7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙД

Төгс баясгалант их хөлгөн
хийд буюу Гандантэгчилэн хийдийн анхны сүм 1809 онд Далхын дэнж дээр Шар сүм нэртэйгээр байгуулагджээ. Дараа нь энэ сүмийг Чойрын дацан болгож, 1824 онд Ламрим дуган, 1838 онд Y Богдод зориулж Их хот мандлын сүм, Дашчойнхор, Ягдачойлин зэргийг байгуулан өргөжүүлжээ. 1938 онд хийдийг хааж зарим сүмүүдийг устгасан боловч хийдийг зорин ирэх сүсэгтэн олны хөл тасрахгүй байсан учраас нам төрийн хатуу хяналтын дор 1944 оны зуны эхэн сарын нэгэн өдөр “Мөргөлийн дуган” нэртэйгээр Гандантэгчилэн хийд анхны хурлаа хийж хурал номын үйл ажиллагаагаа сэргээсэн. Одоо тус хийдэд 6 сүм байдаг бөгөөд 1994 онд улсын хамгаалалтанд авчээ. Тус хийдийн барилгуудыг Монгол, Монгол-Хятад, Хятад-Түвд гэсэн хэлбэр хийцтэйгээр мод, чулуу, тоосго, хөх паалантай төрөл бүрийн вааран эдлэлээр бүтээж, үндсэн гоёл чимэглэлийг алтадсан ганжир, чойнхорол, бодь гөрөөс, дээврийн амьтад, хонх бүхийгээр барьж байгуулжээ.

Гандан сүм: Гандантэгчилэн хийдийн гол дуган бөгөөд Y Богд гэгээний шийдвэрээр авъяаслаг урчууд бүтээн босгожээ. Гандан сүм дотор Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Өвгөн хутагтын хүрэл цутгамал дүр, XIX зууны үед Монгол лам нар хар цаасан дээр алтаар бичсэн Ганжуурын 108 боть, 1956 онд Буддагийн 2500 жилийн ойг тохиолдуулан Гандан хийдийн лам нарын урласан Буддагийн хөрөг, Энэтхэгийн ерөнхийлөгч асан Жавхарлал Неру 1957 онд Монголд айлчлахдаа бэлэглэсэн 2000 гаруй жилийн өмнө бүтээсэн Буддагийн цутгамал дүр, Шриланкаас авчирсан мөнгөн суварга, 15 килограмм цэвэр мөнгөөр хийсэн Богд Зонховын дүр зэрэг шашин соёлын үнэт бүтээлүүд хадгалагдан байдаг.  Мөн Анхдугаар богд Г.Занабазарын “долоон нандин” хэмээн нэрлэгддэг шүтээнүүдээс Очирдарь бурхан, Ганжуурын Аюуш, Ноён шүтээний Манал, Дарь эх, Намсрай, Майдар зэрэг бурхад хадгалагдан байдаг.

Номын сан нь 1925 онд байгуулагдсан бөгөөд XIX зуунд эрдэм соёлын ид хөгжиж байх үеийн ном судар 50 мянга гаруй байдаг. Тухайлбал, Дэргэ баргын Ганжуур, Данжуур, Хүрээ баргын Ганжуураас гадна Түвдийн номын мэргэд болох Далай лам, Ванчин богд, Богд Зонхов, гүн ухаантан Агваанбалдан, Агваантүвдэн, Дамцагдорж, Зава Дамдин нарын зохиолууд хадгалагдаж байна. Мөн алт, мөнгө, есөн эрдэнээр бүтээсэн ном судрууд байхын зэрэгцээ ланз, санскрит, түвд үсгийн хадмал эх бичиг судлалын ховор дурсгалууд байдаг. Энэ их баялаг ном судар нь Монголчуудын гүн ухаан, бичиг дурсгал, түүх соёл зэрэг шинжлэх ухааны төрөл бүрийн шинжилгээ судалгааны эх сурвалж болдог байна.

