ДӨРВӨЛЖИН ЭНГЭР МАНЖ ХЯТАДЫНХ БИШ АЖЭЭ

“Хүн төрөлхтний түүх дорнодоос, ялангуяа монголчуудаас эхтэй, учир нь тэнд төр байсан юм” хэмээн Гегелийн хэлсэн үг байдаг. Нүүдэлчдээс дэлхийн түүх эхтэй. Монголчууд хувцас өмсөх зан заншлаа хүртэл “төрт ёсны үйл хийж байна” гэж үздэг байсан. Малгай, хувцас нь монголчуудын зэрэг дэвийг илэрхийлэхээс гадна хувцаслах маш өндөр соёл байв. 1246 онд Гүюг их хаанаар суух үед Их Хуралдайд ирсэн ихэс ноёд хааны ёслолын өмнөх гурван өдрийн турш гурван янзын ёслолын хувцас өмссөн байна. Үүнд “Эхний өдөр цагаан магнаг торго, дараа өдөр нь улаан магнаг торго, гурав дахь номин хөх торго, хоргой хувцас өмсөж ёсолсон” тухай Марко Поло тэмдэглэн үлдээжээ. Мөн тэмдэглэлдээ “Цагаан сарын шинийн 1-ний өдөр их хаан тэргүүлэн бүх ард иргэдэд хишиг хүртээх бөгөөд цагаан хувцас өмсөх заншилтай. Цагаан өнгө бол өлзий мөртөй, цэвэр сайхны билэгдэл гэж үздэг. Их хаан жилийн турш эд эрдэнэсийг элбэг эдэлж, лагшин тунгалаг, зол жаргалтай байхыг зөгнөн ерөөдөг. Монголчууд цагаан сараар хар дээл хувцас өмсдөггүй” гэж бичиж үлдээсэн байдаг. Энэ бүхнээс үзэхэд “монголчууд, нүүдэлчид гэдэг нь зэрлэг бүдүүлэг арьс нөмөрсөн хүмүүс” байгаагүй, харин ч хувцасны өндөр соёл заншилтай байсан нь тодорхой ажээ.

Монголчуудын хүчирхэг явсан үед нөлөөнд нь байсан улс орнууд монгол дээл хувцасны соёлыг даган дуурайсан. Хятадууд “амар тайван байлгадаггүй нүүдэлчид яагаад тийм хүчирхэг байна, тэдэнтэй тулалдах үеийн хурд хүч нь өмссөн хувцсандаа байна, түүнийг нь судалж өөрсдөдөө авч хэрэгжүүлж байж л бид нүүдэлчдийг ялан дийлнэ” хэмээн түүхэн сурвалжууддаа олонтаа дурьдсан байдаг.

Хятад, Орос, Япон, Солонгосын эрдэмтэд “нүүдэлчдийн хувцас хунараас суурин иргэншилд авсан зүйл их бий” гэдгийг нотолсон байдаг. 2010 онд Хятадын Шанхайд суудаг хятад үндэсний хувцас судлаач эрдэмтэн Бао Мин Шин хэлэхдээ “Үнэнийг хэлэхэд хан үндэстэн тал нутгийн нүүдэлчдээс хувцасныхаа загварт их зүйлийг авсан” хэмээн тэмдэглэсэн бол Оросын судлаач Л.Л.Викторова “Эртний монголчуудын дээл босоо захтай, энгэр нь дөрвөлжин байсан” хэмээн тодорхойлсон нь одоогийн монгол дээлний зах энгэрийг манж, хятадуудаас авсан гэх ойлголтыг няцаадаг. Босоо захтай дээл нь Манжаас өмнө Киданы үед холбогддог ба Кидантай холбоотой олдворуудаас олддог ажээ. Киданы үед монгол дээлний загвар үндсэн хэлбэрээ олж, XIII зууны үед улам баялаг болон хөгжиж Юань улсын үед дээд зэргийн тансагтаа хүрсэн гэж судлаачид үздэг. 

