• Архангай аймаг
    ТӨВХӨН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах

1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ОНОН БАЛЖ (БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР)

Хэнтий Дорнод аймгуудын зааг нутагт орших бөгөөд Хэнтийн нурууны зүүн, Эрээний нурууны баруун төгсгөл, хойноос урагш ойн бүсээс хээрт шилжих зааг, ойт хээр бүхий газарт онцгой сонирхолтой байгалийн үзэмжүүдийг харуулсан нутаг юм. Биологийн төрөл зүйлийн хувьд баян нутаг юм. Монгол орны Улаан номд орсон дагуур шинэс, Крыловын нарс нь зөвхөн тус газарт тархсан байна.

Онон балжийн цогцолбор газар нь нарс, шинэс, хус бүхий холимог ой тархсан цорын ганц газар бөгөөд энэ нь гол мөрний ус, чийгийн горимыг тогтвортой барих, зохицуулах, хуваарилах ач холбогдолтой юм. Онон гол түүний цутгал голуудаар дугуй амтан, голын хавч, дагуурын сувдан хясаа гэх мэт ховор өвөрмөц зүйл амьтад байдаг. Агнуурын ач холбогдолтой олон зүйл загас байдгаас Амар мөрний хилим загас нь дархан цаазтай. Мөн дорнод Азийн олон зүйл мэрэгч ба жижиг хөхтөн амьтан байдаг онцлогтой. Тухайлбал, дагуур номин, дагуур зараа, дагуур зурам, нохой илбэнх, бор харх, ширгийн оготно гэх мэт. Онон-Балжийн байгалийн цогцолбор газар нь түүх соёлын дурсгалаар баялаг бөгөөд ялангуяа эзэн богд Чингис хааны түүхтэй холбоотой газрууд нилээд бий. Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт байх багахан хэмжээний нарсан ойг хамгаалах, байгалийн болон түүхийн дурсгалт газруудыг хамгаалах зорилгоор 2000 онд 402100 га газрыг хамруулан улсын тусгай хамгаалалтанд авсан.