ТАЙЛАНДАД ЮУГ ҮЗЭХ ВЭ

Тайланд нь Энэтхэг-Хятадын хойгт оршдог ба Мьянмар, Лаос, Камбож, Малайз гэсэн дөрвөн улстай 4863км урт зурвасаар хиллэдэг, далайд гарцтай 513 мянган км² газар нутаг, 65 сая хүн ам бүхий бүрэн эрхт, хэмжээт эрхт хаант засагтай вант улс юм. Тайланд нь газар нутгаараа дэлхийд 50-р байранд, хүн амаараа 20-р байранд ордог. Хүн амын 80% нь тай, 10% нь хятад, 3% нь малайз, үлдсэн 7% нь мон, кхмер гэх мэт жижиг үндэстэн ястнууд эзэлдэг. Тайланд оронд тив тивийн хүмүүс холхилдож, бараг бүх хүн нь англиар ярьж чаддаг нь аялал жуулчлал хэрхэн өндөр түвшинд хөгжсөнийг харуулдаг. Тус улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 80%-ийг дан ганц аялал жуулчлалын салбараас бүрдүүлдэг.




Хааны ордон (Grand Palace): Бангкок хотын зүрхэнд байрлах Хааны ордон нь 1782 онд хаан Рама үүсгэн байгуулсан. Тайландын үе үеийн хаадууд амьдарч байсан ордон бөгөөд 218.000м² талбайтай, 1900м урт, 1900м өргөн том ханатай хэмжээний байгууламж юм. Гранд палас хааны ордон нь 150 жилийн турш зөвхөн Хааны өргөө, Шүүх танхим байгаад зогсохгүй Засгийн газрын удирдлагын байр байсаар иржээ. Ордныг хүрээлэх өргөн уудам хашаан дотор нь Тайландын хэв маяг, шашин шүтлэгийг илэрхийлсэн, алтаар хүрээлэгдсэн чимэглэл бүхий эртний сүм хийдүүд байрладаг. Тайландын Рама Y, Рама YI, Рама YII зэрэг хаадууд өөрсдийн ордноо байгуулж тус ордноос гарсан байдаг бол  Рама YIII хаан 1945 онд Гранд палас ордонд Тайландын хаант төрийг буцаан авчирчээ. Дараа нь түүний ах Рама IX хаан тус ордноос гарч Читралада ордонд суужээ.

Гранд палас ордон нь өрнө дорнын уран барилгын өв соёлыг нэг дор үзүүлэх Тайланд хэв шинж, Италийн уран барилгын архитектурыг хослуулан барьсан байдаг. Хүлээн авалтын танхим, хаан ширээнд залах ёслолын танхим, зочид хүлээн авах ёслолын танхим гэх мэт орд харшуудаас бүрддэг. Эдүгээ Их ордонд Тайландын эзэн хааны гэр бүлийн товчоо, эзэн хааны нарийн бичгийн алба зэрэг байгууллагууд байрлан ажилладаг.

Ордны дотор байх Будда бурханы хөшөө нь 580 жилийн өмнө олдсон олдвор бөгөөд цэвэр алтаар цутгагдан бүтээгдсэн байдаг.

Тайланд орон алт мөнгөний баялаг ихтэй тул энэхүү ордонд 8-24 хүртэл кратын алтаар хийсэн зүйлс их байдаг. Мөн Тайландын эзэн хааны өмсгөлийг алтаар урласан байдаг ба халууны, сэрүүний, борооны улиралд өмсөх зориулалттай 3 янз байдаг. Эзэн хааныг эзгүйд угсаа залгамжлах хүү нь энэ үүргийг гүйцэтгэдэг юм. Хааны ордон, буддын сүм хийд нь Тайландын ард түмний хувьд хамгийн хүндэтгэлтэй газар учир ном журамтай хувцаслаж аялахыг шаарддаг. Тайланд нь Хэмжээлшгүй эрхэт Эзэн хаант, парламентын засаглалтай орон. Ард түмэн нь Эзэн хаан, хатан, гүнжээр бахархаж шүтэн биширч амьдардаг. Шар өнгө нь Эзэн хааныг бэлгэддэг ба хааны эрх мэдэл, сүр хүчийг шар өнгөөр илэрхийлж байдаг тул Эзэн хааны ордон цогцолборт алтан шаргал өнгөтэй гоёмсог барилгууд зонхилдог. Олон тооны ордны цэргүүдээр хамгаалуулдаг. Хааны ордонд ил задгай хувцас өмсөж орохыг хориглодог.



