ӨГИЙ НУУР

Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт оршдог 25 хавтгай дөрвөлжин километр талбайтай нуур. 7 километр урт, 5 километр өргөн. Хамгийн гүнзгий газартаа 15 метр орчим. Далайн төвшнөөс дээш 1337 метр бөгөөд Хойд мөсөн далайн ай савд багтдаг.

Өгий нуур баруун талаасаа Хөгшин Орхоны усаар тэжээгдэж, баруун хойшоо Хоолойн гол гарч Орхон голд цутгадаг. 11 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл мөсөн бүрхүүлтэй байдаг. Улаан нүдэн, цурхай, зэвэг, алгана, гутаар, бэс загас, мөнгөлөг хэлтэг, цурхай зэрэг Орхон голын савд байдаг 14 зүйл загас, 27 зүйл хөвөгч ургамал, 48 зүйл хөвөгч амьтан байгааг судлаачид тогтоожээ. Энэ онцлогийг даган 150 орчим төрлийн усны шувууд цуглардаг нуур юм. Хошуу галуу, халбаган хошуут зэрэг ховор шувууд байдаг учраас зүүн хойд Азийн галуу, нугасны овгийн шувуудыг хамгаалах олон улсын сүлжээнд бүртгэгджээ. Энэ нуур тахилгатай тул эмэгтэй хүн орохыг цээрлэнэ. Өгий нуурын ус намгархаг газрын экосистемийг хамгаалахын тулд 1971 онд хуралдсан олон улсын хуралдаанаар Рамсарын конвенцид бүртгэжээ.

Домгоор бол, Эрт үед нэгэн язгууртан тайж нутаг усандаа гайхагдсан Өгий гэдэг үзэсгэлэнт сайхан охинтой байж гэнэ. Тайжийнх адуу малаар баян, зарц хамжлага олонтой байв. Өгий охин нас бие гүйцэж нутгийнхаа өндөр сайхан нуруутай адуучин залуутай үерхэж дотносож гэнэ. Малын бэлчээрт уулзаж, хоёр биендээ эрхэлж байхыг нь тайжийн хамжлага зарц нараас нь мэдээд баян тайж болон эхнэрт нь хов хүргэжээ. Баян тайж охиноо ядуу гуйлгачин залууд өгөхгүй, сурвалжит баян хүнтэй гэрлүүлэхээр яарч гэнэ. Төд удалгүй нэгэн өдөр Өгий бүсгүй, адуучин залуу хоёрыг болзоот газраа уулзаж байхад нь тайжийн хамжлагууд ирж залууг нь барьж аван хороох мөчид сэтгэлт бүсгүйдээ ийн хэлжээ. “Би нутагтаа “Авзага хайрхан” уул болж, харин чамдаа нэгэн сайхан нуур өгье” гэв.

Өгий бүсгүй хайртай залуугаа санан шаналсаар унагасан нулимс нь нуур болон тогтож нэрээр нь үлджээ. Тэр цагаас хойш Өгий нуураас гарсан манан хөөрсөөр Авзага хайрханаа ирж шингэдэг болсон хэмээн өвгөд хуучилна.   

Ийнхүү Өгий нуур нь Авзага хайрхан залуугийн сэтгэлт бүсгүйн нулимснаас үүссэн учир “Өгий нуурыг эм савдаг сахиж байдаг, эмэгтэй хүн усанд нь умбавал гуниг зовлонтой учирна” хэмээн цээрлэж эргэн тойронд нь байх Баяртын овоо, Цагаан овоо, Алтангэрэлийн овоог тахиж аргаддаг болсон гэнэ.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0