ИХЭСИЙН ГАЗАР ГЭДЭГ НЬ ХААНЫГ ОРШУУЛСАН ГАЗАР БИШ.

Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхмийн эрхлэгч Д.Эрдэнэбаатар: Өнөөдрийг хүртэл Монгол улсын нутаг дэвсгэрээс Монголын нэг ч хааны булш олдоогүй байна. Энэ нь нууцлалтай холбоотой бөгөөд хүмүүсийн дунд хоёр янзын байр суурь бий. Их хаадын булш бунханыг хөндөж болохгүй гэдэг үзэлтэй холбож үздэг.


Хаад язгууртныхаа оршуулга тахилын байгууламж, ёс заншлыг мэднэ гэдэг бол төрт ёсоо улам илүү мэдэж хүндэтгэнэ гэсэн үг. Монголчууд хаадынхаа булшийг нууцалж чадсан тэр агуу нууцыг жаахан ч гэсэн тайлах юм бол цаашдаа төрт ёсны хүндэтгэл ёс горимыг тодорхой болгох боломжтой. Нөгөө талаар Чингис хааны байгуулсан Монгол улсаас өмнөх төрт улсууд өөрсдийн хаад язгууртны булшийг Монгол нутагт үлдээсэн. Тэдгээр нь Хүрэл зэвсгийн үе, Хүннү, Түрэг, Уйгар, Киданых гээд ялгардаг ба Хүннүгийн төрт улсын үе хүртэл хаад язгууртны булшийг сүрлэг том хэмжээтэй чулуун байгууламжтай хийж байсан. Энэ нь хаад язгууртнуудад үзүүлж байсан хүндэтгэлийн зэрэгцээ хожмын хүмүүс, тухайн цаг үеийнх нь сөргөлдөгч нарын тонон дээрэмдэх гол шалтгаан болж байжээ.


Тиймээс Сяньбийн төрт улсын үеэс эхлэн ихэс дээдэс, язгууртны оршуулгын зан үйлийг хийж гүйцэтгэхдээ шороон дараас хийх, нууцлан далдлах аргыг хэрэглэж эхэлсэн бололтой. Оршуулга, тайлга тахилгын зан үйлийг хамтад нь хийдэг байсан уламжлал өөрчлөгдөж оршуулгын зан үйл, байгууламжийг далд нууц байдлаар хийгээд тайлга тахилгын зан үйлээ ил хийх хэлбэр рүү аажмаар шилжсэн байна.


Эртний хаад язгууртны булшийг тонон дээрэмдэх нь ихсэж, хичнээн газрын гүнд хийсэн ч ясыг нь ухах болсноор хожмын монголчуудын дунд “Үхсэний дараа ясаа өндөлзүүлээд яахав” гэдэг хэлц үг хүртэл бий болжээ.


Ялангуяа Түрэг, Уйгурын төрт улсуудын үеэс хаад язгууртны оршуулгын зан үйл, тахилгын зан үйлүүдийг тусад нь хийх болсноор хаадын оршуулга нууцлагдах болсон. Түрэг, Уйгарын хаад язгууртнууд оршуулгын байгууламж хийхдээ газрын гүнд бунхан хийж, түүнийгээ дарж булахдаа дээр нь чулуу ашиглахгүйгээр шороон дараас хийдэг болжээ. Тэр нь хожим ердийн нэг шороон овгор мэт харагддаг байсан тул ард түмэн “Шороон бумбагар”, “Өндөрхангай ”, “Хангай” гэх мэтээр нэр цээрлэж иржээ.


Түрэг, Уйгарууд оршуулгын байгууламжуудаас зүүн урагш чиглэлд ойролцоогоор 120-150км зайд хүн чулуун хөшөө бүхий тайлга, тахилын нүсэр байгууламжууд барьж, жил бүр тайлга, тахилга хийж байсан бололтой.


Монголын их хаадыг нууцлан оршуулсан тухай олон таамаг, судалгаа байдаг боловч одоо хүртэл нэгдсэн санал дүгнэлтэнд хүрээгүй. Гэвч зарим түүхэн сурвалжид мэдээлснээр бол “...мянган адуугаар гишгүүлсэн” хэмээх мэдээ тийм ч оргүй биш юм. Учир нь 800-1000 жилийн тэртээ олон адуугаар гишгүүлсэн газар бол одоо ердийн байгалийн атар хээр талаас огт ялгарахгүй болдог.


