7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛД ЗОРИУЛСАН ХӨШӨӨ

Энэхүү хөшөөг 1994 онд уран барималч Л.Болдын зураг төслөөр бүтээжээ.  Дөрвөлжин хар өнгөтэй шоо нь хүний эрх чөлөөг хааж боон нэгэн хэв загварт барьсан байдлыг илэрхийлсэн нүсэр ханыг илэрхийлж, дотор нь тэрхүү ханыг нураахыг хүссэн, эрх чөлөөний төлөө тэмцэж тэмүүлсэн хүмүүний дүрийг илэрхийлсэн байдаг бөгөөд зэс хөөмлийн аргаар урлажээ.  Энэхүү хөшөө нь тэртээ он жилүүдийн гомдол харуусал, үнэнийг хайсан цөхрөл, олон жил хураасан нулимс, маш олон үндэсний сэхээтэн, эрдэмтэн лам нарын амьдрал амь насаар тоглосон гунигт түүхийн гэрч болон бүтээгджээ. Урт ба өргөн нь 5м, өндөр нь 6.5м, хүндийн жин нь 7-8тн жинтэй хөшөөг гантиг чулуу, төмөр, зэсээр бүтээжээ.  1990 оноос хойш нийслэл хотын нутаг дэвсгэрт боссон анхны модернист чиглэлийн хөшөө гэдгээрээ онцлог.  НИТХ-ын 2007 оны 197-р тогтоолоор Чингэлтэй дүүргийн хамгаалалтанд авсан. Хөшөөний хажууд:
“Халуун итгэл цөхөрсөн
Хатан зүрх шархирсан
Хар дарсан зүүд шиг жилүүдийг
Хамаг монголчууд бүү мартагтун!” нь хэмээн бичсэн байдаг.