7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

ДАМБАДАРЖАЙЛИН ХИЙД

Дамбадаржайлин буюу Шажныг бадруулагч хийдийг их эзэн Чингис хааны Алтан ураг-аас тодорсон хоёр богдын нэг Халхын шашны тэргүүн II Богд Лувсандамбийдонмэ-гийн дурсгалд зориулан байгуулжээ. II Богд Халхын Түшээт хан Дондовдоржийн гүнж, Хотгойдын гүн Баярт нараас 1724 онд лагшин мэндэлжээ. Богдыг таван нас хүрмэгц Саадаг толгой хэмээх газар Халхын шашны тэргүүнд өргөмжлөх их ёслол үйлдсэн бөгөөд манжийн хаанаас урьд Өндөр гэгээн Занабазарт олгосон эрх ямбыг уг хэвээр нь шилжүүлэн шагнажээ. II Богд Өндөр гэгээн Занабазарын нэгэн адил Халхын ихэс дээдэс, ард иргэдийн дунд нэр нөлөө ихтэй байжээ. 1758 онд манжийг эсэргүүцсэн хөдөлгөөнийг толгойлсон гэх хэрэгт сэжиглэгдэн хортой эм хүртэж таалал төгсжээ. Хэдий тийм боловч 1759 онд манжийн хаан “Чимээ аниргүй нойрсож буй II Богдын шарилыг хүндэтгэн тахихын тулд хааны их сангаас хөрөнгө гаргаж тусгаар хийд байгуулан үйлдье” хэмээж Халхын Зоригт ван Санзайдоржид “дуган сүмийг байгуулах газрыг шинжин товлож байгуулж үйлдтүгэй” хэмээн зарлиг болжээ. Ийнхүү 1761 онд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу Сэлбэ голын зүүн салаа Цэлхийн голын цутгал Зонхов хайрханы энгэрт байгуулахаар тогтож, 1765 онд байгуулан аравнайлжээ. Барилгын ажлыг хариуцагч түшмэл Зоригт ван Санзайдорж хаанд айлтгаснаар Дамбадаржайлин буюу Шажныг бадруулагч хийд хэмээх номын нэрийг олгож Туул гол хүртэлх Сэлбийн голын хөндий буюу одоогийн Улаанбаатар хотын төв хэсгийг хийдийн газар нутагт харьяалуулсан байна.

1937-1938 оны үед хийдийг хааж, бурхан тахил, ном судруудыг устгаж, модон барилгуудыг буулган зөөж, ямпай хана, хэрмэн хашаанд орох хаалган байшин, Махаранзийн сүм, хашааны гадна дотно байсан дөрвөн суваргыг нурааж, хөх тоосгон хэрмэн хашааны заримыг буулгажээ. Тус хийдийн 107 ламд цаазлан хороох ял оноож, 103 ламын эд хөрөнгө, нас, албан тушаал, нутаг ус, нийгмийн байдал зэргийг тэмдэглэн тухайн үеийн Дотоод яамны архивт хадгалжээ. Харин цогчин дуганы барилгыг сувиллын ба эмчилгээний өрөө тасалгаа бүхий амралт сувилал болгон өөрчилсөнтэй холбогдуулж уурын зуух, бохир усны цооног, хойт энгэрт нь усан сан, хүнсний зоорь барьсан байна. 1938-1939 онд Аж үйлдвэрийн комбинатын ажилчдын амралт сувиллын газар, 1947 онд Япон цэргийн олзлогсдын хэрэг эрхлэх газрын эмнэлэг, 1950 онд сүрьеэ өвчний эмнэлэг, 1980 оноос өндөр настныг сувилах эмнэлгийн зориулалтаар ашиглаж байжээ.

1990 оны цагаан морин жил Дашрэнчин Очиржав тэргүүтэй өтгөс хуврагууд Богдын Лаврин сүмд сан тавьж, анхны цогчин хурал хурж байнгын үйл ажиллагааг нь сэргээсэн бөгөөд өдгөө нийт 50 гаруй лам хуврагтайгаар өдөр тутмын уншлага, цагийн их хурлуудыг ёс жаягийн дагуу хурж байна. Тус хийд байгуулагдсаны 240 жилийн ойг 2005 онд төр засгийн хүрээнд өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлжээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.
ТОО
0
0
0