МОНАКО УЛС

Од мөндөр - Монако авилгачдын диваажин нэвтрүүлгийг үзэхийг хүсвэл энд дарна уу.

Монако гэдэг нь Эртний Грекээс гаралтай нэр. Моно буюу ганц гэсэн үг + ойкос буюу байшин. Ганц гэр, дан байшин... иймэрхүү утгатай бололтой.Өөр нэг хувилбар дэр monk буюу лам гэсэн утгатай гэсэн байна. Энэ нь түгээмэл тархсан байдаг юм байна. Гэхдээ эхнийх нь илүү үнэмшилтэй санагдав.
Албан ёсны хэл нь Франц. Гэхдээ Италиар бас их ярина. Англиар ч бас мэдээж ярина. Орлогын гол эх үүсвэр нь аялал жуулчлал. Жилийн 300 гаруй хоногт нь нартай байдаг. Казино болон цаг агаарын таатай уур амьсгалд нь татагдаж жуулчид ирдэг. Гэхдээ олон жуулчин ирэхгүй л дээ. Жилдээ 300 гаруй мянган жуулчин хүлээж авдаг. Энэ нь 160-д орох үзүүлэлт юм. Манайхаас ч цөөн гэсэн үг. Гэвч энэ жуулчид нь дэлхийн баячууд л даа...
Түүх 
Яг л манай Монголын Эзэнт гүрэн 800 жилийн түүхтэй гэдэгтэй адилхан чамгүй эртний түүхтэй улс.  Гэхдээ Газар дундын тэнгисийн эрэг дээрх ашигтай байршлыг түшиглэн амьдрах Гримальдичууд 800 жилийн турш онцын мөргөлдөөнгүй, тун тайван амьдарч чадсан улс. 
 Францын хувьсгал, дэлхийн хоёр ч дайныг зэвсэггүй, зохих армигүйгээр даван туулж чадсан гэхээр ойлгомжтой болж байгаа байх. Ийнхүү харьцангуй тайван 19-р зууныг хүргэсэн ч  сүүлийн 10 жилд дампуурлын ирмэг дээр ирчихсэн байж. Бурхны авралаар туйлын овсгоотой, бизнес сэтгэлгээтэй Гүнж Каролайн 1863 онд казино байгуулснаар улсынхаа түүхийн эргэлтийн цэгийг хатгаж байсан түүхтэй. 
1869 онд төр дахин нэг түүхэн шийдвэр гаргасан нь Орлогын татварыг тэглэх тухай. Дээр дурдсан шийдвэрүүдийн ачаар өнөөгийн дэлхий дээрх ил, далд том мөнгөнүүд энэ улсыг зорин урсдаг, “Тэрбумтнуудын цэцэрлэг” гэгдэх жаргалын оронг бүтээсэн нь атаархмаар ч юм шиг. 
Ер нь бол Европд хаант засаглалыг авч үлдсэн, жижигхэн газар нутагтай улс Монакогаас гадна дахиад 5 улс байдаг.  Эдгээр орнууд арга ухаанаа уралдуулан том гүрнүүдэд залгиулалгүй  тусгаар тогтнолоо авч үлдсэн юм. Энэ бол Люксембург, Андорра, Лихтенштейн, Сан-Марино, Ватикан. Тэгээд мэдээж Монако

Газар нутаг
Хамгийн жижиг 2 дахь улс. Ватиканы дараа орно
Хилийн урт нь хамгийн богино улс
НҮБ-ын гишүүн орнуудаас хамгийн жижиг улс
Ердөө 2 км.кв нутагтай (Далайн эргийн жижигхээн эрэг дээр 3 км урттай, нарийхан хот)
3 талаараа Францаар хүрээлэгдсэн. Италиас 16-хан кмийн зайтай. 1911 онд тусгаар тогтнолоо зарласан. Батлах хамгаалахыг нь Франц улс хариуцдаг.
Хэдхэн жилийн өмнөөс 2.2 тэрбум еврогийн зардлаар газар нутгаа бага зэрэг тэлж, орон сууцны хомсдлоо шийдвэрлэхээр зорж байгаа. Энэ нь далайд шинэ арал барьж байгаа төсөл юм. Арал гэхээр томоор төсөөлөх хэрэггүй. Жижигхээн арал. Манай Сүхбаатарын талбай шиг л хэмжээтэй гэж ойлгож болно. Энэ арал дээр 5 ширхэг тансаг орон сууц, 14 ширхэг тансаг хаус баригдах юм. 
