Төв аймгийн Заамар сумын нутагт Туул голын урд эрэг дээр Шороон дов гэх нэгэн
бунхан орших бөгөөд Монгол-ОХУ-ын хамтарсан судалгааны баг 2009 онд малтан
судалсан. Судлаачид Булганы Баяннуурын Шороон бумбагарын дурсгал болон энэ Шороон
дов бунханыг хоорондоо холбоотой буюу “аав, хүү хоёрын бунхан байх” гэж үзсэн. Шороон
довын бунханаас нийт 200 орчим олдворыг илрүүлсний дотор нэгэн бичээст хөшөө
маш чухал өгүүлэмжийг илэрхийлсэн. Тус бунханд оршуулагдсан хүний үйлдсэн
гавъяа, гарал угсаа, нэр зэргийг 12 хятад үсгээр сийлсэн байв. Бас нэг бичээст
хөшөөнд 774 хятад үсэг бүхий агуулга байсан бөгөөд Пүгү аймгийн тэргүүн Итү
гэгч хүн 635-678 оны хооронд амьдарч байсныг дурдаж Итү баруун тийш Төвд, зүүн
тийш Солонгосыг дайлах дайнд идэвхтэй оролцож байсан талаар бичжээ. Харин судлаачид
Баяннуурын Шороон бумбагарын дурсгалыг тэрхүү
Пүгү аймгийн тэргүүн Итү-гийн эцэг Сифү-д зориулсан бунхан хэмээн үзэж тус он цагийг Сеяньто-гийн үед
хамаарна гэж тэмдэглэсэн.
Сууриараа
дугираг дээш конус хэлбэртэй, суурийн голч нь 30м орчим бөгөөд тус довыг
үйлдэхдээ 15-20см зузаантайгаар шаврыг үелүүлэн дэлдсэн байна. Довыг тойроод
шороон далантай, баруун зүүн тал нь 110м, урд хойд тал нь 90м хэмжээтэй боловч
он цагийн уртад элэгдэн эвдэрч зарим хэсэгтээ мэдэгдэхгүй болсон байдаг.
Далангийн
баруун өмнө зүгт бунхан руу орох үүдэнд 20м урт, 3м өргөн 0.2-0.5м орчим өндөр
гүвгэр шороон дараастай. Бунханы үүдэвч задгай байдлаар 10.8м үргэлжлээд газар
доогуур хөндийлөн ухсан хонгилтой, хонгилд бунхан хүртэл гурван гэгээвч гаргаж
өгсөн байдаг. Үүдэвчний нийт урт 23м, бунхан нь гол өрөө, үүдэвчний хоёр хананд
гаргасан тус бүр нэг, хоёр тахилын хөмөгтэй.