ШИНЭ ГАДААД ПАСПОРТ ӨНДӨР НУУЦЛАЛТАЙ.


Иргэний бүртгэл статистикийн ерөнхий газар иргэдийн гадаад паспортыг шинэчлэх ажлыг эхлүүлээд байна. Ингэснээр монгол иргэдийн гадаад паспорт олон улсын стандартанд нийцэх ажээ. Монголчууд 2002 болон 2006 оны загвар бүхий гадаад паспортыг хилээр давахдаа ашигладаг байсан ба эдгээр нь чип байдаггүй, хугацааг нь сунгахдаа улсын бүртгэгчид гараар бичилт хийдэг зэрэг цаг үе, дэлхийн стандартаас хоцрогдсон байжээ.


Олон улсын иргэний нисэхийн газраас гадаад паспортын загвартай холбоотой тодорхой хэдэн зөвлөмжийг Монгол Улсад өгч байсан аж. Үүнд: Гадаад паспортанд чип суулгах шаардлагатай. Гадаад паспортын бүх мэдээллийг машинаар уншуулах боломжтой болгох гэсэн хоёр үндсэн зөвлөмжийг өгсөн байна.

Чиптэй паспорт нэвтрүүлснээр Монгол Улсын иргэд хилээр гарах, олон улсын виз мэдүүлэхэд хялбархан  болох юм байна. Олон улсын иргэний нисэхийн газрын зөвлөмжийн дагуу 2015 онд Гадаад хэргийн сайд чиптэй гадаад паспортын загварыг баталсан. Улмаар чиптэй гадаад паспортын тендерт Унгар Улсын Үнэт цаас, мөнгөн тэмдэгт үйлдвэрлэлийн компани ялсан байна. Унгарын ерөнхий сайдын өнгөрсөн айлчлалын үеэр хоёр тал хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ.

Гэвч иргэн бүр заавал чиптэй гадаад паспорт авахыг шаардахгүй байгаа ажээ. Өндөр нууцлалтай, чиптэй паспорт авах уу, эсвэл хуучин хувилбараа хэрэглэх үү гэдгээ иргэд өөрсдөө шийдэх гэнэ.  Шинэчилсэн паспортын хувьд чиптэй гэдэг утгаараа өндөр нууцлалтай. Хоёрдугаарт, сунгалт хийлгэх шаардлагагүй аж. Ер нь олон улсад гадаад паспортын сунгалт, гараар бичилт гэдэг ойлголт байдаггүй юм байна.

ТОО
0
0
0