• Зайсан хилл цогцолбор
  • Богд уул
    Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан хөшөө
    Зайсан толгойн ам
  • Богд хааны өвлийн ордон
    1903 онд баригдсан.
  • Баянзүрх дүүрэг
    Дулмаалин хийд
    Дарь эхийн сүм
  • Берлин хүрсэн танк
    Танкийн хөшөө
    1944 он, "Хувьсгалт Монгол танкийн цуваа"
  • Гэгээн Тройцкийн сүм
    Үнэн алдартны сүм
  • Богд уул
    Одон орныг судлах төв
    Хүрэл тогоотын ам
  • Дашчойлин хийд
    Зүүн хүрээ
  • Төв цэнгэлдэх хүрээлэн
    1958 онд баригдсан
  • АСЕМ Вилла хотхон
    Олон улсын стандарт бүхий гольфийн талбай

7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ

Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал нь нийслэл Улаанбаатар хотоос баруун урд зүгт 14.7 км зайд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Буянт-Ухаад байрладаг нисэх онгоцны буудал юм. Баруунаас зүүн рүү бууж, зүүнээс баруун руу нисэх хатуу хучилттай нислэгийн нэг зурвастай. Тус буудал нь Монголын хамгийн том нисэх онгоцны буудал билээ. Монголын агаарын тээврийн компаниуд болох МИАТ, Изнис, Аэро Монголиа, Хүннү аэрлайнс компаниуд олон улсын болон дотоодын нислэг үйлдэж тус замыг ашигладаг. Буянт-Ухаа нисэх онгоцны буудал хэмээх нэр нь Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг угтан 2005 оны 12-р сарын 21-нд Чингис хаан нисэх онгоцны буудал нэртэй болсон.

Дотоодод Баянхонгор, Мөрөн, Овоот, Оюутолгой, Тавантолгой, Улаангом, Чойбалсан, Даланзадгад, Улиастай, Өлгий, Ховд, Алтай зэрэг хот руу орон нутгийн нислэг үйлдэж, Эрхүү, Хөх хот, Москва, Бээжин, Берлин, Нарита, Осака, Ханэда, Сөүл, Шанхай, Хонконг, Хайлаар, Улаан-Үд, Чонжу, Алмата, Эрээн хот руу Олон улсын нислэг үйлдэж байна. Жилд дунджаар 600 мянган зорчигчид үйлчилж ирсэн ба өнгөрсөн жил 900 мянган зорчигч тус буудлаар үйлчлүүлсэн байна.

Тус онгоцны буудал нь зорчин явагчдын хүлээлгийн танхим, бүртгүүлэх танхим, тээш хадгалах танхим, аюулгүй байдлын үзлэгийн танхим, хилийн шалган нэвтрүүлэх боомт, бизнес уулзалтын танхим, Төрийн хүндэт зочдын танхим, орон нутгийн хүндэт зочдын танхим, татваргүй барааны дэлгүүр, Үндэсний бэлэг дурсгалын дэлгүүр, номын дэлгүүр, кофе, Буянт-Ухаа ресторан, ачаа экспорт шуудангийн хэсэг зэрэг үйлчилгээний байгууллагууд байрладаг. Мөн МИАТ, Хүннү аэрлайнс, Изнис аэрвэйз, Аэро Монголиа, Air China, Aeroflot, Korean Air, Turkish Airlines компаний төлөөлөгчийн газрууд тус буудалд байрладаг.

Иргэний нисэхийн ерөнхий газар, Нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Холбоо, навигаци, бодит ажиглалтын үйлчилгээний алба, Нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба, Шалгалтын нислэг, зураглалын алба, Газрын тусгай үйлчилгээний албууд үйл ажиллагаа явуулдаг.

1936 онд анх Зөвлөлтийн “Добролет” байгууллага Улаан-Үд Улаанбаатарын хооронд агаарын нислэг үйлдэх зориулалтаар Монголоос газрын зөвшөөрөл авч Морингийн хөндийд өөрийн хөрөнгөөр шороон зурвастай нисэх буудлыг анх байгуулж, Добр гэж нэрлэжээ. Тус буудалд Маршалын онгоц, Б.Дагва даргатай И-15 сөнөөгч онгоцны хороо байрладаг байжээ. 1944 онд БНХАУ-аас манай оронд хүрэлцэн ирсэн АНУ-ын Дэд ерөнхийлөгч О.Уэлс энэ буудалд бууж Х.Чойбалсан угтан авсан байна. Тэр үед Ли-2, Ил-12, Ил-14, Дуглас гэх мэтийн дунд оврын онгоцууд нисдэг байжээ.

Эрт үед одоогийн Яармагийн баруун дэнжээр ухаа хонгор зүсмийн олон адуу бэлчээрлэж явснаас нэг ухаа хонгор зүстэй охин унага унтаад хоцорсоныг нэгэн ядуу эр олж тэжээснээс хойш тэр айл ухаа хонгор зүсний олон адуутай болж баяжсан юмсанжээ. Тэр үеэс энэ ухааг “Буянт-Ухаа” гэж нэрлэх болжээ.

"Буянт-Ухаа” нь 1984 онд ЗХУ-ын техник эдийн засгийн туслалцаатайгаар, зөвлөлтийн мэргэжилтнүүдийн удирдлагаар, Монголын барилгын цэргийн барилгачид болон Улаанбаатар хотод байсан Зөвлөлтийн барилгын СОТ-3 трестийн Орос, Монгол барилгачдын хүчээр баригдаж 1986 оны 6 дугаар сард ашиглалтад оржээ.

1957 оны 2-р сарын 19-ний өдөр Цэрэг ба Нийгмийг Аюулаас Хамгаалах Хэргийг Эрхлэх Яамны сайдын 107 тоот тушаалаар Улаанбаатар хотын Буянт-Ухаа нисэх онгоцны төв буудал анх байгуулагджээ. 1958 онд Ил-14 онгоцоор Улаанбаатараас Эрхүү, Бээжингийн чиглэлд олон улсын нислэг хийдэг болсноор “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал болсон.

1994-1997 онд Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр өргөтгөл хийгдсэнээр тус Олон улсын нисэх буудал нь ИКАО-ийн кодын тодорхойлолтын дагуу хүнд даацын агаарын хөлгүүдэд үйлчлэх хүчин чадалтай 4D категорийн аэродром, нисэх буудлын болон газрын үйлчилгээний хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон орчин үеийн нисэх буудал болон өргөжсөн юм.

1998 онд Иргэний Агаарын Тээврийн Удирдах Газрын даргын тушаалаар Олон улсын нисэх буудал болон зохион байгуулагдсан. 2005 оны 12-р сарын 21-ний өдөр Монгол улсын Засгийн газрын 255 дугаар тогтоолоор Чингис хаан Олон Улсын Буудал болгон өөрчилсөн. Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын харъяа Буянт-Ухаа дахь Чингис хаан Олон улсын буудал нь цагт 1000 хүнд үйлчлэх хүчин чадалтай олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, 24 цагийн үйл ажиллагаатай, зорчигч үйлчилгээний цогцолбор юм.

Эх сурвалж: Монгол орны лавлах