ШУУГИАН ТАРЬСАН ШАРГА АЗАРГАНЫ ЗУРАГ

Хэнтий аймгийн Батноров суманд зохион байгуулагдсан “Адууны баяр”-ын үеэр Ч.Батзаяа-гийн авсан шарга азарганы зураг Англи төдийгүй барууны томоохонд хэвлэлүүдэд нийтлэгджээ. Батноров сум нь Монгол улсын хамгийн олон адуутай сумдын нэг бөгөөд адууны соёлыг харуулсан уг арга хэмжээг цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөж буй ажээ.


Зурагны эзэн Ч.Батзаяа нь 10 гаруй жил аялал жуулчлалын салбарт ажиллаж буй, зураг авах сонирхолтой нэгэн юм. Адууны баяраар авсан зургуудаа Английн хэвлэлийн агентлаг руу явуулсны дотор 4 дүгээр багийн мянгат малчин О.Төмөрбаатарын шарга азарганы зургийг сонгож “Telegraph” сонины өдрийн онцлох зургаар сонгож дэлхийн 19 орны зургуудаас шилж нийтэлсэн ажээ. Тус зураг интернетэд тавигдсаны дараа Английн “Telegraph”, “The Sun”, “Guardian”, “Daily news” зэрэг бүх том сонинд нийтлэгдсэн. Шарга азаргыг Английн поп од Элли Голдинг-тэй адилхан хэмээн хөгжилтэй тайлбар бүхийгээр нийтэлсэн нь улам ч олон хүний анхаарлыг татсан байна. Шарга азарга од дуучинтай адилхан харагдсан нь чухал биш харин Монгол улс, уламжлалт монгол зан заншил нь дэлхий нийтийн хүртээл болсон нь чухал юм. Энэ зураг нийтлэгдсэний дараа Англиас Монголын веб хуудсанд хандах хандалтын тоо эрс нэмэгдсэн нь бас нэгэн олз юм.


Ч.Батзаяагийн зургууд олон орны хэвлэл болон сайтуудад тавигдаж байсны дотор аялал жуулчлалын бас нэгэн чухал эвент болох “Бүргэдийн баяр”-ын үеэр авсан зургууд нь дэлхий нийтийн хүртээл болж байжээ. 2015 онд Бүргэдийн баярын үеэр авсан зургийг Английн нэг веб сайтныхан олж үзээд хамтран ажиллах гэрээ байгуулах саналыг түүнд тавьсан гэдэг. Энэхүү гэрээний ачаар Шарга азарганы зураг дэлхий нийтийн хүртээл болж чаджээ. Тэрбээр “аялал жуулчлалын салбарт байнга сурталчилгаа хэрэгтэй байдаг ба түүнийг маш их хөрөнгөөр хийх шаардлага гардаг. Зураг авах дур сонирхолдоо тулгуурлан сэтгэл зүрхээрээ эх орноо сурталчлахыг хүсдэг. Миний жуулчдаас мэдэрдэг зүйл бол “монголчууд бид өөр соёл, ахуй амьдралтай тул тэдний сонирхлыг татдаг. Монгол ахуй, монгол соёл, монгол хүн тэдний хувьд их сонин. Хажуугаар нь зүгээр өнгөрөхгүй байж чадахгүй тийм л сонирхолтой өөр ертөнц юм” хэмээн ярьжээ. Хоёр жилийн өмнө барууны орнуудад шуугиан тарьсан казах бүргэдчин охины зургийг мөн адил Ч.Батзаяа авчээ.

ТОО
0
0
0