7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

ХАНГАРЬД САХИУС

Үлгэр домогт өгүүлэх шувуудын хаан буюу гайхамшигт хүч чадалтай, маш том биетэй шувуу. Хангарьд гэдэг нь самгарьд буюу санскрит хэлэнд “домгийн шувуу” гэж тайлдаг бол эрдэмтэн Я.Цэвэл толь бичигтээ “гарьд” гэж оруулаад “домгийн шувуу бөгөөд жигүүртний хаан” гэж тайлбарлажээ. Эл хийсвэр домог Төвдийн шашнаар дамжин Монголд нэвтэрсэн гэх ба хүнтэй ижил мутартай, баруундаа ланз үсэгт вачир дүрс, зүүндээ бадамлянхуа цэцэг барьсан, доод хоёр хөлийн сарвуугаар могой атгаж зуурсан, цүндгэр том гэдэстэй, цээжиндээ хоёр хөхтэй,  гахайн чихтэй, хүзүүндээ эрхи зүүсэн байдалтайгаар дүрсэлжээ. Могой нь газар лусын хорлолыг дарж буй утга ажээ.  Монголчуудын эртнээс нааш хүндлэн сүсэглэсээр ирсэн хайрхануудынг нэг Богд Дүнжингарав уулын сахиус нь хангарьд хэмээнэ.

1778 он буюу Тэнгэр тэтгэсний 43 дугаар онд Их Хүрээний сайд ван Юндэндорж Богд хан уул, Хэнтий хан, Отгонтэнгэр хайрхан, Бүрэн хан, Бат хан зэрэг хайрхануудыг дархан цаазтай уул болгох тухай өргөх бичгийг Манжийн хаанд барьжээ. Энэхүү өргөх бичгийг Манжийн хаан хүлээн зөвшөөрч 1779 оны шаргачин гахай жилийн зуны тэргүүн сарын 19-ний өдөр “Богд хан уулыг Халх дөрвөн аймаг, шавь таваараа нийлж зун болоод намрын цагт буюу жилдээ хоёр удаа тахиж байгтун” хэмээн зарлиг буулгаснаар Богд хан уул нь 3 дахь удаагаа дархан цаазтай болжээ. Хожим цаг үе, нийгмийн байдалтай холбоотойгоор жилд нэг удаа тахиж байгаад 1921 оноос хойш тахилгын зан үйл зогссон байсан юм. Их Хүрээний хамба номун хан Агваанхайдав нь Төвдийн Банчин ламд хүсэлт тавьж “Дашчийравын сан” буюу “Дөрвөн уулын сан сэржим” хэмээх номыг анх айлтгуулжээ. Энэхүү сударт “Богд хан уулын эзэн тэнгэр нь хаан язгууртай, цаст уул мэт бие лагшинтай, буман сарны гэрэл туссан мэт ихэд жавхлантай, баруун мутартаа улаан цацаг бүхий жад, зүүн мутартаа дайсны амин зүрхийг дэгээдэгч төмөр дэгээ барьсан, лагшиндаа элбэг дэлбэг цагаан навстай, тэргүүндээ зөв эргэсэн цагаан дун бүрээгээр чимсэн цагаан торгон унжлагатай, алтан эмээл, мөнгөн хазаартай хүлэг хүлгийн дээд үүлэн цагаан морь хөлөглөсөн байх агаад ихэд догшин царай, цоргисон хурц нүдтэй, их хааны байдалтай оршино. Түүнийг хүрээлэн зарлигийн түшмэл ноёд орших бөгөөд тэдний дээр Хангарьд шувууд чуулан, доор нь буга согоо, баавгай, чоно тэргүүтэй араатан амьтад хүрээлэн байна” хэмээжээ. Богд хан уулын эзэн тэнгэрийн тэргүүндээ залсан Хангарьд шувуу нь буддын шашны домог ёсоор ертөнцийн хүчтэнгүүдийн нэг бөгөөд Богд хан уулын бэлгэдэл болсоор иржээ.

Их Хүрээ цамын нэгэн дүр нь Хангарьд шувуу байдаг бөгөөд Улаанбаатар хотыг хүрээлэн орших Чингэлтэй уул, Баянзүрх хайрхан уулсын эзэн савдагууд дүрслэгдсэн байдаг нь Их Хүрээ цамын нэгэн томоохон онцлог юм. Дархан цаазат Богд хан уулын сахиус болсон Хангарьд шувууг хожим 1995 оны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр Улаанбаатар хотын сүлдэнд залахаар шийдвэрлэжээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0