БОГД ХАН УУЛ

Улаанбаатар хотын өмнүүр 40 километр сунаж тогтсон, Хэнтийн нурууны баруун өмнө үзүүр дэх Монгол орны ойт хээр, хуурай хээрийн бүсийн зааг дээр оршдог. Хамгийн өндөр оргил Цэцээ гүн далайн төвшнөөс дээш 2268 метр, түүний дараах Түшээ гүн оргил далайн төвшнөөс дээш 2256 метр болно. Тайгын бүсийн гол бүлгэмдэл болох гацууран ой Монгол оронд гуравхан байдгийн нэг нь Богд хан уулын гацууран ой юм. Гэвч сүүлийн жилүүдэд их хэмжээгээр багасчээ. Сибирийн их тайга, Хэнтийн нурууны тайгын олон зүйл хөхтөн амьтадын тархалтын хамгийн урд хил болдог онцлогуудтай. Богд хан уулын эргэн тойрны 20 амнаас жижиг гол горхи эх аван урсаж зарим нь Туул голд, зарим нь уулын бэлийн хонхор хотгорт хүрч хурдас хөрсөнд шингэдэг бөгөөд хотын цаг агаарын таатай орчинг бүрдүүлэхэд нөлөө үзүүлдэг.

Богдхан уулын ам хөндий хажуу хормойгоор бичигт, зурагт хад цохионууд, хиргисүүр, хөшөө булш зэрэг түүхийн дурсгалт зүйлүүд бий. 1294 онд гаргасан Монгол Их Юань улсын хууль цаазын 398 дугаар бүлэгт “Богд хан уул, Отгонтэнгэр, Хан Хэнтий, Алтайн нүсэр даваа” зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг дархан цаазтай болгож байжээ. Мөн XIII зуунд Ван хан Тоорил дархлан тахиж Хан уул хэмээн нэрлэсэн домог бий. Хожим 1778 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Хүрээ сайд Юндэндоржийн хүсэлтээр Манжийн хааны зарлиг гарч Дархан цаазат газар болгожээ. Эдгээрийг үндэслэн Богд хан уулыг Монголын төдийгүй дэлхийн хамгийн анхны Дархан цаазат газар хэмээдэг. 1957, 1974, 1995 онд дархлан хамгаалахыг дахин баталгаажуулсан байна.

Богдхан уулын тахилгын ёсон: 1809 оноос Богдхан уулын амуудыг цагдаатай болгож, нутаг дэвсгэрт нь орох зөвшөөрлийг Богд хаан гардан олгодог журамтай байжээ. Богдхан уулыг 1778 оноос эхлэн жилд хоёр удаа хавар намар тахиж ирсэн бөгөөд ноён оргил Цэцээ гүнд шашны болон төрийн овоо гэж нэрлэдэг хоёр овоо бий. Тус бүрд нь идээ будаа, бүтэн үхрийн мах, хэд хэдэн хонины махаар шүүс бэлтгэн тавьдаг байсан бөгөөд тэдгээр шүүсийг тавих цар нь 10 ханатай гэрийн тоонотой тэнцэхүйц том байжээ. Аймаг хошууд, ард иргэдээс өргөл барьцанд ирсэн цагаан идээ, айраг тараг зэргийг сарын өмнөөс Чулуутын аманд цуглуулж тахилгын өдөр тэмээнд ачин Цэцээ гүн рүү аваачдаг байжээ. Тахилгын өдөр өглөө эрт нар гарахаас өмнө төрийн хаад ноёд тэргүүтэн Төрхурахын амыг өгсөн мориор очиж, Их хүрээнээс цогчин унзад, гэсгүй тэргүүтэй 50 гаруй лам, өвөр талаас Манзуширын хийдийн 40 орчим лам хувраг ирж тахилгын ном уншдаг байв. Тайлга дууссаны дараа тахилгын идээ, будаанаас 30 аймаг, 10 дацанд хүртээнэ. Богдхан уулын хоёр оргил Цэцээ, Түшээ хоёрт “гүн” цол шагнаж жил бүр 50 лангийн цалин пүнлүү олгож байсан бөгөөд тахилгын үеэр уулын оройн хонгилд хадганд ороон хийдэг байжээ. Богдхан уулын савдагийг хүчирхэг Хангарьд шувуу, буга унасан Цагаан өвгөн хэмээн дээдэлж, Их хүрээний цам харайх үеэр муу хорлол бүхнийг дарагч хэмээн Хангарьд шувууг, ариун цагаан амирлангуйг авчрагч Цагаан өвгөн хоёрыг оруулж тоглуулдаг байжээ. Домогт өгүүлснээр, Эрт цагт лусын охид үүр цүүрээр дуг нойрондоо дугжирч байтал тав дахь охин хар даран зүүдэлж цочин сэржээ. Түүнийг сэртэл нэгэн хар эрээн могой хариугүй хатгах гэж байв гэнэ. Гэтэл нэгэн хангарьд нисэн ирээд могойн хүзүү сүүл хоёроос тэлэн барьж, дунд хэсгээс нь амандаа зуугаад “Би та нарын хаш цагаан орд гэрийн тань үүдийг сахин хамгаалж явъя” гээд могойг авч оджээ. Ийнхүү Хүрээ хот маань Хангарьд сахиустай болсон юм гэдэг. Хожим Богдхан уулын тахилгад зориулж оройд нь найман талтай алтан ганжиртай сүм бариулж байнгын 2 лам сууж, зул хүж өргөдөг байсан хийгээд Богд уулын цагдаа нар долоо хоногоор ээлжлэн эргэж тойрч зулын тос, хүнс залгуулдаг албатай байжээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0