МОНГОЛ ГЭР ГАДААДЫНХНЫ "ХЭРЭГЛЭЭ" БОЛЖЭЭ.

Зөвхөн нүүрс, алт, зэсийг гадагш гаргадаг гэх ойлголтонд “монгол гэр” гэх шинэ бүтээгдэхүүн нэмэгдэв. 2016 онд 1500 гэр экспортолсон бол 2018 онд 2500 гэр гаргажээ. Жилд 5 тэрбумаас багагүй төгрөгийн орлого олдог болсон байна. АНУ, Япон, БНСУ, Австри, Их Британи, Итали, Франц, Испани зэрэг орнуудаас захиалдаг аж. Мөн Америк тивд 90 мянга, Европт 49 мянга, Азид 70 мянга, Австралид 17 мянган монголчууд ажиллаж амьдардаг нь гэрийн экспортыг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна.

Монгол гэрийн экспорт 2008 оноос эхэлсэн бөгөөд 2012 онд Копенхагенд болсон уур амьсгалын өөрчлөлтийн хурлын үеэр монгол гэрийн хэлбэртэй эсгий дулаалгатай сууцыг “XXI зууны сор бүтээл” хэмээн тодорхойлжээ. Дэлхийн хүн ам эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнийг илүүд үзэж, аль болох байгальтайгаа ойр байхыг эрмэлздэг болсноор монгол гэрийг сонирхдог болж аль хэдийнэ олон чиглэлээр ашиглаад эхэлсэн байна. Урлаг соёлын арга хэмжээ, загварын шоу, үзэсгэлэн худалдаа, байгаль хамгаалагчийн сууц, загасчлах аяллын отог,  ресторан, кафе, жуулчны бааз тэр байтугай дуу бичлэгийн студи болгосон сурагтай. Нэгэн гадаад хүн хар өнгийн гэр захиалж хийлгэсэн нь рок хөгжимд дурлагч байсан гэх.

Гэрийг гадагш тээвэрлэхэд экспортын идэвхтэй үед 30-45 хоног зарцуулдаг. Захиалга өгсөн гадныхан тайлбарлах шаардлагагүйгээр монгол гэрийг судалчихсан байдаг гэнэ.  Сонирхолтой нь гэрийн экспортоос олдог орлого хилийн чанадаас авчирдаг майхан, саравчны импортыг давдаг болжээ.

ТОО
0
0
0