ЦӨМИЙН ЗЭВСГИЙН АЮУЛ

Од мөндөр-Хүн төрлөхтнийг устгах шахсан атомын бөмбөгний талаар нэвтрүүлгийг үзэх бол энд дарна уу.
Хүн төрөлхтний түүхэнд хамгийн аюултай, бидний дэлхийг сөнөөж ч болох байсан аймшигт цөмийн тэсрэлтийн тухай ярина. “Бөмбөгний хаан” хэмээн нэрлэгдэж байсан “Царь-бомба" устөрөгчийн бөмбөгийг ОХУ буюу тухайн үедээ Зөвлөлтийн удирдагч Никита Хрущевын тушаалаар хүйтэн дайны оргил үед түүний заавраар бүтээжээ.

Үүнийг ярихаас өмнө хэдүүлээ цаг хугацаагаар жоохон аялъя.
1945 оны наймдугаар сарын 6-нд Америкийн цэргийн Б-29 онгоц тусгай үүрэг бүхий дагалдах зургаан онгоцны хамтаар Хирошимог чиглэн нисчээ. Төдөлгүй Америкийн армийн хурандаа нисгэгч Тиббетс 5000 метрийн өндрөөс "Жаал хүү" хэмээх ураны цэнэг бүхий анхны атомын бөмбөгийг Хирошимо хотын дээрээс мулталсан байна. Хэдхэн хормын зуур Японы аж үйлдвэрийн томоохон төв, усан замын болон төмөр замын зангилаа цэцэглэн хөгжиж байсан Хирошимо хот үнсэн товрог болжээ. Энэ үйл явдлаас гурав хоногийн дараа наймдугаар сарын 9-нд Америкийн цэргийн хошууч Суйни мөн л Б-29 онгоцоор "Бүдүүн эр" хэмээх плутоны цэнэг бүхий бөмбөг тээн Кокура, Нагасаки хотыг газрын хөрснөөс арчихаар нисэв. Кокура дээгүүр үүл, өтгөн манан бүрхэж хот харагдахгүй байснаас нисгэгч үүлэн цоорхой хайж 45 минут эргэлдэн шатахуунаа тооцож үзээд үхлийн ачаагаа Нагасаки дээр хаяад буцжээ.
АНУ-ын “В-29” бөмбөгдөгч онгоц 21 килотонн хүчин чадалтай атомын бөмбөг хаясан юм.
21 килотонн хүчин чадалтай бөмбөгний сүйтгэх хүчин чадлыг хэдүүлээ тооцож үзье. Нагасакид 52,000 барилга байсны 14,000 нь юу ч үгүй эвдэрч сүйдэн, 5,400 нь нурсан байна. Барилга байгууламжийн ердөө 12 хувь нь л бүрэн бүтэн үлдсэн аж.
Хирошимагийн тэр үеийн хүн ам 350 мянга байснаас дэлбэрэлт болсон даруйд 70 мянган хүн нас барж, 5 жилийн дотор цацраг идэвхийн хордлогоос болж ахиад 70 мянган хүн нас барсан.
Нагасаки хот 270 мянган хүн амтай. Бөмбөг тэр даруй 40 мянган хүний амийг авч одож, жилийн эцэс гэхэд ахиад 30 мянган хүн нас барав.
Тэгэхээр өнөөдрийн өгүүлэх гэж буй Царь бөмбөг бол Нагасаки, Хирошима хот дээр хаясан бөмбөгнөөс тус бүр 3300 дахин хүчтэй. Нийлүүлснээс нь 1500 дахин хүчтэй.

“Царь бөмбөг” нь туршилт хийгдсэн хамгийн хүчтэй цөмийн төхөөрөмж гэдгээрээ Гиннесийн номонд бичигдсэн хэдий энэ бөмбөгийг бүтээх тушаалыг өгсөн Никита Хрушев 100 мегатоны хүчтэй байхыг хүсч байж. 