Монакогийн газар нутгийг зүйрлэн хэлбэл Багшийн дээдээс УИДэлгүүр хүртэл, хойшоо 100 айл хүртэл гэж ойлгож болно.
Хүн ам
Хамгийн цөөн хүн амтай 6 дахь улс 
38000 хүн амтай (Өлгий хотын хүн амтай адилхан)
Хүн амын нягтаршил хамгийн ихтэй улс
1 км.кв нутагт 19000 хүн ногдоно (Монгол Улсын хувьд ердөө 2 хүн ногдоно)
Хүн амынх 21 хувь нь Монегаск буюу Монакод төрсөн иргэд. 28 хувь нь франц, 18 хувь нь итали.
Монакийн иргэд хамгийн өндөр насалдаг. Дундаж нас нь 90. Дараа нь Япон 85 настайгаар ордог. Монгол 71 насаар 160-р байранд. Монакогийн иргэд Монгол хүнээс даруй 20 насаар урт насалдаг байх нь.  Иргэдийнх нь дундаж нас 45.3 хүн тутмын 1 нь дэлхийн хэмжээний саятнууд. Монакогийн иргэн хувь хүний орлогын албан татвар төлдөггүй тул баячууд Монакогийн иргэн болохыг хүсдэг. Харин Франц улсын баян хүн Монакогийн иргэн болбол татвараа төлнө. Энэ нь 2 улсын хооронд байгуулсан гэрээ юм байна.
Монакогийн оршин суугч болохын тулд хамгийн багадаа жилийн 560,000 еврогийн орлоготой байж, тэрийгээ 10 жилийн турш баталж чадвал иргэн нь болдог гэнэ.Энэ нь жилийн 1 тэрбум 800 саяын орлого буюу сард 150 сая төгрөгийн орлого олдох байх ёстой байх нь.
Орон сууцны үнэ
Хүн амынхаа тоонд харьцуулахад хамгийн олон саятан, тэрбумтангуудтай. 1 хүнд ногдох баячуудаараа дэлхийд тэргүүлнэ. Үл хөдлөх хөрөнгө нь хамгийн үнэтэй улс. Үл хөдлөх авъя гэвэл 2018 оны судалгаагаар 1 метр.кв нь 100’000 евро буюу манай мөнгөөр 320 сая төгрөг. Ганцхан метр квадрат нь манай 4 өрөө байртай тэнцүү гэсэн үг. 1метр квадрат гэдэг чинь хааш хаашаагаа 1 метр буюу нэг сандал тавиад тэрэн дээрээ суугаад, унтаад, бие засаад, хоолоо идээд амьдарлаа гэхэд 320 саяыг өгөх нь байнашд. Сарын 50 сая төгрөгийн цалинтай, бүтэн жил тэрийгээ цуглуулаад Монакод үл хөдлөх авлаа гэхэд ганц жорлон л авах нь байна.Монголд байдаг шиг 50 м.кв-тай 2 өрөө байр авъя гэвэл 16 тэрбум төгрөг болох нь.
Форбес сэтгүүлд бичсэнээр дэлхийн хамгийн өндөр үнэтэй орон сууц (хаус биш) Монакод байдаг. Монакогийн хамгийн өндөр барилга болох Одеон цамхагийн хамгийн дээд давхарт байдаг энэ Пентхаус 335 сая доллараар зарагджээ. 1000 ширхэг 1 тэрбум төгрөгөөр, эсвэл 10000 ширхэг 100 сая төгрөгөөр авсан гэсэн үг. 5 унтлагын өрөө, 3 ажилчны өрөөтэй. 3300 метр.кв талбайтай. Тагтан дээрээ маш гоё бассейнтэй... Монакод аялбал зочид буудал нь дунджаар 1 өдрийн 200 доллар буюу хагас сая төгрөг болно. Мэдээжийн хэрэг үнэтэй буудлууд ч байна. Жишээ нь өдрийн 40000 евро төлдөг тансаг буудал. Энэ буудалд 3 өрөө байрны мөнгөөр 2 хонох нь байна.
