2014/12/04

ХУБИЛАЙ ХААНЫ ТҮҮХ ЧИНГИС ХААНЫХААС ДУТАХГҮЙ


“Жек Уотерфорд” сангаас зохион байгуулсан монголын түүхийн салбар дахь 2013-2014 оны шилдэг бүтээлүүдийн тэргүүн шагналын эзнээр “Их Хүннү” уран бүтээлийн нэгдлийн захирал О.Батсүх “Хубилай хаан, Монголын их Юань улс” бүтээлээрээ шалгарчээ. Түүнтэй ярилцсан ярилцлага.  

Та Хубилай хааны тухай бүтээлээрээ “Жек Уотерфорд” сангийн тэргүүн шагналын эзэн болсонд баяр хүргэе. Энэ шагналыг авсандаа сэтгэл өндөр байна. Эл номыг бичих гэж судалгаа хийж арваад жил болсон. Хубилай хааны бодит дурсгалууд их байдаг. Хубилай хааныг гадаадын судлаачид их судалдаг, харин монголчууд бид хэрхэн мэддэг билээ гэж судалсан. Ер нь Хубилай хааны түүх их сонирхолтой байдаг. Юу гэхээр өвөг эцэг Чингис хааныхаа түүхээс хол давсан түүхтэй хүн шүү дээ. Төрсөн нутгийнхаа хил хязгаарыг даван гарсан газар нутгийг байлдан дагуулснаараа тэр гайхамшигтай. Агуу хүн гэдэг бол өөрөө их түүхийг араасаа дагуулдаг юм байна. Нэгэн цагт Хубилай хаан морьтон монголчуудаа дагуулан өнөөгийн Хятадын нийслэл Бээжин хотыг өргөтгөн сайжруулж Их Юань улсынхаа нийслэл хот болгосон талаар бид мэддэг. Гэхдээ бид Хубилай хаан болон үр ач нартай нь холбоотой уран барилга, үнэт бүтээлүүдийг тийм ч сайн мэддэггүй. Энэхүү бүтээлээр Хубилай хаан болон монголчуудын байгуулсан Их Юань улсын түүхэнд мөрийг мөшгөн танилцуулахыг хичээсэн. Хубилай хаан бол өвөг эцэг Чингис хааныхаа адилаар дэлхийд танигдсан хамгийн алдартай түүхэн хүмүүсийн нэг. Монголын Их Юань улсын хөгжлийг өмнө оршин тогтнож байсан залгамж улсаас эхлээд өнөө үеийг хүртэл холбон тодорхой дурсгалуудаар дамжуулан танилцуулахыг зорьсон. Судалгааны явцад энэ хааны түүхийг гайхан биширч явснаас биш, ийм нэр хүндтэй шагнал хүртэнэ гэж бодоогүй явлаа. Монгол улсын ерөнхий сайд асан А.Амар гуайн бичсэн “Монголын товч түүх”-ийн номонд их түүхийг арав арван жилээр эмхлэн бичих хэрэгтэй гэсэн байдаг. Тэр үүднээс би энэ номыг бичсэн юм. Монголыг ард түмэн түүхээ мэддэг байгаасай гэж би боддог. “Жек Уотерфорд” сангийнхан нэлээд олон эрдэмтдийн бүтээлийг хэлэлцүүлэн манай энэ бүтээл дээр дийлэнх нь саналаа өгсөн юм билээ.

