ТОГОРУУНЫ БАЯР БОЛЛОО.

Монголын зүүн бүсийнхний эвент баярууд нь Монголдоо онцгой өвөрмөц байдаг. Түүний нэг нь Хэнтий аймгийн Биндэр суманд болдог ТОГОРУУНЫ БАЯР юм. Сүхбаатар аймагт ХУНГИЙН ЧУУЛГАН-ыг эвент болгодог бол Дорнод аймагт үзэмчин угсаатны ЖИЛИЙН ЦАЙ УУХ БАЯР болдог. Мөн буриад, барга түмний гэх мэт онцгой содон баяруудтай.



ТОГОРУУНЫ БАЯР-ын зорилго юу вэ. Дэлхийн хэмжээнд нэн ховордож устах аюулд ойрхон байгаа ЦЭН ТОГОРУУ болон ус намгархаг газрын хамгааллын тухай иргэдийн ойлголтыг сайжруулах, тухайн нутаг дахь ховор нандин биологийн нөөц баялгаар бахархах, шувуу ажиглагч жуулчдын анхаарлыг энэхүү баярт хандуулж цэн тогорууг хамгаалахад тэдний туслалцаа дэмжлэгийг авахад чиглэгдэж байгаа юм. ТОГОРУУНЫ БАЯР Биндэр сумын Хурхын хөндий – Цагаан нуурын орчинд 6 сарын 25-27-нд 4 дэх жилдээ зохиогдлоо. “Зэрлэг амьтанг судлах, хамгаалах төв”-өөс санаачлан Хэнтий аймгийн БОАЖГ-тай хамтран хэрэгжүүлдэг баяр  юм. 

Баярын үеэр “Тогоруу” хүүхдийн зуны эко сургалт, байгаль хамгаалагчдын хээрийн сургалт, тогоруу харах, усны шувуу харах, ойн шувуу харах дадал эзэмших, шувуу барьж бөгжлөх хөтөлбөрүүд явагдсанаас гадна ардын дуу хөгжмийн бэсрэг тоглолтууд, тогоруу болон цэн тогорууны амьдрах орчин, судалгаа, хамгааллын талаар дэлхийн болон Монгол дахь туршлага байдлын талаар сургалт хичээлүүд зохион байгуулагдсан байна. Мөн Бэсрэг наадам буюу үндэсний бөх, сурын харваа, дааганы уралдаан, шагайн харваа, хос морьтны тэмцээн,  саадтай морин уралдаан, Аха танин мэдэхүйн тэмцээн, шувуугаар сэдэвлэсэн гар урлалын бүтээгдэхүүний худалдаа явагдаж нутгийн ард иргэд идэвхтэй дэмжин оролцов.