Бөмбөгийг 4000 метрийн өндөрт буюу харьцуулвал Алтай таван богдын Малчин оргил хавьцаа өндөрт дэлбэлсэн учраас энэ аймшигт дэлбэрэлтийг 1000 км-ийн зайнаас ажиглагдахуйц байсан гэдэг. Завхан аймгийн төв Улиастайд дэлбэрсэн дэлбэрэлтийг Улаанбаатар хотоос харна гэсэн үг. 
Гэхдээ манай улс уудам газар нутагтай тул ингэж жишээ авахаар аюулыг нь тэр бүр ойлгохгүй байж магад. Тиймээс Европын тивийн яг төвд энэ аймшигтай бөмбөгийг дэлбэлсэн бол 1000 км радиуст нь ямар ямар улс байгааг дурдъя.
Австрийн нийслэл Вена хотод энэ бөмбөг дэлбэрсэн бол ямар ямар улс энэ 1000 км радиуст нь байгаа вэ?
Герман, Чех, Унгар, Словак, Итали, Швейцар, Словен, Босни-Герцеговина, Умард Македон, Косово, Румын, Болгар, Франц, Люксембург, Бельги, Нидерланд, Дани, Швед, Норвеги, Их Британи. Ингээд Австри улстайгаа нийлээд 24 улсад энэ бөмбөгний дэлбэрэлтийг ажиглаж болох байжээ. 
Цөмийн бөмбөгийн дэлбэрэлт мөөг хэлбэрийн үүл үүсгэдэг бөгөөд Царь бөмбөгийн мөөгний өндөр 60000 метрт хүрсэн. 60 км гэдэг нь агаар мандлын мезосферийн давхаргад хүрсэн гэсэн үг. Харин  мөөгний малгайны диаметр 100 арай хүрэхгүй км-т хүрчээ. “Бөмбөгийн хаан” нь Хирошима болон Нагасаки хотуудад хаясан цөмийн бөмбөгүүдээс 3300 дахин хөнөөлтэй байжээ гэхээр төсөөлөхөөс айдас төрөм үзүүлэлт юм. 


Тушаал өгсөн Никита Хрущёв гэж хэн бэ?
Никита Сергеевич Хрущёв (1894 — 1971) — ЗХУКН-ын ТХ-ны нэгдүгээр нарийн бичгийн даргаар 1953-1964 онд, ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн даргаар 1958-1964 онуудад ажилласан .ЗХУ-ын төрийн болон намын зүтгэлтэн, И. В. Сталины хамтран зүтгэгч байсан хэрнээ  Сталин болон сталинизмыг анх удаа шүүмжлэн, өөрчлөлт хийхийг уриалж гарч ирсэн улс төрч.  Хүйтэн дайны үед ЗХУ-г Сталины дараа, Брежневийн өмнө удирдаж байсан удирдагчдын нэг.  
Энэ хүн мэдээж маш олон түүхэн шийдвэрүүд гаргаж байсан байх гэхдээ одоогийн Орос Украйны дайнтай холбогдож болох нэгэн сонирхолтой шийдвэр гаргаж байсан нь 1954 онд Никита Хрушев Крымийг өөрийн нэг бүгд найрамдах улс болох Украйнд шилжүүлсэн. Энэ нь Хрушевын Украйн үндэстэн байсантай холбоотой гэж үздэг. Одоо энэ газар нутаг Орос Украйны дараа үеэр Оросын мэдэлд буюу хараа хяналтад байгаа бөгөөд үүнийхээ төлөө олон улсаас маш олон төрлийн хориг тавиулчаад байгаа билээ. 
Хүйтэн дайн гэдэг нь дэлхийн хоёрдугаар дайны үеэс эхтэй бөгөөд дайны дараа үргэлжилсэн олон улсын улс төрийн үйл явц бөгөөд энэ нь Орос  тэргүүтэй социалист систем, Америк тэргүүтэй капиталист системийн хоорондын үзэл суртлын зөрчилдөөнийг ийнхүү нэрлэдэг байв. 
Хүйтэн дайныг 1946 оноос эхлэн, ЗХУ-ыг задартал буюу 1990-ээд оны эхэн үеийг хүртэл үргэлжилсэн гэж үздэг.
"Хүйтэн дайн" гэж нэрлэх болсон шалтгаан нь энэ дайн нь өмнөх цаг үеүүд шиг талууд нь шууд хоорондоо зэвсэг барин /халуун зэвсэг/ нүүр тулан дайтахгүй харин өөр арга замаар, цэргийн эвсэл байгуулж, тагнуул, үзэл суртлын тэмцэл өрнүүлэх замаар тулалдан, зөрчилдөн тэмцэлдсэнээс ийн нэрлэх болжээ.

