Завхан аймгийн Алдархаан сумын нутагт, Улиастай сумаас зүүн тийш 78 километр, Улаанбаатар 1210км алсад, Отгонтэнгэр уулнаас зүүн хойш, бага Отгонтэнгэр уулын ар хормойд, ойн бүсийн дээд хязгаарт, Рашаан голын хөндийд мөнх цаст мөсөн голт сүрлэг уулсын хооронд далайн төвшнөөс дээш 2500 метрт байдаг. Рашаан сувиллын орчин нь мөнх цаст мөсөн голоос эх авсан цэнгэг уст гол горхи, тагийн болон ойт хээрийн бүсийн ургамал, мод бут холилдсон ойн зурвас вансэмбэрүү, алтангагнуур, бэрээмэг, хонин арц зэрэг нэн ховор ургамлууд, буга, аргаль, янгир, хүдэр, шилүүс, чоно, үнэг, тарвага зэрэг ан араатан амьтад нутгийн шүтээн рашааны могой, төрөл бүрийн шувууд загасаар баян өндөр уулын бичил уур амьсгалтай, жилд 200-300 мм хур тунадас унадаг, агаарын жилийн дундаж температур цельсийн +13-аас -40 хэмийн хэлбэлзэлтэй байгалийн ховор үзэсгэлэнт Монгол улсын дархан цаазат газар юм.
Отгонтэнгэрийн халуун рашааныг анх
нутгийн анчид нээж "Мөнх ус" хэмээн нэрлэж нутгийн ардууд болон ойр
орчмын нутаг хошуудаас олон тооны хүмүүс ердийн хөсгөөр ирж орох, уух зэргээр
хэрэглэж байсан домог бий.1912 оноос нутгийн алдартай оточ маарамбууд эмчилгээнд
хэрэглэх журам тогтоон нэр өгсөн байдаг ба 1930-1950-иад он, 1970-1982 онуудад
ЗХУ, БНМАУ-ын эрдэмтэд шинжлэх ухааны иж бүрэн судалгаа хийсэн
байна. Отгонтэнгэрийн халуун рашааныг зуны дунд сараас намрын тэргүүн сарыг
дуусах хүртэл хугацаанд ашиглаж ирсэн уламжлалд тулгуурлан 1954 онд 50 ортой улсын
рашаан сувилал байгуулсан нь эдүгээ хүртэл тасралтгүй ажиллаж
байна. Отгонтэнгэрийн рашаан нь 6 дугаар сарын 1-нээс 9 дүгээр сарын 1 хүртэл улирлын ажиллагаатай бөгөөд нэг ээлжинд 150-210 хүн хүлээн авах боломжтой.
Рашааны химийн найрлага: Хийн бүтцээрээ азот хий 85-93%-ийг эзлэх азот зонхилсон,
азот хий 50-60%, хүхэрт устөрөгч 8.5-31.8%-ийг эзэлсэн азот хүхэрт устөрөгч
холилдсон 2 бүлэгт хуваагдах +13C градусаар +55С градусын халуунтай 350-370мг/л
эрдэсжилттэй, сул шүтлэг хүхэрт устөрөгч бүхий азотын халуун рашаан. Хүхэрлэг
хар шавартай. Бүтэц найрлага, эмчилгээний идэвхийн байдал нь бүгд судалгаагаар нарийн тогтоогдсон байдаг.
Хэрэглэх арга: Рашаан уух, рашаанд орох, шавар тавих
Эмчилгээний заалт: Тулгуур хөдөлгөөний эрхтэний өвчин, зүрх судас, цусны
эргэлтний дутмагшил, 1 үеэс хэтрээгүй үед, зах мэдрэлийн системийн өвчин,
судасны өвчин, арьсны өвчин, (хайрст үлдийн эдгэрэлт, хязгаарлагдмал
нейродермит, намарс, арьсны загатнаат өвчнүүд, харшлын гаралтай арьсны үрэвсэлт
өвчний хурц биш үе), гуурсан хоолойн архаг үрэвсэл, дунд чихний архаг үрэвсэл.
Эсрэг заалт: Арьсны өвчний хурц хэлбэр, тархины судасны хатуурал,
гүнзгийрсэн хэлбэр, зүрхний шигдээсний дараах үе, анервизм, артерийн даралт
ихдэх өвчин, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илрэл, гадагш шүүс,
идээ ялгарсан халуунтай, өвчитний биеийн байдал доройтсон, зэрэг өөрчлөлттэй яс
үений хүнд хэлбэрийн өвчин, арьсны өвчний хүнд хэлбэр, уушигны архаг буглаа,
хүнд дахилт байнга өгдөг гуурсан хоолойн багтраа өвчин.
Хийгдэх эмчилгээ: Рашаан уух, рашаанд орох, шавар тавих, биеийн тамир,
бариа засал, зүү төөнүүр, физик, цахилгаан болон усан эмчилгээ, эмчилгээний
гимнастик хийлгэдэг. Амрагч танд анир чимээгүй орчин, онгон байгальд алжаалаа
тайлах боломж олгож, хөнгөн шуурхай үйлчлэн туршлагатай эмч, анхаарал халамж
сайтай сувилгааны мэргэжилтнүүд үйлчлэх бөгөөд баазад амрах хугацаанд тав тух
аюулгүй байдлыг хангана.
Эрүүл мэндийн даатгалтай бол хоногийн төлбөр 8000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалгүй бол 20000 төгрөг. Эмчлүүлэхээр захиалгад орсон хүмүүст долоо хоногт 1 удаа Улаанбаатар хотоос гарах унааны үйлчилгээг зохион байгуулж өгдөг.
Холбоо барих утас: 99059022, 99468182, 99051478, 93036701