Дарьгангын галт уулсын нэг бөгөөд далайн төвшнөөс дээш 1354 метр өндөр. Дарьганга сумын төвийн дэргэд орших энэ уул нь Сүхбаатар аймгийн урд хэсгийн 6 суманд амьдардаг Дарьгангачуудын шүтэн биширдэг уул бөгөөд Алтан-Овоо ч гэж нэрлэдэг. XYII зууны үеэс нутгийнхан өөрсдийн хүчээр тахиж ирснийг 1913 оноос Богд хааны зарлигаар албан ёсны тахилгатай болгожээ. Монгол орны өргөн олныг хамарсан их тахилга хийдэг уулын нэг юм. Хэсэг хугацаанд тахилга зогсоод байсан боловч 1990-ээд оны үеэс дахин сэргээж 2004 оны 4-р сарын 23-нд Ерөнхийлөгч Н.Багабандийн 57 тоот зарлигаар "Төрийн тахилгат уул" болгож 2004, 2008, 2012, 2018 онуудад албан ёсоор тахилга үйлджээ. 2004 онд оройд нь байх Алтан ганжирыг бүрэн алтадсан байна.
Дарь-Овоо нь зөвхөн эрчүүдийн гараар боссон овоо бөгөөд зөвхөн эрчүүд л гарч сүслэн мөргөж, архи дарс өргөж, арц хүжээ аравнайлдаг. Дарь-Овоон дээр эмэгтэй хүн гардаггүй бөгөөд харин эмэгтэйчүүд овооны баруун урд орших арай намхан дэвсэг дээр гардаг, бас бэлээр нь тойрдог зам бий. Дарь-Овоо баруун хойшоо сэтэрч урссан тогоотой бөгөөд овооны баруун талд Дуут нуур, харин зүүн талд Шилийн богд уул байдаг. Дарь-Овооны амин мод буюу сорогшин модыг Отгонтэнгэр уулнаас залсан гэдэг. Энэ модыг авахдаа газар дэлхийн лус савдагт тахил балин идээ цайныхаа дээжийг өргөж сан тавьж байж авдаг. Сорогшин хэмээх мод нь мөнхийн ногоон, үр жимстэй мод байх агаад Монгол оронд самрын модоор хийдэг ажээ. Дарь-Овоонд залсан тэрхүү сорогшинг газар хүргэлгүй залж аваачсан тэр өдрөөс хойш 300 жил өнгөрсөн байна.