I ЕЛИЗАВЕТА ХАТАН ЭРЭГТЭЙ ХҮН БАЙЖ МАГАДГҮЙ АЖЭЭ.

Англи орныг 45 жилийн турш хатуу гараар удирдсан I Елизавета хатан нөхөрт гараагүй, үр удмаа үлдээгээгүй бөгөөд түүгээр Теодарын угсаа дуусгавар болжээ. Шийдэмгий, хурц ухаантай, эмэгтэй хүнээс гарахааргүй шаламгай, хөөрүү зантай “онгон хатан хаан”-ыг эрэгтэй хүн байж магадгүй хэмээн ард түмэн олон зууны туршид таамагласаар иржээ.

XX зууны эхээр Английн зохиолч Брэм Стокер найз Генри Ирвингийн хамт Глостерширт байдаг Котсуолдын үзэсгэлэнт газар, Бисли хэмээх тосгоны нэгэн шилтгээнд ирээд “Хатан хааны өдөр” хэмээх жүжигчилсэн тоглолт үзжээ. Гэтэл жүжгийн залуу гүнжийн дүрд Елизавета гүнжтэй адил хувцас өмссөн нэгэн залуу тоглож байв. Үүнийг анзаарсан тэд яагаад эрэгтэй хүүхдийг гүнжийн дүрд тоглосныг лавлан асуутал нэгэн сонирхолтой яриа сонсож гэнэ.


Тэр яриагаар бол, 1543 онд 10 настай Елизавета гүнжийг Лондонд дэгдсэн тахлаас хол байлгах гэж Бисли тосгоны Оверкорт эдлэн газар аваачжээ. Гэтэл золгүй тохиолдлоор гүнж өвдөж тун удалгүй нас баржээ. Охины эцэг YIII Генрих хааныг ирэх сургаар сандарч тэвдсэн хүмүүжүүлэгч нар нь охины цогцсыг нуугаад түүнтэй адилхан охиныг тосгоноос хайж гэнэ. Тэд Елизаветаг түр орлох хүүхэд олоод хааныг явсны дараа энэхүү аймшигт мэдээг дуулгая гэж тохиролцжээ. Гэтэл түүнтэй адилхан охин олсонгүй тул гүнжийн хамгийн сайн найз болох үеийн нэгэн хөвгүүнийг охин болгон хувиргажээ. Невилл хүү тус ордонд хамт амьдардаг байсан ба YIII Генрих хааны нууц хүүхэд хэмээн сэм ярьцгаадаг байжээ. Хүү улаан шаргал үстэй, гүнжтэй нас болоод бие чацуу, үнэхээр төстэй байсан нь санаснаа хэрэгжүүлэхэд амар болгожээ. Гүнж эцгээсээ маш их айдаг байсан учир хаан эцэгтэйгээ ойр байгаагүй нь бас нэмэр болжээ. YIII Генрих хаан охин нь солигдсоныг анзаараагүй төдийгүй насан туршдаа үнэнийг мэдэлгүй өнгөрсөн аж.  


Зохиолч Брэм Стокер энэ түүхээр “Алдарт хуурамч этгээд” ном бичиж 1910 онд хэвлүүлсэн нь томоохон шуугиан тарьжээ. 1911 оны Нью-Йорк таймс” сонины нэгэн дугаарт Стокерийг худал цуурхал дэгдээсэн хэмээн хүчтэй шүүмжилсэн боловч ихэнх хүмүүс Английн хатан хаан I Елизавета Теодарын амьдралд эргэлзээтэй зүйл олон байдгийг ярилцдаг байв. Хатан хаан Бисли тосгоны хүмүүжүүлэгчтэйгээ насан турш дотно харьцаатай байсан ба энэ тухай Роберт Тервитт Эдуард Сеймурт 1549 онд бичсэн захидалдаа “Хатан хаан хатагтай Кет Эшли (Елизаветагийн асрагч) Томас Перри, Бланш Перри нарын дунд үхтэлээ хадгалах том нууц байгаа гэдэгт би итгэлтэй байна” хэмээн өгүүлжээ. Елизавета тэднийг үргэлж дэргэдээ байлгаж өгөөмөр хайр хишиг түгээдэг байв.


