байх магадлалтай гэнэ. Хүрээт довын ойролцоо орших Хустын булагаас төмөр хайлуулж байсан, шавар эдлэл шатааж байсан олон тооны зуух бүхий үйлдвэрлэл явагдаж байсан ул мөр илэрч судлагдсан нь олон улсын эрдэмтэдийн анхаарлыг татаж байна.
Хүрээт довын малтлага 2019 онд эхэлсэн бөгөөд цаашид 10 гаруй жил судалж байж, хотын ерөнхий бүтэц, зохион байгуулалтыг бүрэн тодорхойлох юм байна.