“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ-XXI ЗУУН” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

2012 оны 3 дугаар сарын 23


“Аялал жуулчлал-XXI зуун” үндэсний чуулган 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо Төрийн ордонд болов. Чуулганд аймаг, нийслэл, орон нутгийн 60 төлөөлөгч, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, их дээд сургуулиудын 660 төлөөлөгч, урилгаар 71 хүн оролцов.Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Монголын аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбат, Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуяг, Өвөрхангай аймгийн засаг дарга Д.Тогтохсүрэн нар “Аялал жуулчлал-XXI зуун” үндэсний чуулганд оролцогчдод хандаж үг хэлж, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар “Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийг хангах нь” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлэв.“Аялал жуулчлал-XXI зуун” үндэсний чуулганаар хэлэлцүүлсэн илтгэлд тусгагдсан бодлогын чиглэл, салбар хуралдаанаас гарсан зөвлөмж болон төлөөлөгчдийн гаргасан санал дүгнэлтүүдийг үндэслэн:


Аялал жуулчлалын эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, цаашид тогтвортой, хариуцлагатай аялал жуулчлал хөгжүүлэх шаардлагатай байгааг анхааралдаа авч;

Жуулчин хүлээн авах хүчин чадал, чадвартай боловсон хүчний нөөц, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, эрх зүй, маркетингийн бодлогын зохицуулалтыг сайжруулах шаардлагыг харгалзан;

Хөгжлийн бодлогод эдийн засаг, нийгэм, байгаль орчин, аялал жуулчлалын хөгжлийн бодлогыг эн тэнцүү авч үзэх зарчмыг үндэс болгон;

“Хүрээлэн буй орчинд ээлтэй, нийгэмд хариуцлагатай аялал жуулчлалын хөгжил”-ийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх нь аялал жуулчлалын цаашдын тогтвортой хөгжлийн гарц болохыг хүлээн зөвшөөрч;

Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг хөгжүүлж, гадаад сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, дэд бүтцийг хөгжүүлэх нь Монгол орны аялал жуулчлалын салбарын хөгжлийн тулгамдсан зорилт мөн болохыг хүлээн зөвшөөрч, төрийн эрх барих дээд байгууллага, гүйцэтгэх засаглалын байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хандан  ЗӨВЛӨМЖ ГАРГАХ НЬ:


Нэг. Монгол Улсын Их Хуралд

1.1. Энэхүү үндэсний чуулганаар дэмжсэн “Аялал жуулчлалын тухай”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай” хуулиудыг шинэчлэн боловсруулж, 2012 оны эхний хагас жилд багтаан хэлэлцэн батлах;

1.2. Аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон холбогдох салбарын хөгжлийн стратегит аялал жуулчлалын үндсэн стратеги бодлогын чиглэлийг уялдуулан тусгаж хэрэгжүүлэх;

1.3. Аялал жуулчлалын сангийн жилийн төсвийг 2013 оноос эхлэн нэмэгдүүлж, 2015 онд 5 тэрбумд хүргэх;

1.4. Аялал жуулчлалын эдийн засгийн статистик мэдээллийг үнэн зөв тооцох үзүүлэлтийг үндэсний статистик тооцооны системд оруулах;

1.5. Аялал жуулчлалын голлох бүс нутгуудад уул уурхайн хайгуулын болон ашиглалтын лиценз олгохыг хязгаарлах;

1.6. Аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдийн татварыг үйл ажиллагаа явуулж буй тухайн орон нутагт төвлөрүүлэх эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх;


Хоёр. Монгол Улсын Засгийн газарт

2.1.  “Аялал жуулчлал үндэсний хөтөлбөр”, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлоготой уялдуулан боловсруулж, 2012 онд багтаан хэлэлцэн баталж, хэрэгжүүлж эхлэх;

2.2. Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн тогтвортой байдлыг хангахад аялал жуулчлалын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, хууль эрх зүйн механизмыг бүрдүүлэх;

2.3. Аялал жуулчлалын бодлогыг хэрэгжүүлэх Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн бүтэц бий болгох;

2.4. Ерөнхий сайдын дэргэдэх аялал жуулчлалын зөвлөлийг шинээр байгуулж, байнгын үйл ажиллагаа явуулах тогтолцоо бүрдүүлэх;

