7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

ЭНХ ТАЙВНЫ ГҮҮР

Энэ газарт хувьсгалаас өмнө “Залрахын улаан” хэмээх модон гүүр байжээ. Тэр гүүрний гол хэсгийг Богд гэгээн залрахаас бусад үед хөндлөн модоор чагтлан хааж цоожлоод зөвхөн хоёр талаар нь явган хүмүүс зорчдог байв. Богд хааныг нас барсны дараа 1925 онд уг гүүрийг улсаас удирдан засуулж нийтийн зориулалттай болгожээ. 1930-аад оны үед аж үйлдвэрийн комбинатыг Туул голын хөвөөнд барьж байгуулснаас хойш уг гүүр нь зам харилцааны ихээхэн ач холбогдолтой болсон юм. Урьд өмнө байсан тэрхүү модон гүүрийг 1958 онд хятадууд шинэчлэн барьж одоогийн энэ гүүрийг бий болгожээ.

Энх тайвны гүүрийг барих хүртэл “Залрахын улаан” модон гүүрийг хэд хэдэн удаа сэргээн засварласан байна.  Төмөр зам, засмал зам, гол дээгүүр гардаг энэ гоёмсог гүүр “Нарны гүүр”-ийг ашиглалтанд ортол Улаанбаатар хотын хамгийн том гүүр байжээ. Энх тайвны гүүр орших Туул, Дунд голын хоорондох нутаг бэлчээрийг ХХ зуны эхэнд Богдын “өндгөн сүргийн нутаг” хэмээн нэрлэдэг байв. YIII Богд гэгээний уналга эдэлгээний адуу, хоол ундны сааль сүү, зоогийг бэлтгэдэг мал сүргийг тусгай харуул хамгаалалтын дор малладаг байсан учир тийнхүү нэрлэдэг байжээ. Өөр бусад айлын малыг оруулдаггүй, тусгай харуул хамгаалалттай байсан ба мөн Богдын цагаан, ногоон, хүрэн гэсэн гурван ордон байв. Энэ өндгөн сүргийн нутаг бэлчээрт VIII Богд Жавзандамбаас гадна түүний багш Балданчоймол ёнзон, Цэцэн хан аймгийн хөвчийн Жонон ван Цогбадрах, Сайн ноён хан Намнансүрэн зэрэг айлууд нутагладаг байсан түүхтэй.