Юань гүрнийг үндэслэгч их хааны тухай түүхэн судалгааны зурагт номыг арав гаруй жилийн судалгааны үр дүнд бүтээсэн гэлээ. Судалгааны ажлаар хэдэн улс дамнан аялсан бол? Орос, Иран гэх мэт Юань гүрний бүрэлдэхүүнд байсан улс орнуудаар явсан. Юань гүрний дагуур Алтан ордны улсаас, Эл хаадын улс хүртлэх Дундад Азийн асар их, өргөн уудам газар нутагт Хубилай хааны зарлиг тушаал, гэрэгэ хүрч байсан гэхээр бахархам. Зарим нэг бэрхшээлтэй асуудлууд байсан. Гадна орны архивт суугаад ном зохиол, олдвортой таараад түүнийгээ уншиж, ойлголт дөнгөж авч байх үед “Одоо болно энэ чинь манай түүх” гэх мэтээр нүд үзүүрлэх үе бишгүй. Учир нь түүхийн үнэт олдвор хэрэглэгдэхүүнүүд яах аргагүй тухайн улсын өмч болсон байдаг. Энэ нэг талдаа харамсалтай боловч нөгөө талаараа гайхмаар зүйл. Монголын нэгэн хааны ул мөр хадгалагдан үлдсэн байгаа нь л түүх юм. Ер нь манайхан Хубилай хааныг хятад улсад байсан хаан л гэлцдэг. Солонгос, Тайланд гэх мэт орнуудад хүртэл нэр суу нь түгж, тэр улсын хаанд охиноо бэр буулгасан зэрэг сонирхолтой түүх арвин бий. “Түүх өв соёл” судалгааны баг Бээжин хот дахь Монгол улсын элчин сайдын яамтай хамтран БНХАУ-ын эрдэмтдийн уулзалт зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсны үр дүнд энэхүү зурган тайлбар бүтээл бий болсон. Хубилай хаан болон Их Юань улсыг судалдаг эрдэмтдийг хүлээн зөвшөөрсөн дурсгалуудыг танилцуулахдаа нэгэн хэв загварт баригдалгүй олон янзын байр сууринаас тодруулан тайлбарлахыг хичээсэн.

Хубилай хааны тухай Америкийн эрдэмтэд нэлээд сайн судалгаа хийсэн байдаг. Түүний бүтээл танд нэлээд тус болсон байх. Япон руу дайлаар мордох үед живсэн усан онгоцны үлдэгдэл зэрэг нь таны судалгаанд тусгагдсан уу? Хамрагдалгүй яахав. Тэдгээрээс гадна Хубилай хааны үүсгэн байгуулсан одон орон судлалын багаж, 1287 онд бариулсан Төрийн удирдлагын их сургууль зэрэг байна. Өнөөгийн намар нь сургалт эхлээд, хавар төгсдөг дэлхийн боловсролын системийг Хубилай хаан үүсгэсэн байгаа юм. Мөн монгол төрийн залгамж халааг бэхжүүлэх зорилгоор элэнц өвөг, эмэгээс эхлэн өөрийн үе хүртлэх хаад хатдын тахилгын өргөөг босгосон байдаг. Хубилай хаан шарын шашныг шүтэж Пагва ламыг Улсын багшаар өргөмжилсөн ч нөгөөтэйгүүр монгол туургатны язгуур шашин тэнгэр үзлээ дээдэлж байсны илрэл юм. Зөвхөн хаад хатад ч гэлтгүй авга ах нарыгаа буюу Зүчи, Цагаадай, Өгөөдэй, өөрийн аав Тулуй тэргүүтнийг мөн шүтээн ордондоо мөнхөлсөн түүхтэй. Харамсалтай нь тэр шүтээн ордон одоо үгүй болж дээ.

Таныг судалгааны ажил хийж явах үед Хубилай хааны үр сад гэх хүн таарав уу? Өвөрмонголд түүний удам угсааны хүмүүс байдаг гэсэн. Манай алтан ургийнхан шиг “би” “би” гэсэн ойлголт харьцангуй бага юм билээ. Хубилай хааны удмын хүнийг яаж тогтоодог вэ гэхээр овгийн тамгаар нь тогтоодог юм билээ. Тэр овгийн хүн байна гээд тамгыг хараад эрдэмтэд тогтоодог юм. 1215 онд өвөө нь Хятад гүрнийг эзлээд ирэх үед Хубилай хаан төрсөн байдаг. Яг энэ жилээс хойш 1370 он хүртэл 155 жил Юань гүрнийг манайхан захирсан. Энэ бүхнийг би номынхоо есөн бүлэгт багтаасан.

Та ингэхэд ямар мэргэжилтэй хүн билээ? Түүхийн ийм том судалгаа хийсэн юм чинь түүхч хүн үү? Би түүх судлаач биш. Би СУИС-ыг театр, киноны найруулагч мэргэжлээр 2000 онд төгссөн. Мэргэжлээрээ ажиллаж байгаад эх орноо төлөөлөн Өвөрмонголын “Одон” телевизэд найруулагчаар очсон. Тэндээ гадаадын найруулагчидтай хамтран кино бүтээж байгаад Хубилай хааны түүхийг судалж эхэлсэн. Ингээд түүхэн баримтат кино хийхээр сэтгэл шулуудаж, улмаар Хубилай хааны тухай түүхэн ном бүтээлээ. Кино маань есөн ангиар цацагдсан. Кино гарсаны дараагаас л эхлэн ном болгон хэвлүүлж өгөөч гэсэн хүсэлт их ирж байлаа.