Монте Карло
Монако хот жижигхээн юм байж дотроо 10 тойрогт хуваагддаг. Үүний нэг нь Монте Карло тойрог. Энэ тойрогт засаг захиргааны удирдлага нь, мөн алдарт Монте Карло Казино цогцолбор байршдаг. 
Монте Карло казино гэж ямар юм байдаг байна гэж санаж ядаж байж магадгүй. Яагаав, алдарт Жеймс Бонд 007-ийн Казино Роял кинонд гардаг казино чинь Монте Карло Казино юм. Үүнээс гадна “Оушиний 12 найз” кинонд гардаг. 
Монте Карло зочид буудлынх нь вэб сайтруу ороод рестораных нь менюг сонирхож үзэв.Цезарь салат авбал монгол мөнгөөр 70 мянган төгрөг.Бургер – 108’000₮Лаазтай кола – 27’000₮1 таваг үхрийн махан стейк – 176’000₮Задгай пиво 0.5 Heineken – 48’000₮100 грамм Jack Daniels виски – 96’000₮Энэ буудалд буучихаад нэг орой энэ бүхнийг идэж уусан гэж бодъё. 1 салат, 1 бургер, 1 хоол, 1 кола, 100 гр виски, 1 грушк пиво. Нийт 525’000 төгрөг болж байна.1 зүсэм бялуу нэмж авмаар санагдвал 50 мянган төгрөг нэмж төлнө.
Энэ их эд баялаг төвлөрсөн газрын аюулгүй байдлыг Франц Улс хариуцдаг. Монакод усан цэргийн флот, агаар хүч алин ч байхгүй. Гэхдээ нэг юм бий. Цагдаагийн албан хаагчдын тоо 500-д хүрдэг. Вант улсын хүн ам 37 мянга гэж үзвэл, нэг хүнд оногдох харьцааг нь авч үзвэл, хамгийн хүчирхэг цагдан сэргийлэх хүчтэй улс болж таарч байгаа юм. Гэмт хэргийн гаралт бараг л байхгүй шахуу. Шоронд нь жижиг гарын хулгайч, залилагч нар л байх жишээний. 
Аялал жуулчлал
Аялал жуулчлал бол Монакогийн эдийн засагт онцгой байрь суурь эзэлдэг нь ойлгомжтой. 
Аливаа аялал жуулчлалын зорих газрын эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлж, имидж дүр төрхийг нь бүрдүүлж, тухайн газар дахин дахин ирэх шалтгааныг эвент л бий болгодог. 
Алберт хунтайж бол аялал жуулчлалаар тэр дундаа эвент аялал жуулчлалаар яаж мөнгө олдгийг маш сайн мэддэг хүн юм.
Бидний чихэнд дассан том том урлаг, соёлын эвентүүдийг Монакочууд зохион байгуулж асар их хэмжээний эдийн засгийн эргэлтийг үүсгэдэг. Тодруулбал: 
3 сард Хановер гүнжтэний “Сарнайн цэнгүүн” бол ихэс дээдсүүд зорин ирж бэл бэнчингээ гайхуулах сайхан боломж,
4 сард Теннис мастерс- Газрын теннис бол баячуудын спорт, дэлхийн алдарт тамирчдыг дагаад маш олон шүтэн бишрэгчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хөл хөдөлгөөнөөс ямар их мөнгө олж болох нь тодорхой,
5 сард Формула 1
Монако хотын нарийн гудамжинд, орон сууцнуудын дунд уралддаг Монакогийн Гран-При бол Формулагийн хамгийн нэр хүндтэй уралдааны зам. Нисгэгчдийн хувьд Монакод түрүүлнэ гэдэг хамгийн том мөрөөдлүүдийн нэг. Зам нь хэтэрхий нарийн тул хамгийн аюултай замд тооцогддог.Нисгэгчид Монакогийн замыг “Зочны өрөөндөө дугуйгаар явахтай адилхан” гэж зүйрлэдэг. Энэ замд 2 нисгэгч нас барж байжээ. 1952, 1967 онд болсон юм байна. 
Монакогийн хунтайж Альберт энэ гараанд маш их ач холбогдол өгч, улсаа сурталчлах боломж гэж хардаг тул энэ уралдаанд дэлхийн өнцөг булан бүрээс том том одууд ирж үздэг. 
