7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТРЫН БАРИЛГА

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын барилга бол дайны дараах энх цагийн бүтээн байгуулалтаар барьсан архитектурын дурсгалт барилгуудын нэг юм. Улсын төв театрын барилга байгуулах тухай СнЗ-ийн тогтоол 1940 онд гарсан ч эх орны дайны улмаас хойшлогдож, 1946 оны 6-р сарын 28-нд анхны суурийн чулууг тавьжээ. Барилгын зураг төслийг ЗХУ-д амьдарч байсан фашизмыг эсэргүүцэгч, Герман архитектор Герхард Косель 1945 онд зохиосон бөгөөд 1946-1949 онд Улсын барилга трестийн барилгачид, Японы олзлогдсон цэргүүд барьж ашиглалтанд оруулжээ. Барилгын модыг Тэрэлжийн бүсээс бэлдэн Туул голоор сал урсган зөөвөрлөжээ. 1941-1942 онд Зөвлөлтөд элчин сайдаар ажиллаж байсан Ж.Самбуу гуай Зөвлөлтийн мэргэжилтнүүдэд анх захиалга өгөхөд энэ хүн таарч гүйцэтгэхээр болжээ. Козель “үндэсний хэлбэртэй хийх үү” хэмээн асуухад Самбуу гуай “бид сонгодог маягийн тайзны урлагтай болмоор байна” хэмээн хариулжээ. Герхард Козель 1968 онд Монголд ирэхдээ өөрийнхөө бүтээлийг хэрхэн сүндэрлэн боссоныг харсан гэдэг.

Үзвэрийн гол танхим 800 хүний суудалтай бөгөөд нийтдээ 38 мянган м.кв багтаамжтай 4 давхар барилга юм. Барилга ба хашааны Монгол хээ угалзыг архитектор Б.Чимэд, зураач Д.Манибадар нарын зохиосон зураг төслөөр барималч С.Чоймбол, Н.Даваацэрэн, Н.Жамбаа нар бүтээжээ. Улсын Хөгжимт Драмын Театрыг 1963 оны 5 дугаар  сарын 15-наас эхлэн Улсын Драмын театр, Улсын Дуурь Бүжгийн театр болгон өөрчилж, бие даасан хоёр театрыг байгуулсан түүхтэй. Түүний дараа Улсын дуурь бүжгийн театр одоогийн байранд 1963 оны 5 дугаар сарын 18-нд П.И.Чайковскийн алдарт “Евгений Онегин” дууриар нээлтээ хийжээ. Байгуулагдсанаасаа хойш Дж.Пуччиний “Чио чио сан”, “Сайхан Тоська”, П.Чайковскийн “Шелкунчик”, “Жизель”, “Нойрсож буй хатан”, “Хунт нуур”, Дж.Вердийн “Травиата”, “Торбадур”, В.Моцартын “Дон жуан”, “Бахчесрайн оргилолт булаг”, “Спартак” зэрэг дэлхийн сонгодог 20 гаруй бүжгэн жүжиг, “Учиртай гурван толгой”, “Жаргалын зам”, “Чингис хаан” зэрэг үндэсний 30 орчим дуурийг тоглож тайзнаа амьдруулжээ. 1981 оны 7 сард Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор тус театрт “Академик” цол хүртээсэн юм. 1994 онд “Сонгодог урлагийн академик театр”, хамгийн сүүлд 2002 онд “Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр” хэмээн нэрлэжээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0