2.5. Олон улсын болон бүс нутгийн аялал жуулчлалын зах зээлд өрсөлдөхүйц, аялал жуулчлалын томоохон цогцолборуудыг төр хувийн хэвшлийн түншлэл, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах хэлбэрээр барьж байгуулах ажлыг дэмжих;

2.6. Жуулчдад тээврийн үйлчилгээ үзүүлэх агаарын болон төмөр замын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжийг судлах;

2.7. Мянганы сорилтын сангийн санхүүжилт болон бусад гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар “Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-ийг байгуулах;

2.8. Аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэх шаталсан боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэн салбарын боловсон хүчин бэлтгэх тогтолцоог олон улсын жишигт хүргэх, сургалтын чанарыг сайжруулах;

2.9. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрт аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудыг хамруулах;

2.10. Аялал жуулчлал болон зочлох үйлчилгээний ажилтныг холбогдох хууль тогтоомжид бие даасан байдлаар тусгаж, улмаар үйлдвэрлэлийн индексжүүлтэд хамруулж цалингийн доод хэмжээг тогтоох;

2.11. Олон улсын туршлагад үндэслэн Аялал жуулчлалын эдийн засаг, бүртгэл мэдээлэл, хүний нөөцийн хороог байгуулж ажиллуулах;

2.12. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлж, аялал жуулчлалын цогцолбор, томоохон зочид буудал, үйлчилгээний газрууд байгуулахад зээл, татварын хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх;

2.13. 2013 оныг “Аялал жуулчлалын хөгжлийг дэмжих жил” болгож зарлах;

2.14. 2015 онд Ай Ти Би Берлин олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд албан ёсны түнш орноор оролцох;

2.15. Аялал жуулчлалыг 2012-2021 хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулан баталж санхүүжилтын эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэх;

2.16. Их дээд сургуулийн аялал жуулчлалын бакалаврын хөтөлбөрт гадаад хэлний цагийг нэмэгдүүлж, сургалтын чанарыг сайжруулах;

2.17. Боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, цалин хангамжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор зочид буудал, жуулчны баазуудыг нэмэгдсэн өртгийн албан татвараас тодорхой хувиар чөлөөлөх;

2.18. Аялал жуулчлалын салбарын боловсон хүчний ажил мэргэжил, албан тушаалын индексийг шинээр бий болгож батлуулах;

2.19. Аялал жуулчлалын салбарын эрчимтэй хөгжлийг хангах зорилгоор дэд бүтэц түүний дотор иргэний агаар, төмөр зам, авто тээврийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийх, голлох аймгуудад нисэх буудал байгуулах;

2.20. Уул уурхайгаас орж ирж байгаа орлогын тодорхой хувийг Аялал жуулчлалын санд төвлөрүүлж, аялал жуулчлалын болон дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийх;

2.21. Аялал жуулчлалын голлох маршрутын дагуу авто зам барих, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, хэрэгжүүлэх;

2.22. Шатахуун, түлшний үнийн өсөлтийг бууруулах талаар төрөөс тодорхой бодлого боловсруулж, зохицуулалт хийх;

2.23. Улсын чанартай томоохон авто зам дагуу зорчигч, жуулчдын амрах цэг байгуулах, авто замыг тэмдэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;

2.24. Агаарын тээврийн салбарт чөлөөт өрсөлдөөнийг дэмжих;

2.25. Жуулчин тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулж, олон улсын түвшинд хүргэх;

2.26. Жуулчны аюулгүй байдлыг хангах цогц тогтолцоо бүрдүүлж, биелэлтийг хангуулж ажиллах;


Гурав. Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын төлөөлөгчид, бүх шатны Засаг даргад

3.1. Орон нутгийн аялал жуулчлалын хөгжлийн төлөвлөлтийг тухайн нутаг дэвсгэрийн газар зохион байгуулалтын төлөвлөлт, бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан боловсронгуй болгох;

3.2. Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлагыг өндөржүүлэх, дэд бүтцийг сайжруулахад хөрөнгө оруулалтын бодлогыг чиглүүлэх;

3.3. Аялал жуулчлалын мэдээлийн сан бүрдүүлэх ажлын хүрээнд орон нутаг тус бүр мэдээллээ 2012 оны II улиралд багтаан аялал жуулчлалын мэдээллийн санд оруулах;