6 сард Хунтайжийн ордны концерт - Мөн л дээд зэрэглэлийн зочид багтан орох гэж өрсөлддөг эвент. 
Хөлбөмбөг
Монакод хотод AS Monaco гэдэг хөлбөмбөгийн баг, 2-р Луйгийн стадион нэртэй цэнгэлдэх бий. Монако багийн хувьд Францын лигт багтдаг. Францын дээд лигт 8 удаа түрүүлж, 7 удаа үзүүрлэж байсан алдартай баг. Одоогийн эзэн нь Оросын тэрбумтан Дмитрий Рыболовлев 66 хувийг эзэмшдэг. 33 хувийг нь Монакогийн эзэд буюу Грималдигийн гэр бүл эзэмшдэг.
9-р сард болох завин дээрх гала-шоу-гаар үргэлжлэх их партины улиралд баячууд дэлхийн өнцөг булан бүрээс хувийн нисдэг тэрэг, онгоцоо хөлөглөн цугладаг. Францын Ниццад байрлах нисэх буудалд буугаад өнөөх тэрбумтнууд хотын төв рүү тансаг зэрэглэлийн нисдэг тэрэг, автомашинаараа хүрч очдог. Мэдээж  хэрэглэж буй унаа, танилын хүрээгээрээ өрсөлдөх тэрбумтнууд бас алдартнуудын аюулгүй байдлыг хангах гэж дахин хүч нэмдэг нь тодорхой. 
Дэлхийн дунджаас хамаагүй дээгүүр зочид буудал, хоол, үзвэр үйлчилгээний үнэ төлдөг ч Монаког зүглэх жуулчдын тоо өссөөр байгаа тул энэ улсад нэвтрүүлэх шалгуурыг чангатгасан. Монако руу хэдэн саяын орлоготойгоо батласан хүмүүс л орж чадна.
Яруу найрагчгүй улс
Монако улс нэг ч яруу найрагчгүй болсон гэдгээ 2012 онд зарлаж байсан гэдэг мэдээ фэйсбүүк дээр байна. Учир нь төрөлх монегу хэл нь устаж мартагдсан тул утга зохиол нь ч мөн адил мөхжээ. Монакогийн хамгийн сүүлчийн яруу найрагч нь 1997 онд нас барсан гэдэг. 2005 онд тус улсад хэсэг амьдарч байсан Ирландын нэгэн яруу найрагч “Баян хүн яруу найраг бичдэггүй юм байна” гэсээр нутаг буцсан байна. 
Монакогийн энэ гунигт байдлыг Бельгийн яруу найрагч шүлэглэснийг Х.Болор-Эрдэнэ гэдэг бүсгүй фэйсбүүк дээрээ ийнхүү орчуулжээ:
Үгүй ээ, би Монакод очихгүй Гарын алчуураас төдий л томгүй Францын гүн дэх тэр хадан дээр Гагцхүү мөнгө л хаанчилдаг юм. 
Үгүй ээ, би Монако руу явахгүйЭртний шилтгээнүүдийн муухан хуулбар Ихэмсэг хүйтэн Фонтенэйбла руу нь зүглэхгүй Өндөр үнэтэй замуудаар хүрээлэгдсэн Өнөөдрийн тэр Монакод би очихгүй. 
Үгүй ээ, би Монако руу явахгүй Сарнайнд дурлаж, гүнж шиг бүжиглэх дуртай нададЗөвхөн шинэ баячуудад зориулагдсанТэр Монакод хийх ажил байхгүй Хангалттай алиалах авьяас ч надад байхгүйХамарт өлгөх улаан бөмбөлөгт нь би дургүйСүржин армиар мануулсан Шүлэгчгүй Монако руу би очихгүйТэнд угаах мөнгө ч надад байхгүй Тэнд очих шалтгаан надад байхгүй.
Грейс Келли ба Зуун жил дуурсагдах хурим
Монакогийн одооны удирдагч хунтайж 2-р Альбертын аав нь хунтайж Ренье, ээж нь Холливудын жүжигчин Грейс Келли юм. Энэ хоёрын хайр дурлалыг Диснейн үлгэрийн бодит амьдрал дээр хэрэгжсэн түүх гэж ярилцдаг.
