Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт байх, баруунаас зүүн тийш 17 километр, хойноос урагш 8 километр сунаж тогтсон, жижиг жижиг дэл маягийн хаднуудаас бүрдсэн уул. Өмнөговь аймгийн Манлай, Цогтцэций сумдын хилийн зааг дээр урд хэсгээрээ Хөнжлийн уул, хойд хэсгээрээ Цагаан суваргатай залган оршино. Дэл уул нь тэр чигээрээ хадны сүг зургийн урлан юм. Энэ ууланд 1986 оноос хойш судалгаанууд хийгдсэн бөгөөд 3000 гаруй сүг зургийн дүрслэл, эртний Түрэгийн руни бичгийн 4 дурсгал, Тан улсын үед хамаарах Монгол болон хятад бичээс, эртний хүмүүсийн оромж маягийн чулуун хашлага, 20 орчим дөрвөлжин булш илэрчээ.
Янгир, чоно зэрэг олон амьтад, морь тэмээ унасан 50 гаруй хүний дүрслэл, дундад зууны үеийн гэрийн дүрслэл 2 гэх мэт сонирхолтой зурагнууд бий. Дэл уулын сүг зургийн 3000 дурсгалыг нийт 6 галерей хэсэгт хуваадаг. Сэдэвчлэн үзвээс хүмүүсийн ахуй амьдрал, овог аймгийн зөрчилдөөн, дайн тулалдаан, ан гөрөө, гэрийн тэжээвэр амьтад, хөсөг тээвэр гэж ангилж болно. 6 дахь галерейд хамаарах Зүүн билүүгийн хадны зурагт янгир, морь, морь унасан хүн, тэмээний зураг арай илүү олон байдаг. Он цагийн хувьд харилцан адилгүй боловч нэг хэв шинжийн бус хэд хэдэн янзаар дүрсэлсэн байна. Эдгээр дотор давхилдаж буй олон морьтонгуудын дүрслэл нь монгол нутагт морь бол хүний гол унаа хөсөг байсныг улам бүр баталгаажуулж байгаа юм. Зүүн билүүгийн хадны зургууд нь хүрэл зэвсэг болон төмрийн түрүү үед хамаардаг. Энд улаан зосоор зурсан бүргэдтэй адил жигүүртний зураг нь Улаанбаатар хотын Их тэнгэрийн амны зураг дүрслэлтэй ойролцоо байгаа нь судлаачдын анхаарлыг татдаг. Мөн олон янгир дунд урт шулуун жад маягийн зэвсэг барьж хөлөө алцайлган хагас суусан байдалтай хүний зураг нилээд байдаг. Олон адуу туусан морьтой хүний зураг дүрслэл байдаг бөгөөд тухайн үед адууг гаршуулан сүргээр нь хариулдаг байсан болохыг илтгэж буй ажээ. Бугыг олон салаа эвэр бүхийгээр дүрсэлсэн байдаг. Дэл ууланд Элст хөтөл хэмээх газар хоёр дэлний хооронд эртний хүмүүсийн оромж бүхий хавтгай чулуун хашлага буй. Тэдгээр хашлага бүхий дөрвөлжин булшнуудын дотор хавтангийн дээд хэсэгт бүжиглэж буй олон хүнийг цуварсан байдалтайгаар дүрсэлсэн байдаг. Энэ булшийг нутгийнхан гучин хоёр хүн хөшөөтийн дөрвөлжин булш хэмээн нэрлэдэг. Мөн дэл уулын хаданд тамга сийлсэн байх нь их байдаг. Тэдгээрийн дотор хас тамга судлаачдын анхаарал татдаг бөгөөд монголын нүүдэлчид эртнээс нааш энэ тамгыг хэрэглэж ирснийг илэрхийлж байна. Дөрвөн руни бичээсэнд “бид эрхэм цол хүртсэн улс биш тул энэ газар ан агнахаар ирсэн” хэмээн бичсэн байдаг бөгөөд үүнийг судлаачид Түрэгийн томоохон язгууртнууд язгуурын түрэг цолоо халж Тан улсын хятад цол авсан тухайгаа эсэргүүцсэн байдлаар бичиж үлдээсэн бололтой хэмээн үзжээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах