АРАЛ ТЭНГИСИЙН ЭМГЭНЭЛТ ХУВЬ ТАВИЛАН

Од мөндөр- Арал тэнгисийн талаар нэвтрүүлгийг үзэхийг хүсвэл энд дарна уу.Арал тэнгис хэзээ үүссэн, хэдэн настай, цагтаа хамгийн том нууруудаас хэдэд ордог байсан:

Төв Азид, КазахстанУзбекистан хоёр улсын хооронд орших, эх газар дундын тэнгис юм. Бидний бахархал болсон Хөвсгөл нуур нь 2 сая жилийн настай бол Арал тэнгис даруй 10 дахин их, 21 сая жилийн настай Төв азийн цөлийг тэтгэдэг байгаль эхийн гайхалтай бүтээл байжээ.

Нэг га талбайд 1000 ба түүнээс олон аралтай учраас Арал нэрийг авсан бөгөөд зэргэлдээх Каспийн тэнгис, тэр дундаа гадаад их далайтай холбоотой байж.

Цагтаа хэмжээгээрээ дэлхийд 4-т орж байсан Арал тэнгисийн нийт талбай 68 мянган кв. км байсан нь манай улсын хамгийн том нуур Увс нуураас бараг 20 дахин том бөгөөд Увс аймгийн нутаг дэвсгэртэй тэнцүү хэмжээ юм. Гүрж, Ирланд зэрэг улсууд шиг том газар нутгийг хамарсан нуур гэсэн үг.

Дэлхийд хэмжээгээрээ тэргүүлдэг 3 нуурыг нэрлэвэл хамгийн том нь Каспийн тэнгис, дараа нь АНУ-н Суперьор нуур, 3-т Африкийн Виктория нуур орно.

Арал тэнгисийг Тэнгэр Уулнаас эх авах Сырдаря мөрөн, Памирын нуруунаас эх авах Амударя  мөрөн усаар тэтгэж загасны нөөц ихтэй цөлийн баян бүрдийг бүтээж байжээ.

Хэр баялаг баян бүрд байсныг илэрхийлэх нэг статистикийг хуваалцвал Арал тэнгис ЗХУ -н загасны аж ахуйн тэргүүлэх бүс нутаг бөгөөд 60,000 хүн уг аж ахуйг түшиглэн амьдардаг байсан. ЗХУ-н нийт загасан бүтээгдэхүүний 1/6 -г хангадаг байжээ.

Тэнгэр уул болон Памирын нуруу нь Хятадын нутгийн баруун хязгаар болох алдарт Такламаканы цөлийг хүрээлэн орших уулсын системийг төлөөлнө. Өөрөөр хэлбэл Төв азийн олон улсууд болох Хятадын Уйгар-Шинжаан, Узбекстан, Киргизстан, Таджистан, Туркменстан болон Казакстан зэрэг улсуудын ард иргэдийн цэвэр усны хангамжийн эх үүсвэр болсон нутаг.


ЗХУ-ын шийдвэр буюу хөвөнгийн талбайг усжуулахын тулд голын усыг суваг болгон элсэн цөл рүү татсан.

Яагаад өгүүлбэр болгон байжээ гэдэг үгээр төгсөөд байгааг одоо тайлбарлая. Дөнгөж хагас зууны дотор Арал тэнгис нь "Аралкум" буюу "Аралын цөл" болон хувирав. Харьцангуй саяхан хүртэл 68 мянган кв. км талбайтай байсан бол өнөөдөр тэр 10 мянга болж усных нь 90 хувь ширгээд байна. Учир нь:

1930 оноос ЗХУ -н удирдагч Сталин эхлүүлээд Хрушев итгэл төгс үргэлжлүүлсэн “Байгалийг өөрчилж үйлдвэрлэл эрхлэх бодлого”-ын үр дүнд Арал тэнгис тэжээлээ алдаж эхэлсэн бөгөөд 1960-аад оноос усны төвшин огцом багасаж эхэлжээ.

Уг нуурт цутгах Амударья, Сырдарьяа мөрний усыг газар тариаланд ихээр хэрэглэх болсноос шалтгаалсан байна. Усны хэт их хэрэглээнээс үүдэн нэгэн цагт далай мэт цэлэлзэж байсан Арал нуур хоосон цөл болон хувирчээ. 


