ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН САНД МОНГОЛЫН ҮЗМЭРҮҮД

Амстердам, Бээжин, Дублин, Парис, Сөүл, Лондон гэх мэт том хотуудын шилдэг үзмэрүүдийг багтаасан Олон улсын шилдэг бүтээлийн санд Монгол улсын таван музей нэгджээ. “Ази, Европын музейн сүлжээ олон улсын байгууллага”-аас хэрэгжүүлж буй “Виртуал цуглуулга” төслийн хүрээнд тус санг байгуулсан бөгөөд одоогоор дэлхийн 25 хотын музей, урлагийн галерей нэгджээ. Мэдээлэл харилцан солилцож, туршлага судлах, шилдэг үзмэрийнхээ танилцуулгыг сангийн цахим хуудаснаа англи болон эх хэлээрээ байршуулах хэлбэрээр эх орноо сурталчлах боломж олгож байгаа тус санд Монголын Үндэсний музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Театрын музей, Чойжин ламын музей, Уран зургийн галерейн 58 бүтээл багтжээ. Нэрт зураач Б.Шаравын “Монголын нэг өдөр”, Улсын эх дагина Дондогдуламын хүүхдүүдтэйгээ авхуулсан гэрэл зураг, YIII зууны үеийн дээл, Хүннүгийн үеийн эсгий, Цагаан хөлт туг, бөөгийн өмсгөл, морин хуур, халх эхнэрийн дээл ба гоёл чимэг, Жамсран, Майдар бурхан зэрэг сонирхолтой үзмэрийн мэдээлэл, яагаад шилдэг бүтээлээр шалгарсан тухай тайлбар зэргийг тус мэдээллийн санд байршуулжээ. Тус санд http://masterpieces.asemus.museum/Default.aspx хаягаар зочилж болох юм байна.


ТОО
0
0
0