1955 оны зун Грэйс Келли Каннын кино наадамд “Хөдөөний охин” (уг киноны дүрээр “Оскар”-ын шагнал хүртсэн) киногоороо оролцохоор Франц руу аялалд гарчээ. Дөнгөж 25 настай Грэйс Келли тэр үед хэдийн Холливудын А зэрэглэлийн жүжигчдийн нэг болсон байв.
Францад байх үеэрээ Грэйс Келли Монакогийн хунтайжийн ордонд уригджээ. Грэйс Келли хэд хэдэн удаа урилгыг хүлээж авахаас татгалзсан ч эцэст нь зөвшөөрч, хунтайжтай танилцсан аж. Тэр жил Монакогийн ван Америкт аяллаар очсон бөгөөд ирээдүйн эхнэр болох бүсгүйгээ хайж байсан гэдэг. 
1918 онд Франц, Монакогийн хооронд байгуулсан гэрээний дагуу хунтайж Реньегийн угсааг залгамжлагч гарч ирэхгүй бол Монако Францад нэгдэж, иргэд нь Францад татвар төлөх ёстой байв. Монакогийн хунтайж Грэйс Келлигийн гэр бүлийнхэнтэй танилцсанаас гурав хоногийн дараа түүнд гэрлэх санал тавьжээ. Грэйс Келли гэрлэх саналыг хүлээж авснаар хоёр талын гэр бүл “Зуун жил дуурсагдах хурим”-д бэлтгэж эхэлсэн юм. Келлигийн гэр бүлийнхэн хуримын өмнө инж болгож, хунтайжид хоёр сая ам.доллар өгчээ. 
Сүйт бүсгүйг Монакод очиход 20,000 гаруй хүн түүнийг угтаж, мэндчилсэн гэдэг. Грэйс Келли хунтайж Реньетэй гэрлэснээр Монаког Францад нэгтгэж, иргэдийг нь тус улсад татвар төлөхөөс аварсан төдийгүй хүмүүсийн төдийлөн сайн мэддэггүй жижиг улсад жуулчдыг татаж чадсан юм. Монакогийн гүнж болсноор Грэйс Келли Холливудыг орхиж, гурван хүүхдийн ээж болсон билээ. Харамсалтай нь Монакогийн гүнжийн түүх үлгэрт гардаг шиг жаргалтай төгсөөгүй бөгөөд Грэйс Келли 1982 онд 52 настайдаа автомашины ослоор зуурдаар нас барсан юм.
“Монакогийн гүнж” УСК
2014 оны Каннын кино наадмыг нээсэн “Монакогийн гүнж” кино Грэйс Келлигийн амьдралын талаар хүмүүсийн мэддэггүй зүйлсийг харуулсан гэдэг. Энэ кино Монакогийн угсаа залгамжлагчдыг хилэгнүүлж орхисон бөгөөд киног санаанаас зохиосон худал хуурмаг зүйл гэжээ. Холливудын жүжигчин Николь Кидманы гол дүрд нь тоглосон уг кинонд хайргүй, халамжгүй, хүйтэн хөндий нөхрөөсөө залхсан Грэйс Келли ганцаардаж, цөхрөн гаднаа үлгэрийн юм шиг харагддаг хуурамч гэрлэлтээ цуцлуулах гэж оролдож буй тухай өгүүлдэг юм байна.
Киноны хувьд байж болох хамгийн муу үнэлгээтэй кинонуудын нэг.

Монакогийн алдартнууд
Баячуудын иргэн нь болох дуртай Монакод бидний мэдэх алдартай хүмүүс иргэншилтэй байдаг байх гээд хайхаар олигтой юм огт гарч ирэхгүй байгаа юм. Бид таньдаг байхын тулд тэр хүн нэг бол урлагийн од, нэг бол спортын агуу тамирчин байж таарна. Тэд нар нь Монакод амьдрахад ядуу юм байналдаа, алдартай л болохоос биш. “ХЭТ БАЯН” хүмүүс ямар шаардлага хангаж иргэн болдог вэ гэхээр: 
- Үл хөдлөх хөрөнгө худалдаж авна 
- Дансандаа багагүй мөнгө байршуулна
- Тогтвортой ажлын байртай эсвэл хувийн бизнес эхлүүлэх
- Эсвэл тус улсын иргэнтэй гэр бүл боллоо гэхэд 10 жил болж байж л баталгаажна 
Энэ бүгдийг бүрдүүлсний эцэст Хунтайж Алберт өөрийн биеэр зөвшөөрөл дээр гарын үсэг зурдаг. 