Маргад эрдэнийн будда (Temple of Emerald Buddha): МЭӨ 43 онд Энэтхэгийн Паталипутра хотод байсан ба IY зуунд нэгэн лам дайны дараа сүйрч эвдэрсэн хотоос Шриланка-д авчирчээ. Дараа нь 1434 онд Тайландын Чанграй буюу Тайландын өмнөд хэсгээс олдсон ба Чангмай (Chiangmai) хааны гэр бүлд өвлөгдөн дамжсаар Рама-I хаанд иржээ. Маргад эрдэнийн будда нь цул ногоон хаш эрдэнээр хийгдсэн ба Тайландын Эзэн хааны хувийн сүм буюу хамгийн ариун нандин газар хэмээн дээдлэн шүтэж ирсэн.

Тайландын ард түмэн 600 жилийн өмнөөс эхлэн Маргад эрдэнийн будда нь Тайландын тусгаар тогтнолыг хамгаалж ирсэн хэмээн итгэж иржээ. Маргад эрдэнийн будда нь борооны улирлын ба зуны улирлын гэсэн 2 улирлын өмсгөлтэй байдаг. Харин XIX зууны сүүлчээр Рама III хаан өвлийн өмсгөлийг хийлгэсэн ба онцгой арга хэмжээний үеэр тус өмсгөлөөр сольдог байна.



Чао Праяа (Chao Prhaya): Бангкок хотын дундуур урсах Чао Прая гол нь 372км урт. Мөрөн голын эзэн хэмээх утгаар нэрлэгдсэн байдаг ба тайланд хүмүүс энэхүү голынхоо ойр орчимд эрт үеэс суурьшин амьдарч, хотын соёл иргэншлийг бий болгосон тул Тай хүмүүсийн хөлс хүч шингэсэн ариун гол хэмээн эрхэмлэн дээдэлдэг. Жил бүр Тайландын шинэ жил, Усны баяр буюу Лой Кратонгийн баяр, Сункран фестиваль зэргийг энэхүү голын эрэг дээр тэмдэглэн өнгөрүүлдэг байна.





Ват Арун (Wat Arun): Ват Арун хэмээх нь Хиндү бурхан Арун буюу Мандах нарны туяа гэсэн нэрнээс үүсэлтэй. Тайландын хамгийн өндөр сүм бөгөөд 104м өндөр, 700 жилийн түүхтэй. Хэрвээ жуулчид хүсвэл Ват Арун сүмийн оройд гарч болох ба эгц өндөр шаттай, шатны 2 талаар түшлэгтэй ажээ. Сүмийн дээрээс Эзэн хааны ордон, Чао Праяа мөрөн, Ват По сүм зэрэг нь маш тод гоёмсог харагддаг.


Сүмийн орой дээр нарны тусгал хамгийн түрүүнд тусч, 8 зүгт цацардаг ба өглөө болж байгааг хамгийн түрүүнд хүмүүст мэдрүүлдэг ажээ. Нар жаргах үед ч үзэсгэлэнт төрх байдлыг бий болгодогоороо алдартай.  Сүмийн толгой хэсэгт алтаар зурсан Будда байрлаж, элдэв үйл явдал бүхий ханын зургуудаар чимэглэсэн байдаг. Ват Арун бол жуулчдын заавал очдог газруудын нэг төдийгүй, буддын шашинтнуудын тахил хийж, мөргөл үйлддэг ариун сүм юм.


Ват По (Wat Po): Бангкокийн хуучин сүмүүдийн нэг бөгөөд Бангкок хот үүсэхээс өмнө баригдсан, бариулсан эзэн нь тодорхойгүй барилга ажээ. Сүмийн нэр Ват По гэдэг нь “Бодь мод” хэмээх утгатай ажээ. Рама-I хааны зарлигаар тус сүмийг сэргээн засварлаж, дотор нь Рама-III хааны зарлигаар 1832 онд бүтээсэн дэлхийд томын хэмжээгээрээ 3 дугаарт тооцогдох  “Зүйрмэглэж буй Будда” хөшөөг байрлуулжээ.

Лагшин бие нь бүхэлдээ алтаар бүрэгдсэн ба өргөн нь 15м, урт нь 46м, Тайландын хамгийн том Будда хөшөөнүүдийн нэг юм. Зөвхөн хөлийн тавхайн урт нь 3м, өндөр нь 4.5м. Хөшөөний мэлмий ба хөлийг танан эрдэнээр урлаж, хөлний тавхайд нь бурхан багшийн 108 төрхийг дүрсэлжээ. Хөлийн улын чанх голд чакра буюу хүний биеийн сүнслэг 7 цэг байрладаг. Хонгил хэсгээр гарч явахад 108 хүрэл хул аяга байрлах ба өршөөл ивээлийг бэлгэддэг учраас хажуугаар нь өнгөрөх мөргөлчид, жуулчид зоос өргөвөл сайн явдал тохионо хэмээн итгэдэг.




МВК их дэлгүүр (MBK Department Store): Бангкок хотын хамгийн том дэлгүүр ба жуулчид, нутгийн иргэдийн хөл хөдөлгөөн тасардаггүй газар юм. 8 давхар хэсэгт 2000 тасаг ажиллаж бүх төрлийн хувцас хэрэглэл, арьсан эдлэл, тавилга хэрэгсэл, электрон бараа худалдаалдаг.








Патаяа хот (Pattaya): Тайландын зүүн эрэг дээр Бангкок хотоос 145км зайд Чонбүри аймагт байрладаг. Патая арлын нийт хэмжээ 50км², хүн ам 110 мянга. Аялал жуулчлалын хамгийн гол бүс учраас жилд 5 сая-аас илүү жуулчин гийчин хүлээн авдаг. Аялал жуулчлалаа дагаад албан бусаар 300-500 мянган хүн оршин суудаг гэж үздэг. Патая хот нь өөрийн гэсэн дотоод засаглалтай хот бөгөөд Тайланд улсын Засгийн газраас шууд хамааралгүй оршин тогтнодог онцлогтой.






Сирирача барын хүрээлэн (Sriracha tiger zoo): 1997 онд байгуулагдсан ба энд 400 гаруй эрээн бар байхаас гадна дэлхийд хамгийн томд тооцогдох матрын хүрээлэн байрладаг. Мөн нэг бөхт тэмээ, африк гөрөөс, хилэнцэт аалз, сармагчин, могой, ховор сонин шувууд гэх мэт сонирхолтой амьтадыг харахаас гадна торны цаанаас бартай хамт хоол идэж, зургаа авхуулж болно.






Матрын хүрээлэн (Crocodile farm): Энэхүү амьтны хүрээлэн жилд 10 сая үзэгчтэй байдаг алдартай хүрээлэн юм. Тус хүрээлэнд матар хооллох, заан унах, хилэнцэт аалз, могой зэргээр өөрийгөө ороох, бүх төрлийн амьтадтай зургаа авхуулж, барын шоу тоглолт, зааны үзүүлбэр тоглолт, матрын авъяаслаг тоглолт, гахайн торойны уралдаан зэргийг үзэх боломжтой байдаг.









Хадагтай хөвгүүн шоу (Lady Boy show): Тус шоу нь 1974 онд Патая аралд үүссэн гэх ба нэгэн залуу 3 найзын хамтаар “шинэ жилийн үдэш” шоу зохион байгуулсан явдалтай холбоотой ажээ. Тухайн үед үзэгчдийн сонирхлыг ихэд татсан тул жил бүрийн шинэ жилээр зохиогдож байгаад дэлхийн олон оронд очиж шоу тоглолтоо хүргэн олон сая үзэгчдийн үзэх дуртай дэлхийн хамгийн их үзэгчтэй топ 10 шоу-ны нэг болгож чаджээ. Патая арлын Хадагтай хөвгүүн шоуны хамгийн том нь Тиффани шоу бөгөөд нэг оройн тоглолтонд 2000 хүн хүлээн авч тоглодог.

Гоо сайхан бие бялдар, загварлаг, өнгөлөг хувцаслалт, тайзны шийдэл, гэрлийн гайхамшгаар жуулчдыг бишрүүлэхээс гадна хадагтай хөвгүүдийн уянгалаг дуу хоолой, уян налархай хөдөлгөөн, бүжиглэлт нь үзэгчдийг байлдан дагуулдаг. Нэг үзүүлбэр 3-5 минут үргэлжлэх ба гараа бүрт хувцсаа сольж тайзаа шинэчилж байдаг нь Тайландын шоу бизнесийн гайхамшигт хөгжлийг харуулдаг. Шоу үзэх танхимд суудлын зэрэглэл байх боловч хаанаас ч үзсэн сэтгэл хангалуун байж чадна. Шоу хөтөлбөрийн дараа загвар өмсөгч, мисс мэт санагдах хадагтай хөвгүүд үзэгчидтэй хамт зургаа авхуулдаг ба тэр агшин нь 20 батт байдаг.




