Улаанбаатараас зүүн тийш 120 орчим километрт Хэнтийн дархан цаазат газарт
байх ба
Горхи Тэрэлжийн бүс нутгаар дайран, Тэрэлжийн голыг гатлан зүүн хойш
явж хүрдэг. Баруунбаянгийн зүүн талын намгархаг замыг өгсөхөд Хөх чулуут гэдэг
бөөгнөрсөн хад бий. Тэрхүү хадны хажуугаар өнгөрөөд битүү модонд хучигдсан
газар байдаг. Тэр хавийн газар байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар бөгөөд эргэн
тойрондоо нарс модон ойтой.
1699 онд Манж Чин улсын хааны гүнж Монголын язгуур угсаат гэр бүлийн нэг
Дондовдоржийн хатнаар өргөмжлөгдөн Халхын нутагт хүрч ирсэн билээ. Тэр гүнж
1740 оны үед нас барсан бөгөөд гэрээслэлдээ “Миний бие Монгол хүнтэй ханилан
сууж хамаг насыг барсан тул аль хэдийнээ Монгол хүн болсон билээ. Тийм учраас
намайг Монгол газар шороонд оршуулаарай ” хэмээн захижээ. Гүнжийн дагуул зарц
нар нь Сөнчин отгийн хүмүүс хэмээн нэрлэгддэг байсан бөгөөд үе улиран түүний
булш байгаа газрыг хамгаалсаар иржээ. Гүнжийн онгон 1930 он хүртэл хэний ч хөл
хүрээгүй дархан газар байжээ. 1948 оны өвөл, 1949 оны зун анх удаа малтлага
судалгаа явуулах үед аль хэдийнээ хулгайч тонуулчдын гарт өртөгдчихсөн байсан.
Онгоны үлдэгдэл үндсэн зургаан хэсгээс бүрддэг. Чулуун дурсгал, булшийг
хамгаалсан байгууламж, Богд хаалга, хэрмэн хана, онгон, булшны газар зэргээс
бүрдэнэ. Гүнжийн булш онгоны дотор талд байдаг. Булшийг хамгаалсан байгууламж
нь өөрөө хэрэмтэй бөгөөд энэ нь гаднах
том хэрмийн дотор байдаг. Хэрмэн хананы өндөр нь 2.5 метр, өргөн ба урт нь 70 метр бөгөөд нийт талбай нь
4900 хавтгай дөрвөлжин метр. Хананы
зузаан нь 4 тоосго зэрэгцүүлэн өрсөнтэй тэнцэнэ. Хэрмэн дотор өмнө талд өндөр
нь 10 метр, өргөн нь 6 метр, хэд хэдэн
баганаас бүтсэн Богд хаалга бий. Онгон нь энэ хаалганы ойролцоо баригдсан
бөгөөд хааш хаашаа тэг дөрвөлжин хэлбэртэй хойноос урагш нэвт гарах замтай
байдаг. Гүнжийн булш энэ онгоны ард талд байдаг. Судалгааны явцад өмнө талд нь
байгаа булшны доор гантиг чулуун барилга байгаа нь тодорхой болжээ. Барилгын
дотор талд чулуугаар хийсэн шал, 8 давхар тоосгоор нум шиг хэлбэртэй өрсөн хана
байдаг. Газраас доош 3-4 метр гүн ухсан газарт энэ байгууламж байдаг бөгөөд
дотроос нь зандан модоор хийсэн авс олдсон. Шилмүүст модны давирхайгаар будаж,
9 давхар торгоор ороосон энэ авсыг онгойлгох үед дотор нь гүнжийн цогцос гэхээр
юм юу ч үлдээгүй байжээ. Өнөөг хүртэл гүнжийн цогцосыг яасан нь мэдэгдэхгүй
байгаа юм. Нутгийн хөгшдийн яриагаар бол зандан модон авс нь алтаар
хучигдсан, дотор талд нь алт мөнгөөр
хийсэн хүний дүрснүүд, таван хошуу малын дүрснүүд, сийлбэртэй эрдэнийн
чулуунууд байсан гэнэ. Сонирхолтой нь гэвэл гүнжийн булш байсан газрын баруун
талаас дахиад нэг булш олдсон бөгөөд тэр дотор тарган эрэгтэй хүн завилж суусан
чигээрээ оршуулагдсан байсан. Энэ цогцос хөлдсөн байсан учраас саяхан нас
барсан хүн шиг байжээ. Авс нь 7 давхар торгоор ороогдсон байсан бөгөөд дотор нь
тоглоомон сүх, хөрөө, алх, цүүц, хүрз зэрэг багажууд хийсэн байсан. Энэ цогцос
хэнийх болох нь тогтоогдоогүй боловч хэний ч гар хүрээгүй тэр чигээрээ
хадгалагдан үлджээ. Гүнжийн онгоны
бас нэг үлдэгдэл бол өмнө зүг рүү хүзүүгээ сунгасан чулуун мэлхий байдаг. 1.95
метр урт боржин чулуун мэлхий бөгөөд нуруун дээр нь бичээс бүхий чулуун хавтан
тавиастай байдаг. Чулуун бичээсийн дээд талд хоёр луу байдаг. Голд нь манж үсэг
болон ханзаар “Их чин улсын албат...”,
“...баярыг тохиолдуулан энэхүү чулуун хөшөөг босгов...” гэж бичсэн
байдаг.
Чин улсын энэхүү гүнжтэй холбоотой
зүйлүүд нилээд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Монгол эхнэр хүний эрдэм
оюун, ёс журмыг чанд даган сахиж “Өглөө
эрт босож, шөнө орой унтаж, хоолны дэглэм барихаас гадна Чин улсын хатан хүн
байсан учраас Манж Чин улсын сургааль
захиасыг хамгаалан сахиж, гэрийн дэг жаягийг ёсчлон хүндэтгэж байсан” хэмээн
эрдэмтэн судлаачид тэмдэглэн үлдээжээ.
Нөгөө талаар нөхөр болох Түшээт хан Дондовдорж нь Автай сайн хааны үр ач
бөгөөд сайхан төрсөн эр хүн төдийгүй эрдэм номд төгс боловсорсон шүлэг яруу
найрганд дуртай хүн байсан хэмээн яригддаг. Манж чин улсын гүнж болон
Дондовдорж ханаас Хаживдорж, Ринчэндорж, Гэжайдорж нарын 7 хүү төржээ. Мөн
Дондовдоржид нэгэн гүнж байсан гэдэг бөгөөд хожим Хотгойдын Баярт гүний хатан
болсон хойно хоёрдугаар Богд төрж байжээ. Чин улсын гүнж Монголын ноёнд хатан
болон ирээд хэцүү бэрх амьдралыг туулсан боловч Монгол хүнийг хайрлан амьдарч
нөхөртөө үнэнч байсан учир түүхэнд нэрээ мөнхлөн үлдээжээ.
Тэмдэглэсэн Ч.Буянбадрах
Гүнжийн сүмийн аялал сонирхож байвал энд дарна уу.