ДЭЛГЭРХАНГАЙ УУЛ

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт тус сумын нэрээр нэрлэгдсэн сүрлэг сайхан том уул бий. Далайн төвшнөөс дээш 1920 метр өндөр. Эрт цагт Дэлгэрхангай уул нь Инэл хан гэдэг нэртэй байжээ. Инэл гэдэг нь “энгүй их, маш их, их юмны таг” гэсэн утгатай.

Дэлгэрхангай уул төв Халхын есөн их хан уулын гол дунд оршдог бөгөөд их эртний төрийн тахилгатай уул ажээ. Дэлгэрхангай уулын яг орой дээр хэвлий маягийн томоос том талбай байдаг. Түүнийг “Алтан тэвш” гэдэг. Гэрсэнз Жалайр хунтайжийн гутгаар хөвгүүн Онох Үйзэн ноёны хүү Автай сайн хаан Далай ламаас Очирбат түшээт хан цол хүртэхдээ өөрийн хошууны гол сүлдэт тахилга бүхий уул Инэл ханд “уулсын хаан” буюу Дэлгэрхаан (түвдээр Даржаалба) цол зарлигаар олгож, түүнээс хойш төрийн их тахилгатай болгож Дэлгэрхангай гэж нэрийдэх болжээ. Дэлгэрхангай уулын энгэр талд “Тэвшийн” хэмээх жижиг салбар уул бий. Түүний Хөшөөтийн аманд нэгэн онцгой том булш бий. Тэрхүү булшийг эзэн богд Чингис хааны онгон байж болох талтай хэмээн үзэх судлаачид байдаг. Тэр амны хяраар их эртний зам байж болохоор зам гарсан байдаг. Түүнийг өдгөө “Хүрээ зам” гэдэг ажээ. Булшнаас зүүн тийш орших бэсрэг хярын орой дээр нэгэн цооног агуй байх агаад доогуураа нөгөөх булштай холбогддог гэх яриа бий. Дэлгэрхангай уулын лус савдаг нь 20-иод метр урт, ханцуйтай гарын чинээ бүдүүн том могой байдаг хэмээнэ. Дэлгэрхангай уулыг тахихдаа баатар хүний хөө хуяг, илд мэс, эрхэм хүний хувцас чимэг, суудал ширээ, хэрэгсэл зэргийг өргөдөг байсан тухай ёнзон хамба Дамцагдоржийн зохиосон “Их газрын эзэн Дэлгэрхангай уулын сан тахилга, тус амгалангийн хурыг буулгагч” хэмээх сударт өгүүлсэн байдаг. Дэлгэрхангай уулын арын хөндийд жилийн жилд олон мянган адуу отроор нутагладаг Онгон хэмээх газар бий. Уулын ард талд нь Ногоон толгой хэмээх эрт цагаас тэнгэрт халигсдыг нутаглуулж ирсэн газар бий бөгөөд дээд хүмүүний шарилыг онголоход оролцсон зарц барлагуудыг хороосон байж болох талтай хэмээн судлаачид үздэг. Тэвшийн булшнаас хойхно Хүрэн зараа хэмээх газарт хэд хэдэн том булш байх бөгөөд үүнийг бага хаадын булш хэмээн үзжээ. Учир нь Монгол ёсонд үр ач нарыг ихэс дээдсийн толгой талд оршуулдаг байна. Нэрт зөнч Нострадамусын дөрвөн мөртүүд дотор XXI зууны эхээр Монгол улсын төв цэгээс зүүн урд орших хөндлөн хөх уулын ар дээр тэнгэрийн хөх цэргүүд буун ирж Монгол улс хөгжинө гэсэн агуулгатай мөрүүд  байдаг байна. Үүнийг Д.Гүн-Үйлс хөрвүүлэн тайлжээ. Энэ бүхнээс үзэхэд Дэлгэрхангай уул Их эзэн богд хааны ариун онгон шүтээнийг агуулж байж болох талтай ажээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0