БАГА ОЙГОР, ЦАГААН САЛААГИЙН ХАДНЫ СҮГ ЗУРАГ

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт Алтай таван богдын Бага Ойгор, Усайн Цагаан салаагийн голын савд байдаг. Өргөн нь 500 метр, урт нь 15 километр үргэлжлэх нутагт тархсан хадны сүг зураг бөгөөд шинэ чулуун зэвсгээс хүрэл зэвсгийн үе хамарсан нийт 8000 жилийн түүхийг агуулдаг.

Эрт балар цагийн хүмүүсийн хойч үедээ үлдээсэн зурган захиа бөгөөд нийт 10 мянга гаруй сүг зураг тоологджээ. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн уран зургийн галерей юм. Хамарсан талбай хэмжээгээрээ Монголд хамгийн том төдийгүй дэлхийд томоохон дурсгалд тооцогдоно. 1994 онд Монгол, Америк, Оросын эрдэмтэд хамтран судалж судалгааны үр дүнгээ нэгтгэн 1999 онд Парис хотод хэвлүүлснээр дэлхийн археологийн салбарт танигджээ.  Зэрлэг үхэр, адуу, буга, янгир, аргаль, чоно, гахай, баавгай, загас, шувуу зэрэг олон төрлийн ан амьтан дүрслэн зурснаас гадна морь унасан хүмүүс, ан гөрөө хийж буй анчид, байлдаж буй цэрэг дайчид, морин тэрэг жолоодсон хүн зэрэг дүрслэл байдаг. Тухайн үеийн ангийн амьтан, гаршуулж буй амьтад, өдөр тутмын ажил үйлээ ийнхүү 8000 жилийн туршид үе улируулан үргэлжлүүлэн зурж үлдээсэн нь үнэхээрийн гайхамшигтай юм. Ийм урт он цагийг туулж нар салхинд бүдгэрсэн ч үндсэн шинж чанараа алдалгүйгээр өнөөг хүрсэн нь ямар их үнэ цэнэтэй дурсгал болохыг гэрчилнэ. Энэхүү гайхамшигтай байгалийн галерей нь өнөө цаг үед дэлхийн олон орны жуулчид, дотоодын аялагч нар, олон улсын эрдэмтэн судлаачдын анхаарлыг татаж, үзэхээр зорих хүмүүсийн тоог жил ирэх тусам нэмэгдүүлж байна. 1994 онд хийгдсэн тэрхүү судалгааны үр дүнд дэлхийд танигдсанаар ЮНЕСКО дэлхийн өв соёлын сандаа бүртгэн авчээ. Тус дурсгалыг үзэхээр явахдаа Өлгий хот - Согоогийн гол - Хөх хөтөл - Хар ямаат – Бага Ойгор – Усай – Цагаан салаа – Өлгий хот гэсэн маршрутаар явах нь илүү тохиромжтой хэмээн Баян-Өлгийчүүд зөвлөдөг. Энэ чиглэл нь талдаа 175 километр зарцуулах бөгөөд Монголын улсын хилийн хориотой бүсэд нэвтрэх учраас хариуцсан байгууллагаас нь тусгай зөвшөөрөл авахыг ч сануулж байна.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0