Биттлз хамтлагийн бөмбөрчин Ринго Стар – 350 сая долларын хөрөнгөтэй. 
Роллинг стоунз хамтлагийнхан 
Дэйвид Боувий
Формула нэг уралдааны аварга нисгэгчид гээд алдартнууд суугуул иргэд ажээ. 
BBC агентлагийн мэдээлснээр “Монако улс иргэдийнхээ мэдээллийг дэндүү сайн нууцалдаг” гэж магтсан ч юм шиг, шүүмжилсэн ч юм шиг бичсэн байна лээ.

Авилгачид буюу сүүдэртэй хүмүүст зориулсан нарлаг Монако
Ердөө 38 мянган хүн амтай Монако улсад амьдардаг тэрбумтнуудын тансаглал, хэрэгцээг нь хангахын тулд өдөр бүр 50 мянга гаруй франц, итали хүн тус улсад ирж ажиллачихаад гэртээ харьдаг.
Монте Карлогийн казино 160 жилийн өмнө үүдээ нээсэн боловч Монакогийн уугуул оршин суугчид буюу Монегаскчууд орж үйлчүүлэх байтугай барилга руу нь ч орох эрхгүй гэнэ. Гэхдээ нөгөө талаас эх оронч шийдвэр байнашд. Казинод ганц л ялагч байдаг нь Казино өөрөө. Иргэдийнхээ халаасыг хоослохоос хамгаалсан шийдвэр юм бишүү?
Уугуул иргэд буюу Монегаскчуудад засгийн газраас нь тэтгэмж өгөхөө больчихвол тэд эх орондоо амьдрах ямар ч арга байхгүй. Монако бол аль дээр үеэс ажил хийх ямар ч шаардлагагүйгээр амьдарч чадах хүмүүст зориулсан улс болж хувирсан.
Сүүлийн үед эх орноосоо хулгай хийгсэд, улсынхаа сан хөмрөгийг хоослогсод, удирдлагаасаа буусан дарангуйлагч нарын эх орон болж байна. Жишээ нь ЗХУ-ын задралын үед төрийн өмчийн компаниудыг хувьдаа аван долларын тэрбумтнууд болсон олигархууд байна.
Жишээ нь Филиппины Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байсан Фердинанд Маркосын эх орноосоо “шуусан” 10 тэрбум долларын хөрөнгө Монакод нуугдаастай байгаа гэж ярилцдаг.
Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас Монаког 2024 6-р сард саарал жагсаалтанд оруулчихлаа. Мафи, террористуудын буруу гарын мөнгө эргэлдэж байгаа эсвэл мөнгө угааж байж болзошгүй, нэг ёсны, орлого тодорхой бус мөнгө эргэлдэж байна гэж үзэн ийн жагсаалтад оруулжээ.  
Дээр дурдсан 300 саяын пентхаусын эзэн бол мөн л дээр дурдсан AS Monaco-ийн эзэн Дмитрий Рыболовлев юм байна. ЗХУ задрах үеийн эмх замбараагүй байдлын үеэр улсын үйлдвэрээс баяжсан нөхөр зугатаад Монакогийн иргэн болсон. 6.5 тэрбум долларын хөрөнгөтэй.

Зарим улсуудын улс төрчид болон нийгмийн идэвхитнүүд мэдээж энд нуугдаж байгаа мөнгөнд таагүй ханддаг. Ойлгомжтой л доо, жирийн татвар төлөгчдийн төлсөн татвар эсвэл байгалийн баялагийг буруу аргаар өөрийн болгосон нөхөд энд очоод өндөр хамгаалалтанд ороод суучидаг болохоор. Манай улсаас хэдэн хүн тэнд тухалж байгааг хэн ч мэдэж чадахгүй учир нь Монакогийн засгийн газар олон улсын байгууллагуудаас ирэх ямар ч дарамт шахалтыг үл тоон бөөцийлсөөр байх болно.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0