Алтан будда (Golden Buddha): Патая арлын төвөөс 2км зайд, битүү ой модоор хүрээлэгдсэн Пратумнак (Pratumnak) толгой дээр байрладаг Алтан будда нь 18м өндөр. Патая арлын хамгийн том цэцэрлэгт хүрээлэнд байрлах ба 1940 онд баригдсан. Эргэн тойронд нь суугаа, хэвтээ, босоо будда бурхад байрладаг ба гарагийн 7 өдрийг илэрхийлсэн онцлогтой байдаг.

Толгой өөд шатаар өгсөх ба зам дагуу шашны эд хэрэглэлийн олон төрлийн жижиглэн худалдаа цэцэглэсэн байдаг. Гадаад дотоодын аялагчдын хөл тасрахгүй хөл хөдөлгөөнтэй бөгөөд мөргөлчид арц хүж асааж, тахилгын зүйлс өрж буй нутгийн заншил нь жуулчдын сонирхлыг татна. Энэхүү Алтан будда хөшөөний эсрэг талд Хятадын Күнз, Гуа Ян сүмийн барилгууд бий.




Nong Nooch Park: Патая арлын үндэсний цэцэрлэгт хүрээлэн ба 2.4км² талбайтай. Нэг өдрийн аялал хийсэн ч уйдахааргүй тохижилттой хөл хөдөлгөөнтэй газар юм. Ногоон байгууламжаар бүхэлдээ хучигдсан талбайд Тайланд үндэсний дуу бүжиг, зааны сонирхолтой үзүүлбэрийн тоглолт зохион байгуулагддаг.

Тус хүрээлэнгийн загвар донжийн дотроос эртний Францын цэцэрлэгт хүрээлэн жуулчдын анхаарлыг татдаг. Мөн маш том цахирмаа цэцгийн хүлэмж байх ба 670 гаруй төрлийн цахирмааг нэг дор ургуулан дэлхийд рекорд тогтоожээ. Хүрээлэнд өдөр бүр янз бүрийн шоу хөтөлбөрүүд сонирхож болохоос гадна завиар зугаалах, дугуй ба жижиг машин түрээслэн зугаалж болно.




Шүрэн арал (Coral Island): Патая арлаас 10км орчим зайд байх ба 4км урт, 2км өргөн. Арлын эргэн тойрон дов толгод, халуун орны залуу ойгоор бүрхэгдсэн ба маш өнгөлөг шүрэн арлуудаас тогтжээ. Тайландчууд “Кох хае” гэж нэрлэдэг. Уртаашаа сунасан, хоёр том цагаан арлаас бүрдсэн элсэрхэг эрэгтэй, маш цэвэр тунгалаг устай, гүндээ олон төрлийн загастай, нуурын зарим хэсэгт намхан тавцантай. Өдөрт дунджаар 5000 жуулчин хүлээн авдаг ба тэр нь 2 сая батт орлогыг авчирдаг.

Ихэнх шүрэн арлууд нь баруун талдаа байрлаж, эрэг дагуу худалдааны жижиг дэлгүүрүүд, далайн гаралтай хоолны газрууд байрладаг. Тус арал нь 3000 хүн амтай ба түүний 1000 орчим нь жуулчинд үйлчилгээ үзүүлж амьдардаг байна. Шүрэн арал дээр моторт завиар аялах, усны мотоцикл унах, агаарын шүхрээр буух зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлж болно.



Baiyoke Sky Tower: 328м өндөр, 85 давхар барилга юм. 1991-1996 онд баригдаж 1999 онд албан ёсны нээлтээ хийсэн Өмнөд Ази болон Тайландын хамгийн өндөр байгууламж ба дэлхийд өндрөөрөө 7 дугаарт ордог.  83 дугаар давхрын 360ө эргэдэг тавцан дээрээс хотыг бүхэлд нь харах боломжтой, харин 77 дугаар давхрын үйлчилгээний танхимд хооллох зэргээр тухалж болно. Барилгын ихэнх хэсэгт зочид буудлын өрөөнүүд байрлах ба 673 зочин хүлээн авах хүчин чадалтай.






Siam ocean: 2005 онд нээгдсэн Өмнөд Ази ба Тайландын хамгийн том далайн аквариум юм. 10 000м² талбайтай, 5 сая литр устай энэхүү усан ертөнцөд олон төрлийн далайн амьтадыг харах боломжтой. 30 мянган төрлийн усны амьтан болох загас, наймаалж, далайн хулгана, эмгэн хумс, могой загас, далайн муур, яст мэлхий, задгай тэнгисийн халимыг хүртэл харж болно. Халим нь арзгар шүдэт, хар хошуут гэх мэтээр ялгарна.





