ХҮРЭЭТ ДОВЫН ДУРСГАЛ

Евроазийн нутагт Хүннү нарын үлдээсэн 20 гаруй хот суурины үлдэгдэл илэрч мэдэгдээд байгаагийн 16 нь Монголын нутагт байна. Сүүлийн үед Хэрлэн голын баруун эргийг даган хоорондоо 20-30 км зайтай байрлах Тэрэлжийн дөрвөлжин, Бүрхийн дөрвөлжин, Хүрээт дов, Өндөр дов, Гуа дов хэмээх 5 хотын үлдэгдэлд эрдэмтэд анхаарал хандуулжээ.

Тэрэлжийн дөрвөлжин нь уул руу шахсан битүү ам буюу нэлээд бөглүү газар байрлах тул “өвлийн орд” байх магадлалтай аж. 1970-аад оноос хойш Багануур орчимд орос цэргийн хээрийн сургуулилтын талбай байгуулж хаалттай бүс болгосон учраас эдгээр тууриудад дорвитой судалгаа хийгдэхгүй байсаар өдий хүрчээ. Цэргийн сургуулилтанд зориулж олон газарт суваг шуудуу ухаж, зарим газарт шороо овоолж өндөрлөг байгуулснаар Бүрхийн дөрвөлжин, Өндөр довын дурсгал нь нэлээд эвдэрч гэмтжээ. Бүрхийн дөрвөлжингийн хэрэмний тал нь голд урсаж сүйдсэн бол Өндөр довын дурсгалын тэг дундуур нь Багануурын нүүрсний уурхайн төмөр замыг тавьчихжээ. 

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаачид Солонгосын археологичидтой хамтран Багануур дүүргийн нутаг дэвсгэр дэх “Хүрээт дов” хэмээх хүннүгийн дурсгалд малтлага хийсэн. 420х420м хэмжээтэй шороон хэрмээр хүрээлэгдсэн, ордон барилгатай, хэрмийн гадуур 3км хүртэлх талбайд олон тооны барилга байгууламж тархсан харьцангуй том болох нь мэдэгджээ. Хүрээт дов нь бусад 4 дурсгалаас бараг хоёр дахин том хэмжээтэй, цуварсан 5 хот суурингийн голд байрлалтай, хэрмийн гадуур олон тооны барилга байгууламжтай зэрэг нь ордны туурь бус “хотын үлдэгдэл” байх магадлалтай гэнэ. Хүрээт довын ойролцоо орших Хустын булагаас төмөр хайлуулж байсан, шавар эдлэл шатааж байсан олон тооны зуух бүхий үйлдвэрлэл явагдаж байсан ул мөр илэрч судлагдсан нь олон улсын эрдэмтэдийн анхаарлыг татаж байна.

Хүрээт довын малтлага 2019 онд эхэлсэн бөгөөд цаашид 10 гаруй жил судалж байж, хотын ерөнхий бүтэц, зохион байгуулалтыг бүрэн тодорхойлох юм байна. 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0