3.4. Тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнэ, түүнээс хүртэж буй нийгэм, эдийн засгийн үр өгөөжийн талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээх ажлыг хувийн хэвшлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;

3.5. Гадаад, дотоодын аялагч, жуулчдад зориулсан зорчигч тээврийн тийз борлуулалтын нэгдсэн цэгүүд бий болгож, ажиллуулах;

3.6. Хүрээлэн буй орчинд ээлтэй, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжсэн үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих;

3.7. Хил орчмын аялал жуулчлал хөгжүүлж, өдрийн жуулчдын урсгалыг нэмэгдүүлэн, үзвэр үйлчилгээний чанар, тоо хэмжээг нэмэгдүүлэх;


Дөрөв. Төрийн захиргааны бүх шатны байгууллага, төрийн албан хаагчдад

4.1. Аялал жуулчлалын салбар дахь хөдөлмөрийн зах зээлийн нарийвчилсан судалгааг 2012 онд багтаан хийж, үр дүнд дүн шинжилгээ, үнэлгээ хийн, холбогдох арга хэмжээг зохион байгуулах;

4.2. Төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар хэрэгжүүлэх ажлыг үр дүнтэйгээр зохион байгуулах;

4.3. Үйлчилгээний салбарт олон улсын стандартуудыг нэвтрүүлэх, нутагшуулах;

4.4. Эко аялал жуулчлалыг дэмжих, байгальд ээлтэй, дэвшилтэт технологи    нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс тодорхой урамшуулал олгох, эко байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаруулж, урамшуулах тогтолцоо бүрдүүлэх;

4.5. Аялал жуулчлалын мэдээллийн сангийн мэдээллийн баазыг өргөжүүлэх, тогтмол шинэчлэх, гадаад дотоодын жуулчдад салбарын мэдээ мэдээллийг шуурхай хүргэх нөхцөл бүрдүүлэх;

4.6. Монголын аялал жуулчлалын брэнд имижийг тодорхойлж, дэлхийн зах зээлд нэгдсэн бодлогоор гадаад сурталчилгаа зохион байгуулах;

4.7. Аялал  жуулчлалын жуулчдын даатгалын системийг боловсронгуй болгох;

4.8. Орон нутгийн жуулчдын зорих газруудад жуулчны угтах үйлчилгээг сайжруулах талаар тодорхой арга хэмжээг орон нутгийн удирдлагуудтай хамтран авч хэрэгжүүлэх;


Тав. Мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын гишүүд, дэмжигчдэд

5.1. Салбарын боловсон хүчнийг мэргэшүүлэх, давтан сургах ажлыг тогтмол зохион байгуулах;

5.2. Аялал жуулчлалын улирлын хамаарлыг багасгахад шинэлэг санал санаачилга гаргаж, төрийн байгууллагатай нягт хамтран ажиллах;

5.3. Аялал жуулчлалын салбарын суурь судалгаа явуулах ажлыг зохион байгуулж, статистик мэдээлийн бааз бий болгоход төрийн байгууллагуудтай хамтран ажиллах;

5.4. Төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг төрөлжүүлэх;


Зургаа. Бизнесийн байгууллагын ажил хэрэгч хүмүүст

6.1. Үйлчилгээний чанарыг сайжруулж, олон улсын жишигт хүргэх, холбогдох дүрэм, журам, стандарт, норм нормативыг хангаж ажиллах;

6.2. Жуулчдын сэтгэл ханамжийг дээшлүүлэх талаар тогтмол судалгаа явуулж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэн, үйлчилгээний чанарыг сайжруулах;

6.3. Аялал жуулчлалын салбарт тогтвортой хөгжил хангах, байгальд ээлтэй үйлчилгээний стандарт шаардлагыг чандлан сахиж ажиллах;

6.4. Жуулчны аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдлээс хамгаалах үйл ажиллагааг төлөвлөн, холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;

6.5. Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний шаардлага хангасан ажиллах хүч бэлтгэх, тогтвортой ажлын байраар хангах, ажил олгогчдын үүрэг, хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх;

6.6. Биет болон биет бус соёлын өвийг хамгаалахад анхааран, тогтвортой аялал жуулчлалын хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэх.

                              “Аялал жуулчлал-XXI зуун” үндэсний чуулганд оролцогсод

ТОО
0
0
0