16. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭВЕНТ

GEOCACHING TOUR

Дэлхийг тойрч байрласан 24 хиймэл дагуулын ачаар 2000 оны 5-р сарын 2-нд GPS буюу байрлал тодорхойлогч багажны ажиллагааны нарийвчлал 10 дахин сайжирч шинэчлэгдсэн юм. Энэ технологийн боломжийг хэрхэн ашиглах талаар идэвхтэй хэлэлцүүлэг интернет орчинд өрнөж АНУ-ын Дэв Улмер GPS-ийн нарийвчлалыг шалгах зорилгоор нэгэн хайрцагт тэмдэглэлийн дэвтэр, харандаа, мөнгө, ном, бусад зүйлсийг хийж Орегон мужийн Портланд хотын ойролцоо модон дотор нуугаад интернет дэх GPS хэрэглэгчдийн бүлэгт солбилцлыг нийтэлсэн. Өөр нэг GPS эзэмшигч өөрийн багажийг ашиглан тэр хайрцагийг олсноос хойш өөр бусад хүмүүс өөрсдийн GPS-ээр хайж олоод, олсон тухайгаа баримтжуулан мэдээлж эхэлсэн юм.

Улмаар хүмүүс өөр өөрийн хайрцгийг нууж, солбилцлыг зарлан, мөн бусад хүмүүс хайж олох болсноор энэ сонирхол олон нийтэд идэвхтэй түгэн дэлгэрчээ. Хайрцагийг хайж олсон хүн “түүний байрлалыг өөрчлөх ёсгүй, анх олсон газарт нь буцааж нууцлан байрлуулах” үүрэгтэй. Хайрцаг дахь жижиг бүртгэлийн дэвтэрт нэр, аль улсын иргэн, хайж олсон огноог тэмдэглэх, өөрийн орхиж буй зүйлийн талаар товч мессеж үлдээх зэрэг энгийн журам тогтсон байна.

Эдүгээ дэлхий дээр 7 сая geocachers байдаг бол Монголд 50 орчим гишүүн бий.  Нэг удаа Чингэлтэй ууланд нэг өдөрт 7 цэгийг GPS ашиглан олж бусад geocachers аялагчдын нуусан зүйлийг олох аялалд оролцсон юм. Миний хувьд Geocaching анхны аялал байсан ба төрөл нь Multi geocache байлаа. Эхний цэгийн координат болон hint өгөгдсөн байдаг бөгөөд тэрийг олсноор дараагийн цэгийн координатыг олох даалгаврыг олж авна. Координат тогтооход тоо өгөгдсөн байхаас гадна түлхүүр үг байдаг. Бид 5 ба 7 дахь цэг дээрээ буруу тооцоолол гаргаж төөрсөн боловч дахин хамтдаа бодоцгоож координатаа тогтоож амжилттайгаар олж чадсан. 7 цэг тус бүрийн хайрцагт байгаа дэвтэрт “би ирсэн” гэдэг тэмдэглэгээгээ хийгээд буцаагаад байснаар нь нууж тавьсан.

Аяллын төгсгөлд УБ төмөр замын буудал дахь музейн үзмэр шиг вагон толгой-д нуусан гадны нэгэн geocacher аялагчийн хайрцагийг олсон юм. Тэр хайрцагийг Монголд ирсэн маш олон гадаадын аялагч нар олоод тэмдэглэгээ хийсэн байхыг доторхи жижиг бүртгэлийн дэвтрээс шууд ойлгож болно. Гэх мэтчилэн УБ хотод Энхтайвны гүүр, Чойжин ламын сүм музей гээд Монголын өнцөг булан бүрт улмаар Алтайн 5 богдын Хүйтэний оргилд хүртэл нуусан “кеч” бий. Эдгээрийн координатыг зөвхөн дэлхийн geocachers аялагчид л мэдэж түүнийг олж хайхаар ирцгээдэг.

Бид нар хад чулууны завсар, модны хонгил нүх, мөчир гээд олон газар мөлхөж тонгойж, авирч, ухаж хайсан бөгөөд биднийг ийнхүү зорилготой алхуулсан газар маань цас хунгарласан ой мод, нар ээсэн уулын энгэр, хад чулуун асга царам гээд нэлээд бэрхшээлтэй газрууд байсан ба нэг мэдсэн чинь 3 км тойрог газарт бөөн адал явдалт алхалт хийчихсэн байсан.

Энэ аяллын төрөл бол асар хурдацтай хөгжиж буй hiking, trekking чиглэл юм. Дэлхийн бүх хотуудад маш их нуугдсан "кеч" бий. Тэдгээр "кеч" хөшөө дурсгал, музей, хуучин байшин, гудамж, айлын хашаа, дэлгүүрт хаана ч байж болно. Энэ аялал 2, 3-хан жилийн дотор 7 сая гишүүнтэй болтлоо өсөж чадсан.

Тэмдэглэсэн Ч.Буянбадрах 

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0