7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДОН

БНМАУ тунхагласны 50 жилийн ойн баярыг тэмдэглэх үед ЗХУ-ын Төрийн тэргүүн Л.И. Брежнев болон хүндэт зочид төлөөлөгч нар хүрэлцэн ирсэн байжээ. Монголын Төрийн тэргүүн Ю.Цэдэнбалын гэргий А.И.Цэдэнбал Филатова зочдод хандан ахан дүүсийн холбоогоо бататган нандин бэлэг барихыг хүссэн өгөөмөр санал дэвшүүлсэн бөгөөд энэ нь Улаанбаатар хотод залуу хос гал голомтоо бадраах бүрт төрөл садан, найз нөхдөө цуглуулан хуримын ёслол үйлдэх шинэ цагийн ариун хайрын орд өргөө хэрэгтэй байгааг дурдсан явдал юм. Ийнхүү ЗХУ-ын буцалтгүй тусламжаар “Гэрлэх ёслолын ордон”-г сүндэрлүүлэн босгох шийдвэр гарч их бүтээн байгуулалт өрнөн Монголд төдийгүй Төв Азид анх үүдээ нээсэн ордон болжээ. Монгол Зөвлөлтийн барилгачин залуучууд богино хугацаанд барьж дотоод заслыг Ардын зураач Д.Амгалан, сийлбэрч Л.Чуваамид нарын уран бүтээлчид ур ухаанаа хослуулан бүтээжээ. Ордны барилга 1976 оны 6-р сарын 14-ний өдөр нээлтээ хийж Улаанбаатар хотын АДХГЗ-ны “Иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх хэлтэс” бөгөөд “Гэрлэх ёслолын ордон” хэмээх оноосон нэртэйгээр байгуулагдаж, мөн өдөр анхны хуримлагчдыг хүлээн авч гэр бүлийн баталгаа олгон, шинэ сууцны түлхүүр гардуулснаар энэ ордны түүхийн хуудас нээгджээ.

Эл үеэс эхлэн эхнэр нөхрийн ядам хуруунд хатан сүйх, хаан бугуйвчтай шижир алтан бөгж зүүдэг болсон байна. Өнөөг хүртэл 40 мянга гаруй хосын гэрлэлтийг бүртгэн авчээ. Сүүлийн жилүүдэд гэрлэж буй нийт хүмүүсийн 30 гаруй хувь нь тус ордонд ёслолоо хийж хоёр талын ах дүү, хамаатан садан, найз нөхдийнхөө өмнө бие биендээ үнэнч байхаа тангараглаж илүү бат бөх, үнэ цэнэтэй гэрлэлтийг буй болгодог болсон байна. Анх байгуулагдахад нь хуримаа хийж байсан хосууд 20, 30 жилийн дараа мөнгөн хуримаа дахин эл ордонд хийхээр ирдэг байна. Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Гэрлэх ёслолын ордны дэргэд 12 ханатай, 108 уньтай, сийлбэртэй “Их өргөө” гэрийг барьж 2010 оны 6-р сарын 21-ний өдөр нээлтээ хийж хуримын хүндэтгэл ёслолын үйл ажиллагаа болон сургалт семинар зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг болжээ.

Жич: 1924 онд Улаанбаатар хотын анхны захиргаа энэхүү хуримын ордон байгаа газар зургаан гэртэйгээр байгуулагдаж анхны засар даргаар М.Баяр томилогдон ажиллаж байжээ.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0