Лааны тосон музей: Орон орны музейд ялгарах онцлог байх ба Тайландын Мадам Тюссо музейд тус улсын хааны гэр бүл, алдартай дуучид, жүжигчдийн баримал байдаг. 10 үзэсгэлэнгийн танхимд 70 орчим үзмэр байдаг.

Тюссогийн үндэс суурийг тавьсан Мэри Тюссо нь 1761 онд Францын Страсбург хотод төржээ. Тэрбээр хүн дуурайлгаж лааны тосон баримал хийхийг физикч Филиппе Куртиусээс суралцсан бөгөөд анхны баримал нь 1777 онд бүтээсэн гүн ухаантан Вольтерынх байсан гэдэг. 1835 онд Лондон хотын Бейкер гудамжинд Мадам Тюссо анхны музейгээ нээсэн бол эдүгээ Амстердам, Берлин, Лас-Вегас, Нью-Йорк, Лос-Анжелос, Хонконг, Шанхай, Вашингтон, Бангкок зэрэг дэлхийн томоохон хотуудад салбар музейгээ нээж, жуулчдын очих дуртай газруудын нэг болгож чаджээ. Музейд улс орнуудын удирдагч нар, нэртэй улс төрчид, урлаг спортын алдартнууд, кино урлагийн одод, эрдэмтэдтэй хүссэнээрээ зургаа авхуулах боломжтой байдаг. Нэг баримлыг бүтээхийн тулд тухайн хүний биеэс 160 орчим төрлийн нарийн хэмжээ авч, 150-200 гаруй зургийг нь харьцуулан судалж, биеийн хэмжээ харьцаанаас 1см ч зөрүүлэхгүй үнэн зөв гаргаж, 5-7 долоон хоног бүтээдэг өндөр өртөг зардалтай ажээ.

Төмөр, пластик материалаар араг ясыг босгож, лааны тосыг дотор нь цутгадаг. Нэг баримал нийт 12 хэсэг цутгамлаас бүрддэг ба тусгайлан гаргаж авсан лааны тосыг 75 хэм хүртэл халаагаад баримлын хэсэг тус бүрд цутгасны дараа хөлдөөж биежүүлээд гаднах пластик бүрхүүлийг авч тосон эх биеийг сийлбэрлэх ажлыг эхлүүлдэг. Сийлбэр хийхэд 350 цаг зарцуулах ба зөвхөн нүдний хэсэгт 14 цаг зарцуулдаг байна. Нүдний солонгон бүрхэвчийг гараар будаж, нарийн судлуудыг дээд зэргийн торгоны утас авч наадаг ажээ. Барималд үс суулгах ажил хамгийн нарийн ажиллагаатай ба жинхэнэ хүний үс суулгадаг. Тухайн хүний үсний өнгө, бүдүүн нарийн ширхэг, шулуун ба долгиолог байдал зэргийг нарийн судалж тааруулдаг ажээ. Үсийг суулгаад мэргэжлийн үсчингүүдээр байнга засуулж янзлуулдаг байна. Шүдийг нь суулгахдаа мөн адил мэргэжлийн шүдний лаборатори байгууллагаар хийлгэдэг.  Мадам Тюссо музейн нэг баримлыг бүтээхэд 300 мянган ам доллар зарцуулдаг байна.



Усан завин дээрх оройн хоол (Chao Phraya Cruise Dinner): Чао Праяа гүнж усан онгоцон дээрх зоогийн газар нь 2 давхар ба нэг удаад 330 зорчигч суух боломжтой. Тайланд ийм нэртэй 6 онгоц байх ба Чао Пай, Чанг заан нэртэй хөлөг онгоцууд бас бий.

Нэг удаагийн аялалд 1 цаг зарцуулах ба оройдоо 3-5 удаагийн усан аялал хийгддэг. Онгоцон дээр тансаг зэрэглэлийн ресторан байх ба амьд хөгжмийн аянд оройн зоог барьж, дуулж бүжиглэх боломжтой. Шөнийн Бангкок хотыг усан онгоцон дээрээс тольдон харахад таатай санагддаг.




Мэдээллийн агуулгыг Монголиан гайд тур ХХК боловсруулсан болно. 

ТОО
0
0
0