Гандан сүмийн хэрмэн хашаан дотор Богд Зонховын хөшөө бий. Эвдэрч гэмтсэн байсныг нь 1950, 1960 онуудад сэргээн засварласан. Гандан сүмийн баруун хойд талд 1970 онд байгуулсан шашны дээд сургууль байдаг. 1938 оноос хойш тасраад байсан чойр, манба, зурхай, урлахуйн ухааны сургуулиуд сэргээгдэн, гүн ухааны сургууль дацангаас олгодог “гавж” цолыг сэргээн олгодог болгосноор буддын гүн ухааны сургалт улам дэлгэрэн хөгжиж үндэс болжээ.

Хүслийн мод: Гандантэгчилэн хийдэд “Хүслийн мод” хэмээн нэрлэгдэх нэгэн багана бий. Анх байсан Гунгаачойлин сүмийн гол дөрвөн багана модны нэг аж. Хээрийн ганц чулууг бурхан болтол нь шүтсэн домгийн нэгэн адил аливаа хүслийг биелүүлнэ хэмээн итгэж ирсэн шалтгаан нь их хэлмэгдүүлэлтийн үед хийдийг галдан шатаахад Гандангийн дуган дацангаас шаталгүй бүтэн үлдсэнтэй холбоотой. Монголчууд сүм хийдийн гол баганыг босгохдоо газар шинжиж залуу, яргүй цэвэрхэн мод сонгож авчран аравнайлж босгодог заншил уламжлалтай. 200 гаруй жилийн өмнө баригдах үед оршоосон аравнай шид нь өнөөг хүртэл хадгалагдаж буй хэмээн итгэж сүсэглэдэг аж.


Мэгжиджанрайсаг сүм:
Гандан сүмийн хашааны хойд талд 30 метр өндөр Мэгжиджанрайсаг сүм байх бөгөөд 1911 оны үед баригдсан. Тухайн үед Нийслэл хүрээний хамгийн өндөр барилга байв. Сүмийн дотор байх их шүтээн нь 26 метр өндөр Мэгжиджанрайсаг бурхан бөгөөд үнэн хэрэгтээ 2 дахиа бүтээн залсан шүтээн билээ. Анхны шүтээн нь 1911 оны үед Монголын хамгийн сүүлчийн Богд хаан Жавзандамба хутагтад зориулан бүтээгдсэн байсан боловч 1938 онд буулгагдан Зөвлөлтийн цэргийн бууны суманд зориулахаар зөөгджээ. Түүнээс хойш 1990 он хүртэл энэ сүм хоосон байжээ. Сүмийн гол 4 баганыг босгохдоо Монголчуудын өвөг дээдэс Хүннүгийн хаадын шарил хадгалагдан буй Ноён уулнаас 80 тохой илүү залуу нарс модыг сонгон авчирчээ. Туул голын эргээс сүмийн суурь хүртэл сүсэгтэн хүмүүс баруун зүүн 2 жигүүр болон эгнэн сууцгааж гэр гэрээс авчирсан мөнгө, зэс, гууль, агар зандан саваар ус бялхаан гараас гар дамжуулан барилгад хэрэглэгдэх усыг газраар бус гар дамнуулан зөөсөн гэдэг.