Монголын нууц товчоонд “ихэсийн газар”, “тайлга, тахилгын тухай” дурдсан байдаг. Монголын ихэс дээдэс, хаад язгууртнаа оршуулсан газраа биш, түүнээс хол орших тахилга, тайлгын байгууламжинд ирж хүндэтгэл үзүүлдэг байжээ.


Ингэж алсаас тайлга тахилга хийх болсноор хаад, язгууртны оршуулгын зан үйл, түүнийг хийж гүйцэтгэсэн газар нь улам бүр далдлагдан нууцлагдах болсон бололтой. Сэцэн хан, Түшээт хан, Засагт хан, Сайн ноён хан аль аль нь Алтан ургийн шууд удмын хаад байсан учраас өөрийн бүхий л ёс заншил, дэг ёсоо хуучнаар нь хийж гүйцэтгэсээр байсан байна.


Энэ үеийн хаад язгууртнуудын оршуулгын зан үйлд зөвхөн “Алтан ургийн” эрэгтэйчүүд оролцон өөрийн хүргэн, бэрүүдээ ч оролцуулдаггүй байсан нь 1000 жилийн тэртээх нууцлалыг чанд хатуу сахиж байсны баталгаа ажээ.


Монголын талын язгууртнууд, хаад гэж хоёр том бүлэг бий. Язгууртнууд бол тухайн үеийн Монголын нийгэмд байсан чинээлэг давхаргын төлөөлөгчид. Хаад бол тэнгэрээс заяатай төр барьж байсан өндөр сүрлэг байр сууринд байсан хүмүүс.


Өгөөдэй хааныг яг тэнд оршуулсан гэсэн мэдээ байхгүй. Үүнтэй адилхан нууц код, шифр тайлж байгаа шиг бид судалгааны үр дүнд тайлах л асуудал бий. Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан улс орнуудаас ч аль нэг хааны булш олдоогүй.


Чингис хааныг Тангудад байлдаж яваад нас барахад тэрэг нь эвдэрсэн ч яаж ийгээд авчирч, эх нутагт нь оршуулсан тухай маш тодорхой заасан байдаг. Аль ч хаадын үед тэр уламжлал байсан. Ордос бол их хааны оршуулга биш хаад ихэс дээдэст хүндэтгэл үзүүлдэг тайлга тахилгын газар, тэнд булш байхгүй.


Буддын шашин Монголд гүнзгий нэвтэрсэнтэй уялдан амьтны амийг тэвчих гэдгээс үүдэлтэй мал амьтнаар тайлга тахилга өргөх ёс зогссон. Хүн дараагийн амьдралдаа өөртөө байгаа бүх юмаа авч явдаг. Насанд хүрсэн хүмүүсийн оршуулга тахил дотроос хангалттай их эд өлгийн зүйл гардаг бол хүүхдийн оршуулгаас эд хөрөнгө гардаггүй. Эхнэр, хатад, боолуудыг нь бас хамт булшилдаг зан үйл байсан нь Хүннү, Түрэг, Уйгар монголчуудад байсан эмгэнэлтэй зан үйл. Хүннүгийн хаан язгууртныг дагалдуулж 28 хүнийг оршуулсан байсан ба тэдгээр нь 7 сартайгаас 45 насны хүмүүс байсан. Тэр хүмүүс нэг гэр бүлийн биш, өөр өөр гэр бүлийнх гэдэг нь генетикийн судалгаагаар тодорхой болсон юм. Мөн хатад, албатуудын булшинд эд хөрөнгийг нь хүссэн хэмжээгээр нь дагалдуулсан байдаг.


Ихэсийн газарт очно гээд Нууц товчоонд маш тодорхой мэдээ бий. Энэ бол хааныг оршуулсан газар биш бөгөөд хаанд холоос хүндэтгэл үзүүлдэг хөшөөт газрыг хэлж байгаа юм. Монгол нутагт байгаа XIII - XIY зууны хүн чулуун хөшөөд бүхий газрыг Ихсийн газар хэмээн үздэг. Тэнд очиж тайлга тахилгын идээгээ хувааж хүртдэг, тэндээсээ хаад ноёдынхоо гэгээн дурсгалыг хүндэтгэдэг. Тайлга тахилга гэдэг бол амьтнаар өргөл барьц өргөхийг хэлээд байгаа юм. Хонь, адуу гаргаж, тэр идээгээ түлж хиншүү гаргаж эзнээ баярлуулж байна гэсэн зан үйл юм.  

ТОО
0
0
0