7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САН

1921 оны 11 дүгээр сарын 19-нд бага хурлын шийдвэрээр Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд 2000 номтой байгуулагдсан бөгөөд 1924 онд хуралдсан Улсын анхдугаар их хурлаас Улсын номын сан болгосон юм. 1951 онд одоогийн гурван давхар барилга ашиглалтанд орсон бөгөөд уг байшинд 500 мянга орчим номтой үйлчилгээгээ явуулж эхэлжээ. Тус номын сан нь цуглуулсан хэвлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний цар хүрээгээрээ хамгийн том номын сан төдийгүй монгол үндэстний болон Төв Азийн нүүдэлчдийн бичиг соёлын өв, ховор нандин гар бичмэл, алт эрдэнэсээр урласан хосгүй үнэт ном судрыг цуглуулан хадгалснаараа гадаадын эрдэмтэд, монгол судлаачдын сонирхолыг татсан мэдээлэл судалгааны гол төв болж байна.


Эдүгээ тус номын сан нь монгол, түвд, манж, англи, орос, япон, солонгос, герман болон дэлхийн бусад олон хэл дээрх 3 сая гаруй эртний болон орчин үеийн ном судар, хадгаламжийн нэгжээр үйлчилж байна. Номын фондод нь соёлын өвийн төвд бүртгэгдсэн бичиг үсгийн дурсгал, түүх, соёлын асар үнэт өв болох “Алтан товч”, “Эрдэнийн эрх”, 1345 онд модон бараар барласан 4 хэлний хадмал “Жамбалцанжид”, “Чингис хааны угийн бичиг”, “Ганжуур” /108 боть/, “Данжуур” /225 боть/, соёмбо үсгээр бичсэн “Итгэл”, цэвэр мөнгөн хуудсан дээр алтан үсгээр бичсэн “Сундуйн жүд”, “Жадамба”, нэрт эрдэмтэн Шагжийн 1914 онд 5 х 5 сантиметр хэмжээтэй цаасан дээр хялгасаар бичсэн “Ногоон дарь эхийн тууж” зэрэг ховор ном судар олон бий. Монголчуудын ном судрыг үнэт зүйл болгон алт, мөнгө, шүр сувдаар чимэглэж, хоргой торгонд ороож, нандигнан хадгалж ирсэн билээ. 

 

Эх сурвалж: Монгол орны лавлах