МОНГОЛ УЛСЫГ ГАДААДАД СУРТАЛЧЛАХ ХӨТӨЛБӨР

Засгийн газрын 2016 оны.. дугаар тогтоолын хавсралт

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.  Гадаад бодлогыг хэрэгжүүлэх дипломат үйл ажиллагааны гол тулгуурын нэг нь гадаад сурталчилгаа болно. Улс орнууд гадаад сурталчилгааг олон улсын харилцааны гол хэрэгсэл болгон хөгжүүлж, боловсронгуй болгож ирсэн байна.
1.2. Даяаршлын үйл явц хүрээгээ улам бүр тэлж, улс хоорондын харилцан хамаарал гүнзгийрч буй өнөө үед үндэсний түүх, өв соёл, зан заншил, урлагийн уламжлал, оюун санааны үнэт зүйлс, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, спортын ололт амжилтаа дэлхий нийтэд сурталчилан таниулах “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” (цаашид “Хөтөлбөр” гэх) -ийг холбогдох бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа, судалгаанд үндэслэн боловсруулав.

Хоёр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим
2.1. Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал, хөгжлийн бодлогын баримт бичиг, холбогдох үндэсний хөтөлбөрүүдэд тулгуурлана.
2.2. Гадаад сурталчилгааны агуулгыг үндэсний түүх, соёл, урлагийг дээдлэн хүндэтгэсэн, улсын хөгжил дэвшил, хоёр болон олон талт харилцааны онцлогтой уялдуулан тодорхойлсон байна.
2.3. Хөтөлбөрийн хэрэгжилтэнд иргэд, олон нийт, хувийн хэвшил, бизнес, мэргэжлийн холбоодын оролцоог түлхүү дэмжинэ.

Гурав. Хөтөлбөрийн зорилго
3.1. Монгол Улсын гадаад сурталчилгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, гадаад сурталчилгааны нэгдмэл удирдлага, зохицуулалтыг бий болгох, гадаад сурталчилгаагаар дамжуулан гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Дөрөв. Хөтөлбөрийн зорилт
4.1. Монгол Улсын гадаад сурталчилгааг явуулахдаа дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:
4.1.1. Монгол Улсын түүх, соёл, урлагийн өв сан, спортын амжилтыг дэлхийн ард түмэнд таниулах, хуваалцах, хөгжүүлэх
4.1.2. Эдийн засгийн гадаад харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
4.1.3. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих
4.1.4. Олон улсын спорт, уралдаан тэмцээнд амжилт гарган эх орны нэр хүндийг өргөх.

Тав. Гадаад сурталчилгааны тэргүүлэх чиглэл
5.1. Гадаад сурталчилгааг дараах чиглэлд тэргүүн ээлжинд явуулна. Үүнд:
5.1.1. Түүх, соёл, урлаг
5.1.2. Аялал жуулчлал
5.1.3.Үндэсний бренд бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ
5.1.4. Спорт, олон улсын арга хэмжээ.

Зургаа. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
6.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) ажиллана. Зөвлөлийн дарга нь гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.
6.2. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газар батална. Зөвлөл нь гадаад харилцаа, боловсрол, спорт, соёл, аялал жуулчлал болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн дарга, урлаг, спорт, кино, хэвлэл мэдээлэл, бизнесийн байгууллага, холбоодын төлөөлөл, эрдэмтэн судлаачд гэсэн 15 хүртэл гишүүнтэй байна.
6.3. Зөвлөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан Засгийн газраар батлуулна.
6.4. Олон улсын үзэсгэлэн, худалдааны яармаг, хурал, соёл урлагийн арга хэмжээнд Монгол Улс оролцох асуудлыг Зөвлөлийн дарга Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.
6.5. Гадаад сурталчилгааны материал бүтээх ажлыг Зөвлөлөөс нэгдсэн журмаар зохион байгуулна, гадаад сурталчилгааны нэгдсэн мэдээллийн сантай байна.
6.6. Зөвлөл хөтөлбөрийн хэрэгжилтийг хагас жил, жилээр Засгийн газарт тайлагнана. Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь хөтөлбөрийн биелэлтэд хяналт-шинжилгээ хийн үр дүнг Засгийн газарт мөн тайлагнана.

Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
7.1. Хөтөлбөрийг 2016-2020 онд хэрэгжүүлнэ.

Найм. Хөтөлбөр хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр, санхүүжилт
8.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг дараах эх үүсвэрээр бүрдүүлнэ. Үүнд:
8.1.1. улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө;
8.1.2. хандивлагч улс, олон улсын байгууллагын тусламжийн хөрөнгө;
8.1.3. хувийн хэвшлийн тусламж;
8.1.4. бусад.
8.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний тухайн жилийн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн төсвийн санхүүжилтийг жил бүрийн төсөвт тусгана.

Ес. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт
9.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараах шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ. Үүнд:
9.1.1. Сурталчилсан брендийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний экспортын өсөлт;
9.1.2. Жуулчдын тоо;
9.1.3. Сурталчилсан брендийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, аялал жуучлалын салбарт шинээр буй болсон ажлын байрны тоо;
9.1.4. Оролцсон спортын уралдан, тэмцээнээс авсан медаль, байр, шагнал.
9.2. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт бүрээр хүрэх зорилтот үзүүлэлтийг жил бүр тогтооно.


ТОО
0
0
0