2012/12/17

ДЭЛХИЙН АЛЬ Ч УЛСАД ХУУЛБАР ТАВЬДАГ МУЗЕЙ БАЙДАГГҮЙ.

АНУ-ын Калифорнийн Их сургуулийн урлаг судлалын багш, МУИС-ийн зочин профессор, Урлаг судлалын ухааны доктор Ц.Уранчимэг: Музейнууд сан хөмрөгийнхөө жинхэнэ оргиналь бүтээлүүдийг тавихгүй байгаад би нэлээн эмзэглэж явдаг. Музейд очоод монголынхоо жинхэнэ бүтээлийг үзэх гэхээр хуулбарыг нь тавьчихсан байдаг. Ховор нандин бүтээл, өв соёлын зүйлсийг музейд байлгадгийн гол учир нь хүмүүст л үзүүлэхийн тулд шүү дээ. Гэтэл манай музейн ажилтнууд жинхэнэ бүтээлээ цаанаа хадгалж байгаа, угаасаа ийм журамтай гээд ярьж суудаг. Дэлхийн аль ч улсад хуулбар тавьдаг музей байдаггүй. Жуулчид манай музейн үзмэрийг хуулбар гэж мэдэхгүй, жинхэнэ гэж үнэмшээд л үздэг. Жинхэнэ үзмэр нь нэг л музейд байх нь ойлгомжтой. Гэтэл манайд тухайн үзмэрийг хэд хэдэн музейд хуулбараар нь үзэх нь бий. Өөрөөр хэлбэл, үнэ цэнэ байхгүй болчихож байна гэсэн үг. Тухайн үзмэрийн эх нь байгаа юу гэхэд музейн ажилтнууд гадаадад үзэсгэлэнд явж байгаа, эсвэл хадгалж байгаа гэж бүгд ижилхэн хариулдаг. Урлаг судлаачид бол жинхэнэ эх оргиналь бүтээл дээр ажиллаж судалгаа шинжилгээ хийдэг шүү дээ. Зохих журмаар нь яам тамгын газраас нь зөвшөөрөл аваад үзэх гэхээр тэдний судлаачидтай харьцаж байгаа харьцаа, зөвшөөрөл авах зэрэг нь тун төвөгтэй. Музейн зорилго бол боловсрол судалгаанд зориулагдсан байх ёстой. Манайд энэ утга алдагдсан байдаг. Үзмэрийг гадаадад үзэсгэлэнд явах хугацааг хүртэл хуульчилж зааж өгөх ёстой байдаг. Гадаад орны бүх музей өөрийн цахим хуудастай. Музейн үзмэрээ маш сайхан танилцуулсан байдаг. Гэтэл манайд ил болгож сурталчлан танилцуулж иргэдээ боловсруулах нь битгий хэл нууцлаад байдаг. Музей гэдэг угаасаа хүмүүст нээлттэй байх ёстой шүү дээ. Одоо манайд мөрдөгдөж байгаа Соёлын тухай хууль аль 1996 онд батлагдсан байдаг. Тус хуулинд сул тал, учир дутагдалтай зүйл нэлээд бий. Музейн үзмэрийн тухай сайтанд эх оргиналаас нь гадна хуулбар бүтээлүүд хүртэл хэн хэзээ, ямар технологи аргаар бүтээсэн нь хүртэл бүртгэгдсэн байдаг. Хэчнээн хуулбар байдаг тухай хүртэл тов тодорхой байдаг юм.  

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0