7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

ЭНХ ТАЙВНЫ ХОНХ

1992 онд Монголын ард түмний энх тайвны төлөөх үйл хэргийг үнэлж Япон улсын “Дэлхийн энх тайвны харанга” нийгэмлэгээс дэлхийн улс орнуудын зоосон тэмдэгтүүдийг хайлуулан бүтээж бэлэглэсэн. Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутагт Чингисийн талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнд байрладаг ба тус дүүргийн хамгаалалтанд байдаг.

Шашин шүтлэг, арьс өнгө, улс төрийн шалтгаанаар дэлхий дахинд мөргөлдөөн, үл ойлголцол, зөрчилдөөн үүсэж буй өнөө цаг үед дэлхийн хүн ард энх тайвнаар зэрэгцэн оршиж амар амгалан амьдрахыг уриалан дуудахын бэлгэдэл агуулсан тус хонхыг жил бүрийн 9-р сарын 21 буюу НҮБ-аас санаачилсан “Олон улсын энх тайвны өдөр”-өөр цохиж дуугаргадаг заншил тогтжээ. Хонх цохих үйл ажиллагаанд будда, шинто, ананда марга, брахма кумарис, христос, ислам, бахай, католик гэх мэт шашны бүхий л урсгалын төлөөлөгчид оролцдогоороо онцлог. Анх 1954 онд Америкийн Нью-Йорк хотод Энх тайвны хонхыг дэлхийн 60 гаруй орны хүүхэд багачуудын хандивласан зоосон мөнгөөр бүтээж байсан түүхтэй.