7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

АРСЛАНТАЙ ГҮҮР

Их хүрээний дундуур хойноосоо урагш урсаж өнгөрдөг 2 голыг Баруун Сэлбэ, Зүүн Сэлбэ хэмээн нэрлэдэг байсан бөгөөд Улаанбаатар хотыг шинэчлэн байгуулах явцад Баруун Сэлбэ нь дарагджээ. Зүүн Сэлбэ гол ХХ зууны эхэн үед Сангай үйлчний, Луусангийн, Дарсны, Ногоочны, Цахарын, Амбаны гэх мэт долоо найм орчим гүүртэй байсан бөгөөд түүний дотор Луусангийн гүүр хамгийн том нь байжээ. Харин Амбаны хойд гүүр гэдэг нь одоогийн Арслантай гүүр бөгөөд Зүүн хүрээ Маймаа хотын зам харилцааг сайжруулах зорилгоор анх барьсан ажээ.

1946 онд баруун жигүүрийн хоёр талд нь чулуун арслан байрлуулснаар “Арслантай гүүр” хэмээх нэртэй болж, 1958 онд хуучин байсан гүүр шинэчлэгдэн 40 метр урт, 18 метр өргөн төмөр бетон гүүр болсон билээ. Харин хоёр арслан нь анх Хүрээний манж амбан сайдын гол ордны үүдэнд байсан бөгөөд тэр газар нь одоогийн 21 дүгээр сургуулийн орчим ажээ. Мөн 1919 оны намар Хүрээний түшмэл С.Данзан, Д.Догсомтой анх энэ гүүрний баруун аман дээр уулзан танилцаж, тухайн үеийн Монголын улс төрийн байдал, хятадын дарангуйллыг шүүмжлэн олон цагаар зогсож ярилцсан гэдэг.

Эх сурвалж: Монгол орны лавлах