Аймшигт өдөр 

Зөвлөлтийнхөн уг түүхэн  туршилтаа 61 оноос өмнө хийх боломжтой байсан ч Хрущевийн АНУ-д хийсэн улс төрийн айлчлал зэргээс шалтгаалан хойшилж байж. Мэдээж гол сөргөлдөгч хүчнийг тэргүүлэгч улсад айлчлал хийхээс өмнө ийм айхтар туршилт хийх нь тохиромжгүй байсан байх. 
Гэвч түүний айлчлал ч хүйтэн дайны нөхцөл байдлыг зөөлрүүлж чадаагүй тул 1961 оны 10-р сарын 17-нд болсон Комунист намын их хурлын үеэр Хрущев удахгүй хийх туршилтаа зарлаад ердөө 14 хөн хоногийн дотор туршилтаа хийж өөрсдийн сүр хүчийг харуулж, тунхаглаж байсаан гэсэн үг. 

Туршилтын өдөр цэргийн албан тушаалтнууд  бөмбөгийг тээвэрлэн туршилтын талбай руу ниссэн бөгөөд кино зураг авалт хийх хүмүүсийг суулгасан ажилглалтын онгоц ч  мөн даган хөөрсөн байна. Тэд цацрагийн халууныг ойлгох тусгай цагаан өнгийн будгаар онгоцоо будсан байсан боловч нисэх онгоцны багийнхны амьд гарах магадлал 50 хан хувьтай гэж үзэж байсан бас аймшигтай. 

“Царь бөмбөг”-г ЗХУ-ын Шинжлэх ухааны академийн академийн эрдэмтэд 1956-1961 оны хооронд бүтээж, түүхэн туршилтаа 1961 оны 10 дугаар сарын 30-нд “Новая Земля” хэмээх арлын төв хэсэгт хийсэн байдаг.

Энэ үйл явдал бидний Монголчуудын хувьд маш чухал нэг үйл явдлаас хоёрхон хоногийн дараа тохиосон байдаг. Энэ ямар үйл явдал гэхээр Монгол улс НҮБ-д элссэн өдөр юм. 

Хаана?   
ОХУ-н “Новая Земля” арал: Хойд туйлаас 1000 гаруйхан км-н зайд орших энэ арал хойд хэсгээрээ мөсөн бүрхүүлтэй бол урд хэсгээрээ тундрын хэв шинжийг харуулсан үржил шимтэй газар байдаг. Тийм учраас энд цагаан баавгайгаас эхлээд далайн хав, цаа буга гээд олон янзын амьтад бас өнгө өнгийн цэцэгс ургадаг үзэсгэлэнтэй нутаг юм. 
Агаар дээр дэлбэрэлт болсон учраас өнгөн хөрсийг л гэмтээсэн тул яг одоогийн байдлаар бол бүрэн сэргэж, радиоидэвхит хордлого үгүй гэж үздэг учраас энэ арал дээр 2021 оны судалгаагаар 2500 орчим хүн амьдарч, аялал жуулчлал хөгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна. 
Арлын байрлалыг тодруулаад хэлбэл Скандинавын орнуудын хойд хэсэгтэй нэг өргөрөгт оршдог тийм л сайхан цас мөсний орон л гэсэн үг. 
Арлын урд хэсгээр зундаа дээд тал нь 30 хэм хүртэл халж харин өвөлдөө ялангуяа хойд хэсгээрээ хасах 40 хүртэл хүйтэрдэг нь манай орны цаг уурын нөхцөлтэй ерөнхийдөө төстэй ч юм шиг. Хойд туйлтай ойр учраас 12 болон 1-р саруудад нар гарахгүй хав харанхуй өдрүүд үргэлжилдэг бөгөөд алдарт туйлын туяаг ажиглах боломжтой тийм өвөрмөц сайхан газар ажээ. 
Хэрхэн ил болсон бэ? 