Өмнөд Солонгосын эрдэмтэн Дон Дук Ким “III зууны үед скифийн өмд Грек улсад дэлгэрч, хүннү өмд Хятадад нөлөөлсөн. Y-YI зууны үед Төв Азийн нүүдэлч иргэдийн дээлний нөлөөгөөр Солонгос, Япон, Хятад ёслолын хувцас, Ираны углаа хувцаснууд баяжсан. XII зууны үед монгол хувцас Хятадад дахин нөлөөлсөн бол хожим Манжийн хувцас нөлөөлж одоогийн хятад үндэсний хувцас бий болсон” гэж бичсэн байна.

Өмнөд Солонгосын профессор Им Мүн Ми хатагтай “Нангиадын уламжлалт хувцасны өөрчлөлтийн төлөвшил явцад гадаад зүүн хойт азийн угсаатнуудын нөлөөллийн судалгаа” хэмээх бүтээлдээ МЭӨ 3000 жилээс 1930 он хүртэлх хугацаанд Төв Ази, Зүүн хойд Азид оршиж байсан улс иргэн нь нангиадын олон үеийн хувцсанд харилцан нөлөө үзүүлсэн тухай тэмдэглэжээ. Солонгосын хувцасны нийгэмлэгийн ерөнхийлөгч Пан Күн Я нэлээд олон бүтээлдээ эртний солонгосын Ёо, Кох, Коон зэрэг гурван улс хийгээд Коро улсын үеийн хувцаснууд нь умард Монголтой адилхан байсан тухай өгүүлжээ.

Оросын эрдэмтэн В.С.Стариков “Монголын өвөг дээдэс болох дунху, кидан, сяньби нарын хувцасны загварыг манж нар дууриаж, улмаар манж нараар дамжин зүүн өмнөд Азийн орнуудад монгол хэв хийцийн хувцас түгсэн” хэмээн бичжээ.

 

2006 онд Монгол – Орос – Германы хамтарсан судалгааны баг Баян-Өлгий аймгийн Алтайн нурууны “Олон гүүрийн гол” дахь зургадугаар булшнаас үслэг хүрэм, эсгий малгайн үлдэгдлийг олжээ. Энэ булш нь МЭӨ IV-III зуунд хамаарагдах ба тарваганы арьсаар өнгөлсөн нэхий дээлтэй, богино даавуун өмд, эсгий гутал, өндөр оройтой дуулга маягийн малгайтай эрэгтэй хүнийг оршуулсан байжээ. Малгай нь шувууны толгойн дүрстэй, модон оройтой байв. Мөн модон морь, бугын дүрс бүхий чимэглэл олдсон.

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Дугуй цахирын хадны оршуулга бүхий дурсгалаас эрэгтэй хүүхдийн торгон болон эсгий дээл олдсон. Эсгий дээлний оёдол хийц загвар нь алмайрч бишрэмээр гайхалтай. Хуруу зайтайгаар зүйж оёхдоо утсаа эмхэрдэж байгаад гараар оёсон байсан. Дээлийг 14-15 настай эрэгтэй хүүхдийн дээл гэж үзсэн бөгөөд сунадаггүй материалтай, хатуувтар, уналттай маягийн “арьсан торго” байв. Дээлний суга нь гараа гаргах хэмжээний онгорхой ба сугалдаргалах зориулалттай гэж үзсэн. Английн нэг цуглуулагчийн хувийн цуглуулгад “Тал нутгийн стиль” гэсэн нэртэй суга хэсгээрээ онгорхой дээл байсан ба Төв Азийнх гэсэн тайлбартай байжээ.

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Бухын хошуу хэмээх газраас XIII - XIV зууны үед хамаарах 3 дээл олдсоны нэг нь язгууртны дээл байв. Мөрөн дээрээ зээгт наамалтай, алтан утас ороож хатгасан, ханцуйгаараа нарийхан, бүсэлхийгээрээ олон ширээстэй, ташуу энгэртэй байсан ба энэ загвар нь ерөнхийдөө Киданы үеэс түгээмэл хэрэглэгдэх болсон гэж судлаачид үздэг.

Дугуй Цахирын агуйгаас ханцуйн дээрээ хагалбартай  цэрэг дээл олдсон ба дээлний хормой морь унахад хөл тушихгүй дэрэвгэр, өнөөгийн харваачид шиг ханцуйгаа сурлан боодог байсан нь сум тавихад тээр болдоггүй байсантай холбоотой гэж үздэг.

ТОО
0
0
0