2. ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР

ГОВИЙН ИХ ДАРХАН ГАЗАР А, Б

Говийн их дархан газар нь хоёр хэсэгтэй бөгөөд, А хэсэг нь Баянхонгор, Говь-Алтай аймгийн хамгийн урд захын улсын хилээс нааш 100 орчим километр өргөн газрыг хамрах бөгөөд энд Эдрэнгийн нуруу, Атас, Чингис, Сэгс цагаан богд, Арслан хайрхан, Шивээт-Улаан, Ланзат, Цувилуур Харын нуруу, Хуцын шанд зэрэг говь цөлийн бүсийн уулууд, Номин, Цэнхэр зэрэг нүд алдам уудам говь хөндийг багтаасан 45149 ам километр талбайтай нутаг юм. Б хэсэг нь Ховд, Говь-Алтай аймгийн нутгийн заагийн урд захын улсын хилээс нааш 80 километр өргөн газрыг хамрах бөгөөд энд Алтайн өвөр говь, Зүүн гарын говь, Баруунхуурай, Борцонжийн говийн өмнөд хэсэг, Хонин усны говийг багтаасан 7968 ам километр талбайтай нутаг юм. Говийн их дархан газрын нийт талбай 53117.3 ам километр буюу дэлхийн хамгийн их талбайтай дархан газрын нэг юм.

1996 онд ЮНЕСКО “дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр “дэлхийн хүн ам ба шим мандлын нөөц газрын мүлжээ”-нд бүртгэн авчээ. Говийн их дархан газрын А хэсэг нь Баянхонгор хотоос баруун урагт 500 километр, Б хэсэг нь Алтай хотоос баруун урагш 250 километр зайтай оршино. Баянхонгор аймгийн говийн үзэсгэлэнт байгаль нь аймгийн төвөөсөө 150 километрт орших их говийн элсэн манхан, заган шугуйд шургалан тогтсон Монголын говийн хамгийн том нуурууд болох Бөөнцагаан болон Орог нуур, Монголын хоолойгоос эхлэн эх орны баруун хязгаар буюу Монгол улсын торгон хил хүртэл сунан тогтсон өргөн уудам нутгийг хамарна. Орог, Бөөнцагаан нууруудын эргэн тойрон дахь элсэн манханууд, говийн чимэг болсон заган шугуй, дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээн сүрэг гэх мэт Монголын их говь нутаг өөрөө ер бусын сонин өвөрмөц байгалийн үзэсгэлэн билээ.

Орог нуурын хаяанаас дэлхийн хамгийн эртний хүн амьдарч байсан буурь сууц олдож байсны зэрэгцээ, зүүн эргээр нь түүх соёлын нандин өв болох олон зуун хиргисүүр, булш бунханууд эгнэн байдаг билээ.

ТОО
0
0
0