2020.08.20 өдөр Оросууд уг бөмбөгийн тэсрэлтийн бүрэн үйл явцыг харуулсан бүтэн 40 минутын баримтат киногоо “YouTube” дээр байршуулж дэлхийн нийтийг цочоосон.  Энэ талаар дэлхийн бүх том, томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж жирийн ард иргэд айдас автан байж үзсэн. 
“Росатом” корпораци өнөөг хүртэл нууцалж байсан ус төрөгчийн бөмбөгийн туршилтын талаарх бичлэгийг яг  4 жилийн өмнө ил болгож байгаа нь мөн ч учиртай байх аа.

Уг баримтат кино нь яг бидний бага байхад оросын сувгаар үздэг байсан хар цагаан кино бөгөөд хоолойгий нь уншсан хүн хүртэл яагаад ч юм танил санагдаж байсан санагддаг. Кинонд Оросын цөмийн аж үйлдвэрийн 75 жилийн ойд зориулан нийтэлсэн уг бичлэгт бөмбөгийг бүтээх үйл явц, тээвэрлэлт, дэлбэрэлтийн гол үе шатуудаас гадна ажиллах зарчмыг хүртэл харуулсан нь нэг талаасаа ОХУ -н сүр хүчээ харуулж, шаардлагатай үед юу ч хийж чадах ард түмэн шүү гэдгээ ойлгуулах гээд байгаа ч юм шиг санагдаж билээ. 
Зөвлөлтийн удирдлагууд уг дэлбэрэлтийг маш олон өнцгөөс дүрсжүүлэн хадгалсныг харж болдог.  Хэд хэдэн баг хийсэн бөгөөд тэдний нэг нь бүр бөмбөг тээгч онгоцтой зэрэгцээд өөр нэг нисэх онгоцонд байрлаж байжээ. 

Баримтат киног ил болгосны дараа барууны ертөнцийн зарим сэтгүүлчид  царь бөмбөг бүтээснийг “технологийн ололт” мэтээр эерэгээр тайлбарласан өнцөг хүртэл байсан нь сонирхолтой санагддаг.

