БРЮССЕЛЬ ХОТОД МОНГОЛ ХОТХОН БАЙГУУЛАГДЖЭЭ.

Белги улсын Брюссель хотын захиргаа Зул сарын баярыг угтан жил бүр “Өвлийн гайхамшиг” наадмыг зохион байгуулдаг. Хотын төв талбайд шинэ он гартал үргэлжилдэг уг арга хэмжээнд олон улсын соёлыг сурталчилж, зул сарын томоохон худалдаа гарч, төрөл бүрийн хөгжилтэй тэмцээн уралдаан, амттан ба үндэсний хоол үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг ажээ. Энэ жилийн “Өвлийн гайхамшиг” наадмын онцлох улсаар Монгол тодорчээ.


Тухайн жилийн зочин улс төв талбайд хотхоноо босгож соёл ёс заншлаа сурталчилдаг байна. Энэ жил Брюссель хотын төв талбай дахь “Монгол хотхон”-д үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, гар урлал, гоёл чимэглэл зэргийг худалдаалж, монгол хоол, соёл урлагаа танилцуулж байна. Уг хотхон 12-р сарын 31 хүртэл өдөр бүр 12:00 - 22:00 цаг хүртэл нээлттэй ажиллах юм.


“Өвлийн гайхамшиг “наадмын албан ёсны нээлтийн үеэр Монголын уран нугараач, бүжигчин, хөөмийчид үндэсний урлагийн тоглолт толилуулсан байна. Монголд жилийн 250 өдөр нар гэрэлтэж байдаг учраас “Мөнх хөх тэнгэрийн орон”, гурван сая хүн амынх нь 70% нь 30-аас доош насны залуучууд учраас “хүүхэд залуусын орон”, Монголын хоньчид дэлхий дээрх сүүлчийн нүүдэлчид хэмээн тооцогддог, үзэсгэлэнт байгаль нь дэлхийн олон олон жуулчдыг татдаг гэх мэтээр Монголын тухай сурталчлагдаж байгаа ажээ. Энэ жилийн “Өвлийн гайхамшиг” наадмыг сонирхон ирсэн зочид монголчуудын барьж босгосон 4 монгол гэрт зочилж, монгол үндэсний дуу хөгжим, бүжгийг талархан үзэж, гар урлалтай танилцаж, төрөл бүрийн хоолноос зооглож буй ажээ.

ТОО
0
0
0