Мөн Елизавета хатны гаднах төрх анхаарал татдаг байсан. Тэрбээр нүүрэндээ зузаан энгэсэг тавьдаг байсан нь нүүрний арьс, хуссан сахлынхаа орыг нуудаг байсантай холбоотой гэж үздэг. 40 нас хүрмэгц үс нь халцарч эхэлсэн тул хиймэл үс зүүдэг байжээ. Елизавета хатан олон хуниастай өндөр захыг “моод” болгосон гэх ба тэрүүгээрээ төвөнхөө нуудаг байсан гэж үздэг. Хатан хаан хөрөг зурган дээрээ ихэвчлэн битүү хувцастай, хүзүү дүүрэн чимэглэлтэй гардаг. Тэрбээр өөрийгөө нас барсны дараа биеийг нь харахгүй ба харуулахгүй байхыг гэрээсэлсэн гэдэг.


Хатан хаан огт гэрлээгүй бөгөөд 25 настай хаан ширээнд заларсан Елизавета Английн тайж язгууртны нэгийг сонгож үр удмаа үлдээж Теодарын угсааг залгамжлуулах ёстой байсан ба түүний эцэг YIII Генрих хаан ч бас ингэж хүссэн байдаг.


1559 онд Испаний элч, гүн Фериа “Хэрвээ миний тагнуулчид худлаа хэлээгүй л бол Елизавета хүүхэд гаргах боломжгүй юм байна” хэмээн бичиж байжээ.


1543 оноос хойш гүнжийн бичиг, бодол санаагаа бичгээр илэрхийлэх байдал нь өөрчлөгджээ. Страссбургийн их сургуулийн эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч, ректор Рожер Эшемийн 1550 онд бичсэн захидалд “Гүнжийн ухаан эмэгтэй хүний сул дорой байдалтай огт нийцэхгүй, тэр их зөрүүд, бас эршүүд. Елизавета франц, итали, грек, латин хэлийг гаргууд эзэмшсэн. Залуу хатагтай хэрнээ гоёл чимэглэл, гоо үзэмжийг огт сонирхдоггүй, үйлдэл нь эрэгтэй хүүхэд мэт санагддаг байсан” хэмээн бичжээ.


Брэм Стокерийн анзааралгүй буюу мэдээгүй үлдсэн нэгэн зүйл бол гүнж охиных байж болох шарил юм. 1870 онд Оверкорт  эдлэн газрын шинэ эзэн нь цэцэрлэгт хүрээлэнгийнхээ хуучин чулуун хавтанг сольжээ. Барилгын ажилчид хайрцагтай төстэй байгууламжийн дээд талын чулууг өргөтөл дотор нь нарийн торго, хоргойгоор хийсэн хувцасны үлдэгдэл бүхий өсвөр насны охины араг яс байсан байна. Энэхүү ясыг судалж үзэхэд Теодарын үед амьдарч байсан 11 орчим настай охин нас барсан болохыг тогтоосон аж. Сонирхолтой нь энэхүү чулуун хавтан гүнжийн унтдаг өрөөний цонхны доор байсан гэдэг. Үүнийг олж нээсэн Томас Кебл гэгч “YIII Генрих хааны жинхэнэ охины шарил олдлоо” хэмээн ярьжээ. Цагийн эрхээр тэрхүү шарил алга болсон байна.


Брэм Стокерийн ном гарсны дараа ард иргэд Вестминстерийн сүмд байдаг I Елизавета хатны шарилыг шинжилж үзэхийг шаардаж эхэлсэн боловч хатан хааны гэр бүлд ямар нэгэн судалгаа хийхийг хатуу хориглосон  байна.


Эмхэтгэсэн Ч.Буянбадрах

ТОО
0
0
0