Хаялаа!
 27 тоннын жинтэй 8 метрийн урттай бөмбөгийг нисэх онгоны доод биеэс зүүсэн байдалтай байрлуулсан нь кинон дээрээ маш тод харагддаг. Киноны яг энэ хэсэг дуугүй байдаг нь үнэхээр түгшүүртэй мэдрэмж өгдөг. Ингээд л  бөмбөг дэлбэрэх цэгээс бүтэн 100 км-т байгаа хайран сайхан байгаль дэлхий, гэмгүй ан амьтад, мөсөн гадаргууг шинжлэх ухааны гайхамшиг нэртэй зүйлээр устгах нь…. 
100 км-т байрлаж байсан бүх амьд биетүүд 3-р зэргийн түлэгдэл авсныг тэмдэглэсэн байна. 
Тэгвэл 3-р зэргийн түлэгдэл гэж юу вэ? 
Түлэгдэлтийн  төрлүүд:
1-р зэргийн түлэгдэл нь зөвхөн арьсны өнгөн давхаргыг хамарч, улайж хавдах, зовуураар илэрдэг. Гэрийн нөхцөлд анхны тусламж үзүүлж эмчилбэл 7-10 хоногийн хугацаанд эдгэрэх боломжтой.  Нарны гэрэлд түлэгдэх байдал түгээмэл тохиолддог.
2-р зэргийн түлэгдэл  нь  арьсны өнгөн бөгөөд гүн давхаргыг хамарч гэмтээдэг. Түлэгдсэн хэсэгт улайх, загатнах, хавдах, цэврүү үсрэх зэрэг шинж тэмдэг илрэх бөгөөд шарх нь нойтон, чийглэг байдаг. Энэ зэргийн түлэгдэлтийн үед сорви тогтох аюултай.
3-р зэргийн түлэгдэл нь арьсан доорх өөхөн давхаргыг гэмтээх бөгөөд тухайн хэсгийн арьс хар эсвэл цагаан өнгөтэй, тослог, гялгар харагддаг. Мөн мэдрэлийг гэмтээх, амьсгалахад бэрх, түлэгдсэн хэсэг мах руугаа орох, цус гарах, хавдах зэрэг хүнд хэлбэрээр илэрдэг.
Бөмбөгийг асар том буюу 1,600 м2 хэмжээтэй шүхрээр буулгасан ч бөмбөг өөрөө 800 кг жинтэй байсан учраас тээвэрлэгч болон ажиглагч онгоцнуудыг тэсрэлтийн цэгээс 45 км зайд л холдож чадсан  боловч тэсрэлтийн долгион тэднийг удалгүй гүйцэж цохилтын улмаас 1 км орчим  жолооодлогогүй нисч байгаад амжилттай газардаж чаджээ. 

Туршилтын төвөөс 50 километрийн радиус доторх бүх барилга байшин яг л цаасан эсвэл сүрлэн байшин шиг зүгээр хийсээд унаж байгааг зураглаачид бичиж үлдээсэн байна. 

700 км зайтай тосгонд агаарын давалгаа илт мэдрэгдэж, 900 км хүртэлх зайд зарим цонх хагарч байжээ. 
Тэсрэлтийн долгионд Скандинавын орнуудын хойд биед байрлах хотуудын барилгуудын цонх хагарч байсан бөгөөд газраас 4,2 км өндөрт дэлбэрсэн тулдаа  газарт үүссэн чичирхийлэл нь 5,0-5,2 магнитудын хэмжээний чичирхийлэл үүсгэжээ. 
Ямар азаар агаарт дэлбэрэлт болсон бэ?......

Хэрвээ бөмбөг агаарт дэлбэрээгүй бол яах вэ?
Дэлбэрэлтийн хүч нь 58.6 мегатон байжээ. Энэ хүчийг илүү ойлгомжтой тайлбарлахын тулд газар хөдлөлттэй харьцуулан тайлбарлая.  Жил хагасын өмнө Туркэд болсон 7,7 магнитудын газар хөдлөлт нь сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд болсон хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэг байсан бөгөөд 50 мегатон тэсрэх бөмбөгтэй дүйхүйц байсан аж.  

