ХОЙД ЦЭНХЭР БОЛ ЭРТНИЙ УРЛАГИЙН БИЕ ДААСАН ХҮЧИРХЭГ ГОЛОМТ

“Хойд цэнхэрийн агуйд хүн төрөлхтний эртний урлагийн бие даасан хүчирхэг голомт байсан бөгөөд энд асар өндөр хөгжилтэй уран сайхны авъяастай зураачид амьдарч байсны гэрчилдэг” хэмээн судлаач Р.Ганхуяг гайхалтай тодорхойлсон юм.  

Ховд аймгийн Манхан суманд орших тус агуйд 40 мянган жилийн тэртээ зурагдсан зураг бий. Дүрслэлийг цахиур цүүцээр цохиж, дараа нь улаан зос, шороон будгаар будсан байдаг. Тэмээн хяруул, цацагт хяруул, тогоруу, тэмээ, арслан заан, хэрж зогссон том эвэртэй одос үхэр, шорон эвэрт оронго гөрөөс, могой, гацуур маягтай мод зэрэг дүрслэл байдаг. Эдгээр амьтдын дүрслэлээс харахад Монгол нутаг 40 мянган жилийн тэртээ халуун орны уур амьсгалтай байсан бололтой. 


Дэлхий дээр 200 гаруй улс орон бий. Хуучин чулуун зэвсгийн үед хамаарах олдвортойгоороо Монгол орон “гайхуулах юмтай, бахархах зүйлтэй” улс орнуудын тоонд зүй ёсоор ордог бөгөөд хүний үүсэл Төв Ази тэр дундаа Монгол нутагт ойрхон болсоор байгааг сүүлийн үеийн судалгаанууд нотолсоор байдаг.


Хойд цэнхэрийн агуй нь карбонат чулуулаг буюу цагаан саарал өнгийн шохойлог гантиг чулуунаас тогтсон, дотор хананы өндөр 15 метр, шалнаас тааз хүртэл 20 метр, таазны байдал нь дотор талаас гадагшаа хонхор маягийн хэлбэртэй.


1998 онд МУИС, Ховд дахь салбар сургуулийн хамтарсан судалгаагаар Дөргөн сумын нутаг Буултын булгийн Тэсэрхий гэдэг газраас арслан зааны ясны 70 хувийн үлдэгдэл олж, эл амьтан Монголд байсан гэдгийг баттайгаар нотолсон.  


“Хойд цэнхэрийн агуй” нь Ховд аймгийн Цэнхэрийн голын эрэг орчимд байдаг ба “Гурван цэнхэрийн агуй” ч гэж нэрлэгддэг. Монгол Алтайн нурууны ар биеэс эх авсан урд Цэнхэр, дунд Цэнхэр, хойд Цэнхэрийн гурван гол Манхан сумын төв орчимд нийлж урсдаг бөгөөд Хойд цэнхэр талд ойрхон учраас ийнхүү нэрлэгджээ. Агуйг 1952 онд газарзүйн эрдэмтэн О.Намнандорж илрүүлж, хожим Монгол-Зөвлөлтийн хамтарсан археологичдийн томоохон бүрэлдэхүүн нарийвчлан судалсан. Эрдэмтэн судлаачид “Азийн урлагийн эхлэл нь Төв Азийн нутаг буюу Монгол нутагт байжээ” хэмээн дүгнэсэн байна.


Хойд цэнхэрийн агуйн дурсгалыг 1996 онд ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр дэлхийн өв соёлд бүртгэжээ.

 

ТОО
0
0
0