Байнга ширгэж ирснээс нуурын давсжилт нь далайн төвшнийхөөс бүр 10 дахин болсон. Энэ нь бидний мэдэх хамгийн давст нуур гэж ойлгодог Сөнөсөн тэнгисээс ч их давсжилттай болсон гэсэн үг юм. Мэдээж ийм их давстай нуурын экосистем бүрэн алдагдаж бүх амьтад, ургамлын бүрхэвч үгүй болов. Нэгэнт ургамлан бүрхэвчгүй болсон цөлийн элс шороог тогтоох зүйл үгүй болсон тул нуурын давстай, хортой нэгдэлүүдээр дүүрэн шороон шуурга тогтмол дэгдсэнээс хүн амын дунд амьсгалын замын болон хижиг, саа, шар зэрэг бусад өвчнүүд газар авсан байна.

Тухайн бүс нутагт байгаа нялхсын өвчлөл, эндэгдэл дэлхийн дунджаас 5 дахин их байгаа нь аймшигтай.

Арал нуурыг ширгээсэн, муухайгаар хэлвэл цаазалж орхисон гол шалтгаан нь “Цагаан алт” хэмээгдэх Хөвөнгийн талбайг байгуулж эхэлсэн явдал юм. Төв Азийн орнуудын эрчимтэй өсч байгаа хүн амыг ажил, ажлын байр, цалингаар хангах гэсэн Зөвлөлтийн эрх баригчдын шийдвэрээр нуурыг усаар хангадаг хоёр мөрнийх нь дагуу асар их услалтын систем байгуулж голдрилыг өөрчилсөн явдал юм.

Хөвөнгийн аж ахуйн хөгжил цэцэглэлт хэр өгөөжтэй байв?


Хөвөн бол дэлхийн хамгийн өргөн тархсан ашиг орлого өндөртэй хүнсний бус ургац юм. Түүний үйлдвэрлэл нь дэлхийн 250 сая гаруй хүнийг орлоготой болгож, хөгжиж буй орнуудын нийт ажиллах хүчний бараг 7% -ийг ажиллуулдаг. Нийт нэхмэлийн бараг тал хувь нь хөвөн даавуугаар хийгдсэн байдаг.


Ийм л учраас ЗХУ-н удирдагчид Узбекстан, Туркменстаны нутгийн дамнасан хөвөн тариалах талбайг байгуулан Арал тэнгисийг ундаалагч Амударя, Сирдаря мөрнүүдийн усыг хөвөнгийн талбайнуудын усалгааны системд татаж эхэлснээс гадна Каракумын цөл дундуур Каракумын сувгийг байгуулан усны голдрилыг өөрчилснөөр энэхүү гамшиг өрнөж эхэлжээ.


Гэхдээ хөвөнгийн үйлдвэрлэл бүр илүү их хүчин чадлаар ажиллах болсон үе бол 1970-аад оны эхэн үе юм. 1973 онд эхэлсэн Египт, Сирийн Израйл руу дайрсан мөргөлдөөний үеэр Оросууд зэвсэг нийлүүлэхээс татгалзсан тул Египтийн Засгийн газар Орост хөвөн нийлүүлэхээ зогсоосон тэр үе юм.


Египтийн засгийн уг шийдвэрийг хүлээж авсан даруйдаа Зөвлөлтийн удирдагчид хөвөн тариалалтаа эрчимжүүлэхийг тушаасан нь угаас ширгэж эхлээд байсан Арал тэнгисийг дахин сэргэхээргүй нөхцөл рүү түлхсэн үйл явдал байлаа.


1988 онд Узбекстан хөвөн үйлдвэрлэлээрээ дэлхийн том тоглогч болсноо зарлан бүр ТОП 10-т багтсан амжилтаа тэмдэглэж баярласандаа бархирч байх тэр үед Арал тэнгис нийт усныхаа 60 хувийг алдаж хүнээр бол өвчин нь хорт хавдрын шатандаа хүрч хүн зон амьдрал хайн өөр хаа нэг тийшээ нүүн одож байжээ.


Арал ба Аралын орчмын сүйрлийг Зөвлөлтөд 1980-аад онд хүлээн зөвшөөрсөн ч өөрчилж чадаагүй юм.



