НҮҮДЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БА ХОТУУДЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ

“Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын хурал 2016.10.13-нд Туушин зочид буудалд нээгдлээ. Энэхүү хурлыг НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, Монгол улсын БОАЖЯ, “Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбоо” олон улсын байгууллага, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж буй юм. Торгоны замын гишүүн улс орон, НҮБ-ын ах дүү хотуудын холбоо, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын төлөөлөл нийтдээ 300 гаруй зочид төлөөлөгчид гурван өдрийн турш Улаанбаатар хотод чуулах юм. Энэ өдрүүдэд талууд талууд  аялал жуулчлалын салбарт цаашид баримтлах бодлого, тулгамдаж буй асуудал, гарц зэрэг асуудлыг хөндөн илтгэл тавьж,  нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Торгоны замын олон улсын хурлыг  Улсын их хурлын дарга М.Энхболд, НҮБ-ын ДАЖБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбооны тэргүүн Донг Ян Жанг нар нээж, хурлын удирдагчаар Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Содонтогос ажиллаж байна.


Монгол улс нүүдэлчин соёл иргэншлийн өв, түүхээ ашиглан одоогийн аялал жуулчлалыг нүүдлийн болгож, нүүдлийн аялал жуулчлал хэмээх өөрийн брэндийг бий болгохоор болжээ. Энэ ажлын эхлэл нь 33 улсын төлөөлөгч оролцсон Торгоны зам олон улсын хурал юм. Жуулчлалын шинэ брэндийг XIII зууны нүүдэлчин ахуйг шинэ зууны нүүдлийн соёл иргэншилтэй хоршуулж, Улаанбаатар хотыг аялал жуулчлалын төв болгохоор салбарынхан нь төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл Монголын тал нутаг, нүүдэлчин ахуй, үзэсгэлэнт байгаль, өвөрмөц, түүхэн байгалийн тогтоцуудыг үзэж, сонирхохоор Монголд ирсэн жуулчид  Чингис хаан онгоцны буудалд газардаад шууд нүүдлийн аялал жуулчлалын нэгдсэн төвийг зорьдог байх. Тухайн төвөөсөө 21 аймгийн аялахад тохиромжтой бүс, нутгийг сонгож аяллын маршрутаа төлөвлөх. Ингээд маршрутын дагуу жуулчид аялдаг байх нэгдсэн жуулчлалын бүтэцтэй болох ажлын төлөвлөгөөг салбарын яам нь гаргасан байна. Төлөвлөгөөний хамгийн чухал нь хэрхэн нүүдлийн аялал жуулчлалыг Монгол улсын брэнд болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдэг асуудал юм.

Монгол улсын аялал жуулчлалын салбарт нүүдлийн буюу “nomadic” хэмээх брэнд томоохон байр суурь эзэлдэг. Тиймээс энэхүү брэндээ дэлхийд сурталчлан таниулж, олон улсын аялал жуулчлалын зах зээлд өмчилж авах нь хамгийн чухал гэж НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага /ДАЖБ/-ын ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай хэллээ. Хэрэв Монгол улс дээрх боломжийг алдахгүйгээр богино хугацаанд нүүдлийн соёл иргэншлээ онцлон харуулсан аялал жуулчлалыг хөгжүүлж чадвал,

·         Иргэдээ шинэ ажлын байраар хангах

·         Жуулчдаар дамжуулан гадаад валютыг эх орондоо татах

·         Эдийн засгийн худалдааны тэнцлээ сайжруулах

·       Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, нэмэх зэрэг улсын эдийн засагт шууд нөлөөлөх том боломжууд нээгдэнэ гэж НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага ДАЖБ тооцсон байх юм.

БОАЖЯ-аас аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг  сайжруулж, оновчтой зөв бодлогоор жуулчид монголоор аялахад ямар нэгэн саадгүй зорчих зам тавих, эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь хангасан стандарт 00 зэргийг зохицуулж, бүтээн байгуулалтыг хийх төлөвлөгөөг ч мөн тусгажээ. Мөн аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэхээр “Аялал жуулчлалын тухай хууль”-ийг шинэчлэх саналыг Засгийн газарт хүргүүлсэн байна. Дээрх бүх төлөвлөгөө, санал биелбэл 2020 он гэхэд Монгол улсын аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварын үзүүлэлт 90 дүгээр байрт урагшилж, Монголд ирэх жуулчдын тоо нэг саяд хүрэх юм.

ТОО
0
0
0