Түүхэн ном бүтээнэ гэдэг амаргүй даваа биз? Баримтат кино бол амархан. Судалгааны дагуу хөгжмийн зохиолчтойгоо ярилцаад, баримтуудаа шигтгэж өгнө. Харин ном бичнэ гэдэг асар их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулдаг. Аливаа шинэ бүтээл өмнөх бүтээлүүдээсээ улбаалан гарах нь зайлшгүй учраас өмнө нь гарсан ном зохиол, түүхэн баримтуудыг уншиж судална гээд цаг хугацаа их зарцууллаа.

Таны энэ бүтээлийг харахад бараг эрдмийн зэрэг хамгаалах хэмжээнд оччихсон юм шиг санагдлаа. Энэ бүтээлтэй холбоотой зарим нэг сургуулиуд докторын зэрэг хамгаалаач, сэдэв чинь бэлэн байна гэсэн санал, сонголтууд ирж байна. Олны хүчээр сонголтоо хийгээд суралцана даа. Хубилай хаан эцэг өвгөдийнхөө хүсэл зорилгыг үргэлжлүүлэхдээ шашин, соёлд нэн хүлээцтэй хандаж, үр нөлөөтэй засаг захиргааны бүтцийг эрэлхийлсэн байдаг. Тэрээр “Дөрвөлжин” бичгийг шинээр зохиолгож, Их Юань улсын олон хэл соёлыг нэгдсэн байдлаар зохицуулан зангидахдаа Евроази дахь Монголын эзэнт улсуудад түгээн тархаасан. Үүний улмаас Хубилай хаан өвөг эцэг Чингис хааныхаа эхлүүлсэн Ази, Европын хооронд худалдааны нээлттэй харилцааг соёлын солилцоотой хослуулан төгөлдөржүүлснээр нэгэн сонирхолтой үе болох “Pax Mongolica” үүсч, XIV зуун дуустал үргэлжлэхэд хүргэсэн нь өрнө, дорно хоёуланд нь нэн их үр өгөөжтэй байсан. Тус бүтээлийг бичих явцдаа түүхэн үйл явдлыг дэлгэрүүлэхийн тулд эрт эдүгээн эрдэмтэд мэргэдийн алдарт ном бүтээл дээр тулгуурлахыг зорьсон юм. Өнгөрсөнөөс өнөөдрийг хүртэл хүн төрөлхтний түүхийг бүтээлч хэрнээ оюунлаг хүмүүсийн үйл хэрэгт үндэслэн бичиж үлдээсэн үе үеийн оюун ухаанд шивнэгч эрдэм билэгт түүхчиддээ чин сэтгэлээсээ талархаж байна. Хубилай хаан болон Их Юань улсын тухай урьд өмнө гарч байсан бүтээлүүдээс онцлог ялгаатай болгохын тулд түүхийг танин мэдэхдээ энгийн үгээр хялбаршуулан бичсэн билээ. Ирж буй 2015 онд Хубилай хааны мэлмий гийсний 800 жилийн ой тохионо. Дэлхийн түүхэнд хүчтэй нөлөө үзүүлсэн Хубилай хаан болон Их Юань улсыг шинээр үнэлж дүгнэхэд энэхүү тайлбар зурагт бүтээл маань тус ойн жилд хувь нэмрээ оруулах болтугай хэмээн хүсч байна.

Одоо ямар бүтээл дээр ажиллаж байна? Архангай аймгийн Өндөр-Улаан суманд малтлага хийсэн “Улаанбаатар” их сургуулийн багш Эрдэнэбаатартай хамтран ажиллаж байна. Сүүлийн гурван жил явж зургийг нь авсан. Хөрөнгө оруулагч нь УИХ-ын гишүүн Х.Баттулга. Монгол археологичоор ахлуулсан судалгааны баг маань амжилттай ажиллаж байна. Эх орныхоо үнэт олдворт хөрөнгө оруулах сонирхолтой монгол бизнесменүүд олон байна. Түүнээс биш гадаадын төсөл хэрэгжүүлэгч нар Монголын газар нутагт, манай археологичдын мэдлэг чадварыг ашиглаж дэлхийд цацахдаа өөрсдийнхөө нэрээр гаргадаг гашуун сургамж зөндөө байна.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0