Аливаа төр, улсын шийдвэр гаргагчид ямар нэг асуудлыг шийдэх гээд анхны асуудлаасаа хүнд асуудалтай тулгарсан тохиолдлыг эдийн засагчид “Кобра эффект” хэмээн нэрлэдэг.Уг нэр томьёог эдийн засагч Хорст Сиберт (Horst Siebert ) Их Британийн колончлолын үед Энэтхэгт болсон нэгэн түүх дээр үндэслэн гаргажээ.Английн колоничлолын үеийн Энэтхэгийн Англи амбан захирагч Дели хотыг кобра могойнуудаас салгахаар шийджээ.Ингээд авч ирсэн кобраны арьс бүрд мөнгөн шагнал амласан байна. Урамшуулал "хэтэрхий" сайн ажиллаж, бүүр Кобра үржүүлдэг шинэ аж ахуйнууд бий болж эхэлсэн байна. Энэтхэгчүүд гудамжаар сэлгүүцэж буй кобра могой авчрах биш харин өөрсдөө өсгөж, үржүүлж, алаад арьсыг нь авчирч эхлэв. Үүнийг мэдсэн Англичууд кобранд өгөх шагналаа зогсоосноор, Энэтхэгчүүд кобраны аж ахуйнуудаа орхиж, үр дүнд нь Дели хот урьд өмнөхөөс ч олон Кобратай болжээ.Үүнээс хойш бодлогын ийм харалган шийдлийн сөрөг нөлөөг “Кобра эффектгэж нэрлэдэг болсон. Үүнтэй адил #Кобра_эффектийн жишээ дэлхий түүхээр дүүрэн байдаг.Хятадын их удирдагч Мао Зэдун Болжмор шувуу тариан талбайг cүйтгэж байна гэж үзсэн тул тус улсын ардын засгаас тэднийг устгaх шийдвэр гаргаж байв.


Учир нь тэд тариан талбайг үгүй хийж, үр тариа ихээр идэж байна. Хятадын ард түмэн энэ шувууг устгах хэрэгтэй” хэмээж байв. Үүний улмаас хятадууд болжмор шувууг үй олноор нь намнаж, үүрийг нь буулгаж, өндгийг нь хагалж эхэлжээ.

Уг Маогий уг шийдвэр харамсалтай үр дүнг дагуулсан билээ. Учир нь тэд царцаа зэрэг хортон шавжаар хооллодог шувууг сая саяар нь устгаж байгаагаа огт мэдээгүй юм. Үүний улмаас царцааны маш том нүүдэл болж, замдаа таарсан бүхнийг үгүй хийсэн билээ. Ялангуяа хөдөө нутаг маш их xохирол амсч, өлсгөлөнд нэрвэгдэж, 45 сая хүний амь нас xохирч, хүний маxаар хооллох явдал ч газар авч байсан гэдэг.

Болжмор устгaлаас үүдэлтэйгээр “Маогийн үеийн их өлсгөлөн” хэмээн алдаршсан Хятадын түүхэнд үлдсэн гaмшиг тохиолджээ.


Сэргээн засах ямар аргууд туршиж үзсэн бэ? Утаатай тэмцэнэ гэдэг шиг улстөрчдийн мөнгө угаадаг газар болж хувирсан уу?

Бидний өнөөдрийн сэдэв Арал тэнгисийн түүх ч гэсэн Кобра эффектийн нэг жишээ болон яригддаг. Яагаад гэвэл хэдий хожимдсон ч Арал тэнгисээ аврах зорилгоор хуучин Зөвлөлтийн Төв Азийн орнууд 1992 он гэхэд Аралыг аврах Олон улсын санг байгуулан хүчин чармайлтаа нэгтгэхээр зарласан юм. Сан нь одоо Төв Азийн таван оронг нэгтгэсэн ганц байгууллага болсон байна. Тус бүсийн орнууд хуучин Зөвлөлт холбоот улсаас тусгаар тогтносон 20 жилийн дотор уг сан нь НҮБ ба АНУ-ын Засгийн газар, Европын холбоо, Швейцарийн тусламжтайгаар Арал тэнгисийн ширгэлт ба Арал орчмын цөлжилтийн эсрэг олон тэрбум долларын өртөгтэй “Арал тэнгисийн сав нутгийн хөтөлбөрүүд” гэсэн хоёр төслийг хэрэгжүүлсэн.

Харамсалтай нь олон улсын байгууллагуудын дүгнэлтээр сангийн үйл ажиллагаа ил тод биш, төслүүдийн хэрэгжилт удаан хэмээн дүгнэж Арал орчмын эдгээр төслүүдийн дэмжлэг суларсан гэнэ.

Олон саяын санхүүжилттэй төслүүд нь дорвитой үр дүн өгөөгүй ч дахиад хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа гэсэн тооцоог гаргасаар байдаг нь манай улсын Утаагүй болгоно гэх нэрийдлээр хэтэрхий их төсвийг үргүй зарцуулж бараг л мөнгө угаах хэрэгсэл болгосонтой төстэй сонсогдож байна.


Цаашдын сөрөг үр дагавар:

Арал тэнгисийг сүйтгэсэн энэ гамшигт үйл явдлын өр төлөөсийг буюу байгаль эхийн хараалыг Төв азийн ард түмэн одоо ч хүртсээр байгаа бөгөөд цаашдаа хүртэх төлөвтэй байгаа юм байна. Тодруулбал:

Нөхөн сэргээх үйл ажиллагаа үргэлжилсэн ч 200 жилийн дараа л нуур хуучин хэвэндээ орж магадгүй гэх боловч үүнд хэн ч баталгаа гаргадаггүй.

