• Архангай аймаг
    ТӨВХӨН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах

1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ГОВЬ ГУРВАН САЙХАН (БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР, ТӨРИЙН ТАХИЛГАТ УУЛ)

Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас баруун тийш 180 километр цувран үргэлжилсэн хэд хэдэн нуруунаас тогтох Баруунсайхан, Дундсайхан, Зүүнсайхан хэмээх 3 том нуруу. Гурвансайхны нурууны хамгийн өндөр нь Зүүнсайхан уул бөгөөд далайн төвшнөөс дээш 2846 метр юм. Энэ ууланд алдарт Ёлын-Ам бий. Хожим аялал жуулчлалын үйл ажиллагааг харгалзан баруун тийш  Хонгорын элс, Нэмэгт, Хэрмэн цав, Зулганайн гол зэрэг нутгийг хамруулан Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрыг байгуулж 1993 онд 2 694 307 га талбайг хамруулан баталгаажуулсан. Өмнөговь аймгийн Баяндалай, Сэврэй, Булган, Хүрмэн, Гурвантэс сумдын нутагт орших Говь гурван сайхан, Сэврэй Зөөлөнгийн нуруу, тэдгээрийн хоорондох хоолой, түүнд тогтсон Хонгорын элс, Зулганайн элсэн тарамцгийг хамарна. Элсний хамгийн өргөн нь баруун хойшоо 27 километр, хамгийн нарийн нь төв хэсэгтээ 800 метр байдаг. Байнгын устай гол байхгүй бөгөөд Ёл, Зулганай, Хонгор, Хавцгайт, Гэгээт гэсэн 5 булаг бий. Уулын хүрэн, говийн бор хөрс зонхилно. Сэврэй уул 2548 метр, Зөөлөнгийн нуруу 2350 метр  бөгөөд тэдгээрийн хооронд ёроолоор нь элс хужир, марз, нуур тойром бүхий хотос хоолойтой. Говь гурван сайхан ууланд хавар 4 дүгээр сарын сүүлчээр монгол сакура буюу бүйлс цэцэглэдэг.

Баруунсайхан ууланд 400 сая жилийн өмнөх мантийн чулуулаг ил гарсан сонин тогтоц бүхий газар байдаг. Аялал жуулчлалын улирал эхлэхээс өмнө хүн амьтны хөдөлгөөн бага үед аргаль, янгир сүрэглэн бэлчиж байдаг. Ойр орчинд нь Баянзаг, Төгрөгийн ширээ, Хэрмэнцав, Бүгийн цав, Гурилын цав зэрэг үлэг гүрвэлийн хамгийн баялаг олбортой нутгууд бий. Ёлын-Ам, Дүнгэнээгийн ам, Хонгорын гол, Зулганайн гол, Гэгээтийн хөндий, Бурхант уул, Хэрмэн цав, Улаан хонгил, Бүгийн цав зэрэг байгаль түүхийн чухал дурсгалт газрууд байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд эдгээр газруудад аялал жуулчлал амжилттай хөгжиж байна. Говь гурван сайхан уулыг 2012 оны 8-р сарын 24-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар "төрийн тахилгат уул" болгосон.

Ургамал амьтны аймаг: Говь Гурвансайхан Байгалийн цогцолборт газарт 48 овгийн 164 төрөлд хамаарах 350 гаруй зүйл гуурст ургамал бүртгэгдсэнээс завсарын унаган ургамал 48, үлдэц ургамал 11 байна. Төв Азийн унаган Потанины тулман ягаан цэцэг, цөлийн аргамжин цэцэг, хар өвснөөс гадна, жигд хайлс, тоорой, заган ой, сухайн төгөл, зэгсэн шугуйтай бөгөөд үет ургамал 35 зүйл, нийлмэл цэцэгтэн 25 зүйл, саргайтан 23 зүйл, тоонолжтон 21 зүйл, буурцагтан 20 зүйл, луультан 18 зүйл, сонгинотон 10 зүйл, уруул цэцэгтэн 8 зүйл зэрэг байдаг. Монголын Улаан номонд орсон аргаль, янгир, ирвэс, хар сүүлт, эрээн хүрнэ, хадны суусар, шилүүс, мануул, цооховдой, өөхөн сүүлт болон таван хуруут атигдаахай, зурам, цагаан зээр зэрэг амьтадтай.

Эх сурвалж: Монгол орны лавлах