ЦАЙГ НАР ЗӨВ ЭРГҮҮЛЭГТЭЙ АЯГАЛНА.

Цайны дээж өргөх үедээ бүтэлгүй муухай үгс хэлдэггүй. Жишээ нь, өр ширгүй, өвчин зовлонгүй, идэж уухаар дутаалгүй байлгаж хайрла... гэх мэт үгс хэлдэггүй. Өвөг дээдсийн, уул усны эздийн, наран ээжийн амар мэндийг эрж байна хэмээн өргөдөг. “Үе үеийн өвөг дээдэс минь, хөх мөнгөн тэнгэр эцэг минь, хөрст алтан дэлхий эх минь, 99 тэнгэр минь, 33 хурмаст минь, уул усны эздүүд минь, ураг төрлийн онгодууд минь, өвгөн буурал аав минь, эмгэн буурал ээж минь, харсан даасан тэнгэрүүд минь, хар лусын савдагууд минь, атаа таван тэнгэр минь Та бүхэндээ .... жилтэй .... овогтой .... би цайныхаа дээжийг өргөж, амар мэндийг тань айлтгаж байна” хэмээн хэлж өргөөд эцэст нь “үр хүүхэд биднийгээ эрүүл энх, урт удаан, элбэг хангалуун, аз жаргалтай сайхан амьдруулж, хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж хайрлаарай” хэмээн хүсэж өргөдөг учиртай.

Цайны дээж өргөх үед гэрийн эзэгтэй үс гэзгээ янзлан нүүр гараа угааж, толгойдоо малгай, алчуур сэлтийг тавьж, хэт халуун биш цайны дээж өргөх ба гарын алгыг дээш харуулсан маягтай өргөдөг.

Өглөө цайны дээж өргөсөн шигээ харуй бүрий болсон хойно өвөг дээдэстээ сүү өргөж байвал маш сайн хэмээнэ. Учир нь өвөг дээдсүүд харанхуй болох үед бидний ертөнцөд ирж үр хүүхдээ эргэж тойрч, муу муухай бүхнээс холдуулдаг хэмээн итгэдэг. Сүү өргөж байгаа нь ирэх замыг нь сүүн бороогоор гэрэлтүүлж, тэднийг ундаалж цангааг нь тайлж байгаа утга юм.

Цайг нар зөв эргүүлэгтэй аягална, аяга руугаа амьсгалаа эгц хандуулах, юм ярьж шүлсээ үсэргэхийг цээрлэнэ. Эмтэрхий аяганд цай хийвэл зочноо илт доромжилсон болно, аяганы амсарт хурууны өндөг хүргэвэл гэм үүрнэ, амсар бялхаж асгартал хийвэл амны хишиг гадагш асгарна, нар буруу эргүүлж цай аягалбал үйл хэрэг буруу эргэнэ, аягалсан цайг амсалгүй ширээн дээр тавибал чөтгөр түрүүлж амсана хэмээн цээрлэдэг. Цай, хоолыг аягалахдаа данх, шанаганы амсрыг үүдний эсрэг харуулдаг нь хоол хүнсний дээж хаалгаар гараад явчихна гэж үздэгтэй холбоотой. Аягатай цайг үүдээр гадагш цацвал амны хишиггүй болно, хормой шууж, ханцуй шамлан цай идээнд ойртох аваас зэрлэг танхай болно, цайны шаарыг хогтой хамт хаяваас идээний дээжээ үл хүндэлсэн болно, цайны идээг чимхэж хийвээс ядуурна, бага багаар хийвээс харамч хахир болно. Аягалсан цайг ахмад эрэгтэй хүнд эхлэн барих бөгөөд холоос ирсэн хүнд хуучин цай аягалдаггүй.

ТОО
0
0
0