Сүүлийн 63 жилийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт 1960 онд Чили улсад болсон. Тус газар хөдлөлт 9.5 магнитудад хүрчээ. Харин 2011 онд Японы ойролцоо далайд болсон 9 магнитудад газар хөдлөлтийн улмаас цунами үүсэж, 19,846 хүн үрэгдэж, 5,933 хүн бэртэж гэмтэж байсан юм. 
Ноён Хрушёвын тааллаар энэ аюулт бөмбөг 100 мегатон хүчтэй байсан бол тэд магадгүй ганц өөрийн улсын аюулгүй байдалд нөлөлөөд зогсохгүй хүн төрөлхтий өмнө уучилж өршөөх боломжгүй гэмт үйлдлийн эзэд болох байжээ гэж ойлгогдож байна. 
Хэрвээ зэвсэг 100 мегатоны хүчтэй байгаад дэлбэрэлтийн үед ялгарсан дулаан дахин ихэсч Хойд мөсөн далай хайлах үйл явцад нөлөөлсөн бол яах вэ?: 
Өөрөөр хэлбэл,  Хойд туйлын мөс хайлж дуусвал манай дэлхийн хүн амд ямар аюул заналхийлэх вэ? гэдгийг судалж үзлээ.
Сайн зүйл болохгүй нь мэдээж. Учир нь, дэлхийн олон орны их эрдэмтэд Хойд туйлын мөс хайлвал одоогийн бидний хэрэглэж буй эм тарианд тэсвэртэй янз бүрийн вирус, бактериуд бий болно гэж таамаг дэвшүүлдэг. 
Түүнчлэн олон орны мөнх цэвдэгт нуусан байсан “хүйтэн дайн”-ы үеийн хог хаягдлууд ч бүгд ил гарч ирэх аж. 
Бас юун хог хаягдал гараад ирэв гэж гайхаж байж магадгүй, түүх сөхвөл Зөвлөлт засгийн үед Новая Земля арлын орчимд 130 гаруй туршилт явуулж, мөн Баренцевийн болон Карскийн тэнгист хэдэн зуун цөмийн шумбагч онгоц “хаясан” юм байна. 
Нөгөө талд АНУ ч гэсэн хоцорсонгүй, Гренландын бүсэд мөсөн дор цөмийн туршилт хийж байсан удаатай.  

Дайн гэж юу вэ:
“Дайн бол өөрийн хүслийг нөгөө талдаа хүчирхийллийн аргаар тулган хүлээлгэх ажиллагаа” Энэ тодорхойлолт өнөөдөр ч хүчин төгөлдөр байна. Өрсөлдөөнөөс сөргөлдөөн, сөргөлдөөнөөс мөргөлдөөн, зэвсэгт тэмцэл, зэвсэгт тэмцлээс дайн гэсэн шатаар дайны хүрээ өргөжиж тэлдэг.
Харамсалтай нь хүчирхэг орнуудын ихэнхи нь зэвсэглэлээр хөөцөлдөж эрх ашиг, сүр хүчээ харуулсаар байна. Өнөөгийн дэлхий дээр маань 10 орчим улс цөмийн зэвсэгтэй хэмээн бүртгэгджээ харамсалтай нь: 
Үүнд: АНУ (1945), ОХУ (эхлээд ЗХУ: 1949), Их Британи (1952), Франц (1960), БНХАУ (1964), Энэтхэг (1974), Пакистан (1998), БНАСАУ (2006). Мөн Израил улс албан ёсоор цөмийн зэвсэгтэй гэж мэдэгдээгүй боловч цөмийн зэвсэгтэй гэж тооцогддог байна.

Нэмээд хэлэхэд, дэлхий дээр яг одоогоор 17,000 цөмийн бөмбөг байгаа гэх бөгөөд эдгээрийн байршлыг харуулсан газрын зураг хүртэл ил байж байдаг. Бидэнтэй хамгийн ойр нь гэхэд ОХУ-н Эрхүү мужид байрладаг. 

Цөмийн зэвсэгтэй байх нь маш хамгаалалт мэдрүүлдэг ч эсрэгээрээ маш жижигхэн алдаанаас зэвсэг хадгалагчийг өөрийг нь хамгийн аюултай нөхцөлд оруулж болдог ийм хэцүү зэвсэг юм. Мөн цөмийн зэвсгийг устгах нь бараг боломжгүй тул Хүн төрөлхтөн өөрсдөө устгаж ч чаддаггүй чөтгөрийн зэвсэг бүтээгдсэн тэр өдрийг эргүүлж болдог бол бодогдох юм....

Гэхдээ энэ л аюулт зэвсгийн ачаар л манай дэлхийн хэврэгхэн энх тайван тогтож байна даа.
Даян дэлхий энх тайван байх болтугай! 
Хүж дэлхий амгалан байг!

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0