Мөн Аралкумын орчмоос дэгддэг давсархаг хортой нэгдлээр дүүрэн шороон шуурга эргээд Төв Азийн ихэнхи талбайг нөмөрч эргээд хөвөнгийн тариалалтад нөлөөлөх болсон нь хоржоонтой. Түүгээр ч зогсохгүй энэ давсархаг түйрэн Төв азийн усны эх болсон үзэсгэлэлт Тэнгэр уул, Памирын нуруу, Хималайн нурууны бүст хүрээд мөсөн голуудын хайлалтыг хурдасгаж байгаа юм байна. Тэртэй тэргүй дэлхийн дулаарлын улмаас хайлж эхэлсэн эдгээр мөсөн голууд урьдыхаасаа 10 дахин эрчимтэй хайлснаар алдарт Амударя, Сирдаря мөрөнгүүдийн усны ундарга л байхгүй болох боломжтой гэдгийг одоо л бид ойлгож байна.

Хэрэв энэ хоёр мөрний урсац багасч Төв азиийн цөлийг усаар тэтгэх явц одоогийхоос дахиад усны хомсдол улам эрчимчиж цэвэр усны төлөөх мөргөлдөөн сөргөлдөөн ихсэх тухай судлаачид сэрэмжлүүлээд эхэлсэн байдаг.


Мөн сөргөлдөөнөөс гадна дүрвэлт эрчимжиж бусад улсуудын амьдралын чанарт нөлөөлөх ч тооцоо байна.


Усны хомсдол ер нь дэлхий даяар ямархуу байдалтай байна?

Дэлхийн хүн амын тавны нэг нь буюу ойролцоогоор 1,5 тэрбум хүн ус хомсдолтой бүсэд аж төрдөг. Харин манай гаригийн нийт хүн амын дөрөвний нэг нь гол мөрний болон усан судалт хэсгүүдээс ус гаргаж авах боломжгүйн улмаас ундны усны асуудалтай тулгардаг хөгжиж буй оронд амьдардаг. 

Усны чанар муу байгаа нь булчин задрах өвчин, гэдэсний хижиг, туулга зэрэг ходоод гэдэсний замын өвчин болон саар дамжин халдварладаг бусад өвчнийг үүсгэх эрсдлийг нэмэгдүүлж байна.

Ус хомсдолтойн улмаас ядуу буурай орнуудад хүмүүс үйлдвэрлэлийн зориулалттай бохир ус хэрэглэх нь улам ихэсч байна. Дэлхийн хүн амын 10 гаруй хувь нь химийн бодис, өвчин үүсгэгч нянгаар бохирлогдсон усаар услуулан ургасан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байна. 


Тэгвэл бид юу хийж чадах вэ?

Бид өөрсдийн хэрэглээгээрээ энэ гунигт үйл явцыг сааруулахад тусалж чадна. Дээр дурдсанчлан нийт нэхмэлийн бараг тал хувь нь хөвөн даавуугаар хийгдсэн байдаг тул бид шаардлагагүй худалдан авалт хийж хувцасны шүүгээгээ өмсдөггүй хувцасаар дүүргэхгүй байхад болно гэсэн үг.


Дэлхий даяар цэвэр усны бохирдлын 20 орчим хувь нь нэхмэлийн үйлдвэрээс үүсдэг. Өөрөөр хэлбэл, хөвөн тариалалтаас эхлээд, хувцаснуудыг будах, өнгөлөх явцад асар их усыг ашигладаг. Ганцхан цамц үйлдвэрлэхэд 2600 литр, жинсэн өмд үйлдвэрлэхэд 7600 литр ус шаардлагатай ажээ.


Fast fashion гэж нэрлэгдэх загварын брэндүүдийн хувцасыг бид удаан эдлэгдэх цөөн хувцасны сонголтоор сольсноор бид төв азид орших хөвөнгийн талбайнуудыг багасгахад нөлөөлнө гэсэн үг.


Хөгжингүй орны иргэд жилд дунджаар 10-30 кг хувцасны хаягдал үүсгэдэг бол эдгээр орнуудын араас хөгжиж буй орнууд ч дутахгүй асар их хувцасны хог хаягдлыг үүсгэдэг болсон.

Бид шаардлагагүй худалдан авалтыг багасгаж болно эсвэл өөрт хэрэггүй зүйлийг өөр хэрэгтэй нэгэнд нь хандивлаж сурснаар хувцасны хаягдлыг бууруулж чадна.



Арал тэнгисийн гамшгаас хүн төрөлхтөн сургамж авч ялангуяа шийдвэр гаргагчид сайтар тунгаан бодож болгоомжтой байх болтугай. 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0