Мэгжиджанрайсаг их шүтээн: Сүмийн одоогийн шүтээн Мэгжиджанрайсаг бурхныг 1990 оноос хойш 6 жилийн турш ард түмний хандив хөрөнгөөр бүтээж 1996 оны 10 дугаар сарын 27-ны билэгт сайн өдөр олон түмэнд нээн тольджээ. Их шүтээний бие лагшинг 19 тонн зэсээр урлан хийж, дотор нь Монгол орны аймаг бүрээс, түүхэн дурсгалт газар бүрээс авчирсан эрдэнэсийн чулуунууд, халуун хүйтэн рашааны дээжүүд, нэн ховор эмийн ургамал, арц агь гээд үнэртний дээжүүд, үр тарианы дээжүүд, бурхны шашны их хөлгөн судрууд, Монголын Нууц Товчоо, Гэсэр, Жангар гэх мэт Монголын алдарт түүх судрууд, тахийн азарганы сүүлээр хийсэн чавхдас бүхий морин хуур гээд маш олон төрлийн дээдийн дээд зүйлсийг хийсэн байна. Зөвхөн ном судар гэхэд 17 тонн жин татах ажээ. Их бурханы лагшинг гадуур нь алтаар бүрэхэд 5 х 5 сантиметр хэмжээтэй 75926 ширхэг алтан хуудас орсон бөгөөд 4 мутарыг дорно дахины уламжлалт бурхан бүтээдэг аргаар алтдахад 1356 грамм алт оржээ. Их бурханы “сангийн үс” хэмээх магнайн гэрэлт шигтгээнд 22 аймгийн нутгаас дээжлэн цуглуулсан 21 төрлийн 304 ширхэг эрдэнийн чулуу, титэмд нь 2286 ширхэг эрдэнийн чулуу чуулсан байдаг бөгөөд Монголын аймаг бүрийг төлөөлөх эрдэнийн чулуудын цуглуулга болжээ. Их бурханы цээживч болох додиг, хормогч болох модигийг 100-гаад метр урт жасар хоргой, жандан торгоор урласан байна. Энэхүү дэлхийд хамгийн хосгүй торгыг Гүрдаваа Рэнбүүчий Энэтхэгийн Варанасагаас өөрөө сонгон авчирчээ. Их бурханы мутар дамнах 5 өнгийн хадгийг Энэтхэгийн Варанасад 50 метр урттай нэхүүлсэн байна. Их бурханы өмнөх тахилын ширээг нэрт сийлбэрч Л.Чуваамид 5 метр урттай, 2 метр өргөнтэй, 1.55 метр өндөртэйгөөр хийсэн бөгөөд урьд өмнө нь ийм том ширээ хийгдэж байгаагүй гэж үзэж байна. Тахилын ширээн дээрхи тохой илүү өндөр Төрийн 7 эрдэнэ, Шашны 8 тахилыг зэс, мөнгөөр урлаж алтаар чимэглэжээ. Жанрайсаг бурхныг тойроод эргэн тойрны хананд мянган Аюуш бурхныг залсан байдаг. Эдгээр бурхдын талыг 1911 онд Польш улсад захиалгаар хийлгэсэн. Аюуш бурхан хүмүүст урт насыг бэлэглэгч бурхан бөгөөд мутартаа хүн төрөлхтөнд тохиолддог 404 төрлийн өвчинг анагааж эдгээх шидтэй эмийн ургамлын ханд бүхий бумба барьсан байдаг.

Жанрайсаг гэдэг үгний утга учир: Эх болсон зургаан зүйлийн амьтан ямар нь яаж зовж байна гэдгийг нүдээ бүлтийтэл харж байгаа гэсэн үг ажээ. Жанрайсаг бурханы зүрхэн тарни нь хүн бүрийн сайн мэддэг маанийн 6 үсэг юм. Энэ тарнийг хүмүүс хүнээр заалгалгүй сурдаг, мартдаггүй, ум мани гэчихээд хойтох нь юу билээ гэж асуугаад байдаггүй. Мэдсэн хүн би их ном мэддэг гэж бие биендээ гайхуулдаггүй. “Ум мани бадми хум” гэж 1 удаад 3 удаа хэлэх хэрэгтэй. Мэгжид жанрайсаг шүтээний баруун талын алдалсан мутарт рашаан бумба байх агаад доторхи мөнхийн ус нь аливаа зүйлсийг ариун болгох шидтэйгээс гадна ууж чадвал мөнхийн хутгыг олж мөнх насална гэж бэлгэддэг. Шүтээний зүүн талын алдалсан мутарт ид шидийн толь байдаг. Мэгжид жанрайсаг бурхан тэр толиндоо хүмүүсийн үйлдсэн муу үйлийг тольдон харж, тэдний хийсэн гэм нүглийг засаж залруулж байх утга бэлгэдэлтэй. Их бурханы цээжин тус газарт бясалгалын байдалтай 2 мутар байх бөгөөд зүүн мутарын алганд дуссан мөнхийн усыг баруун мутарын ядам хуруугаар нясалж сайн хүмүүст хүртээж байгаа гэсэн утгыг илэрхийлдэг.


Эх сурвалж: Монгол орны лавлах